А.БУМАНСОР: Орхон аймаг эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн хөгжлийн хөтөлбөртэй анхны аймаг болно гэдэгт итгэлтэй байна

     Эрчүүд давамгайлсан улс төрийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан тэр цаг өчигдөр мэт. Харин хийж бүтээснээ нэхэн харахад Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээс эхлээд Орхон аймгийнхаа Нийгмийн бодлогын хэлтсийг тэргүүлэн ажиллах  хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр ажиллажээ.

Аливааг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт хийх, ажлын эв дүйг олж гарц гаргалгаа хайх гээд сэтгүүлч мэргэжлийнхээ хөрвөх чадварыг хөрсөн дээр буулгаж, хүний төлөөх үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн бүсгүйг зочны хоймортоо ийнхүү урилаа. Эмэгтэйчүүдийн баяр угтан элгэмсүү яриа өрнүүлсэн энэ бүсгүйн нэр Алагаагийн Бумансор билээ. 

       - Та нийгмийн салбарын өчигдрөөс өнөөдрийг хүртэлх 10-аад жилийн амьдрал дунд хамт явж ирлээ. Салбарынхаа хөгжлийг хөтөлж яваагийн хувьд А.Бумансор гэдэг бүсгүй өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бол гэдэг асуултаар яриагаа эхлэе?

- Миний суурь зан чанарын хувьд бусдын төлөө өрөвч зөөлөн байдагаас аливаа зүйлийн тэргүүн эгнээнд явах ёстой гэсэн баригдмал үзэлтэй бол биш. Тиймээс дотоод мөн чанар минь өөрчлөгдөөгүй гэж хэлнэ. Харин ажлаа хүлээн авсны дараа “Миний хийх ёстой ажил яг мөн байна” гэсэн бодол төрсөн. Өөрчлөгдсөн зүйл мэдээж бий. Маш их боломжийг олж харахын хэрээр тэрхүү боломжийг хүртэх ёстой хүнд нь цаг алдалгүй хүргэх, төрийн дүрэм журмыг чанд мөрдөх, хугацаа заасан ажилд хурдтай ажиллах зэрэг олон чадварт суралцаж явна.

     - Эрдэнэтийн эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх, оролцоо бусад аймагтай харьцуулахад арай өөр түвшинд байдаг юмуу даа гэсэн бодол төрдөг. Энэ тал дээр таны бодол?

- Эрдэнэтийн эмэгтэйчүүд гэж тодотгохоос илүүтэй Эрдэнэтийн иргэд нийтээрээ бусдаас ялгардаг гэж би хувьдаа боддог. 1970-аад оны сүүлээр эх орны өнцөг булан бүрээс мэдлэг, чадварын хувьд шигшмэл залуус Эрдэнэтийг зорин ирсэн. Өнөөдөр үр хүүхдүүд нь хотоо хөгжүүлж явна. Эрдэнэтийнхэн өрсөлдөх чадвар сайтай, IQ, хэл, сэтгэлгээний түвшин маш өндөр. Яагаад ч юм, манай хотынхон онцгой бүтцээр бий болсон гентэй хүмүүс гэж боддог.

    - Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолой ил тод болж, нийгэмд эзлэх байр суурь дээшилсэн нь өөрчлөлтийн илрэл гэж хэлж болох байх. Баярыг тэмдэглэж байгаа хэв маяийг өөрчлөх талаар боддог уу? 

- Би 28 насандаа удирдах ажилтай холбогдож байлаа. Тухайн үед Төрийн бус байгууллагын шугамаар эмэгтэйчүүдийн ертөнцөд хөл тавьж байсан бол 2016 оноос хойш төрийн бодлогын чиг үүргийн хувьд ажиллах боломж олдсон юм. Нийгмийн салбар дээр ТББ-аас эхлээд төрийн байгууллагын зохих түвшинд орж ажиллахдаа олон ч зүйлд суралцаж байна. Аливаа зүйл хөгжлийн шатаараа явдаг нь зүй ёсных гэж үздэг тул баяр тэмдэглэх тал дээр шүүмжлэх зүйл алга. 365 хоногийн нэг өдөрт ч болов эмэгтэйчүүдээ магтан дуулж, тэднийг баярлуулж байгаад харин ч баярладаг. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийн өдөр.

Нийгэмд нөлөөлөх талаасаа гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүл төлөвлөлтөд эхнэр, ээж хүн хамгийн гол үүрэгтэй. Тиймээс ч энэ том бодлогын салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо 80-аас дээш хувьтай байдаг гэж үзэж болно. Нийгэмд дуу хоолойгоо хүргэж, бодлого боловсруулахад оролцож, нөлөөлөхүйц байгаагаа мэдэрнэ гэдэг маш чухал.

    - Охидыг багаас нь эхнэр, ээж байх ухаанд сургахыг их ярьдаг болжээ. Агуулгаар нь хэрхэн хандах ёстой бол, та бүхэн үүнд чиглэсэн ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

- Эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр төр ямар бодлоготой байна вэ гэдэг нь нэгэн үе уриа лоозон шинжтэй байсан бол өнөөдөр хууль эрхзүйн хувьд маш их боломжийг олгосон. “Жендерийн тэгш байдлыг хангах тухай” болон “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” хуулиуд хэрэгжиж байгаа нь хүйсийн тэгш байдлыг хангахад маш том түлхэц болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хууль эрхзүйн таатай орчинд амьдарч байгаа эмэгтэйчүүдтэй улс гэж хэлж болно.

Миний хувьд бодлого боловсруулах түвшинд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж байна. Нийгмийн салбар дахь залуучууд, хүүхэд, гэр бүл, ажилгүйдэл,эрүүл мэнд, боловсролын асуудал нь бүгд л анхаарлын төвд байх гол асуудлууд гэж  би үздэг.Тэр дундаа анхаарлын төвд байдаг нэг гол сэдэв нь өсвөр насны охидын асуудал гэдгийг хэлэх нь зөв байх.

Бид төрийн зарим чиг үүргийг төрийн бус болон бусад байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн. Манай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн хүмүүжил, хөгжил, оролцоо тал дээр байнгын орон тоотой нийгмийн ажилтан болон хөгжил төлөвшлийн ажилтан ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан баг ажиллаж байна. Мэргэшүүлэх үйл ажиллагааны тал дээр багийн үнэлгээ улсын хэмжээнд дээгүүр яваа.

Мөн хүүхдүүд рүү чиглэсэн маш олон хүмүүжил, нөлөөллийн ажил явагдаж байгааг хэлэх нь зөв байх. Хүүхдийн сэтгэлзүйд хүрэх “Сэтгэлийн анир” төсөл, өсвөр насны охидод боловсрол олгох “Хүрэхүй” төсөл, мэргэжлийн эмч нарын ТББ-тай хамтран охидод бэлгийн боловсрол олгох зэрэг нэг түвшинд авч яваа ажлуудыг нэрлэж болохоор байна.

    - Эмэгтэйчүүдийн баярыг угтан ярилцаж байгаа тул энэ баярын сэтгэгдлийг хуваалцахыг хүсэж байна. Мартагдашгүй Март 8-ны баярын тухайд?

- Би гурван  хүүтэй ээж баярын өдөр аав нь хөвгүүдээ дагуулаад л гараад явдаг. Орж ирэхдээ бүгд гартаа нэг, нэг бэлэгтэй ирдэг. Тэр нь юу ч байж болно. Өөрийнхөө насанд л тохирсон нэг тийм эгдүүтэй, нандин бэлэг гэх үү дээ. Жил бүр хөвгүүдийн бэлэг өөрчлөгддөг ч “Ээждээ” гэж бодож авсан тэр гоё нандин сэтгэлд нь  хайр хүрч, өөрийн эрхгүй баярладаг. “Ээждээ бэлдсэн жил бүрийн бэлэгнүүд  сэтгэлийг минь үргэлж  догдолуулдаг . Аав нь спортын хүн болохоор их мэдрэмжтэй, хөвгүүд маань бас аавыгаа дууриагаад  мэдрэмж өндөртэй.

    - Улс төрд хүч сорьж яваа дунд үеийнхний төлөөлөл болохын хувьд таныг мэдэх хүн олон. Гэхдээ эзэмшсэн ажил мэргэжил, ажлын туршлагын талаар асуухгүй өнгөрч болохгүй юм шиг санагдлаа?

- Ажлын гараа маань сэтгүүлчийн ажлаар эхэлсэн байдаг. Би орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт бүх түвшинд ажиллахыг зорьсон.Улмаар намын хэвлэл мэдээллийн албанд орж ажиллах болсон. Дараа нь эмэгтэйчүүдийн байгууллагыг 9 жил тэргүүлж, аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан гэж тооцвол 10 аас дээш жил олон нийтийн байгууллагатай нөхөрлөжээ. Ингээд бодохоор, Мартын 8 буюу Эмэгтэйчүүдийн баярын өдөр гэдэг миний хувьд бусдын төлөө гүйж явдаг баярын өдөр юм даа. “Энэ жил яаж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах вэ”, Тэдний дуу хоолойг нийгэмд хэрхэн хүргэх вэ” зэргээр маш их санаа бодлоо чилээж, шинэ ажлуудыг хийе гэж зорьж тэмүүлсэн онцгой өдрүүд байсан гэх үү дээ. Сүүлийн 10 гаруй жил өөрөө баярлахаас илүүтэй “Энэ өдөр би бусдын төлөө нэг ч болов зүйл хийх ёстой” гэдэг ухагдахууныг суулгасан байна. Урам зориг, тэмүүлэл өгдөг болохоор энэ баярт дуртай.

Би оюутан ахуйдаа ханьтайгаа учирч, 2002 онд хүүгээ тэвэрсээр Эрдэнэт хотноо шилжин ирж байлаа. Миний 19 жилийн ажил, амьдралын өрнүүн түүх энэ хоттой салшгүй холбоотой өнгөрчээ. Ам бүл 5-уулаа болсон байна.

    - Эмэгтэй хүн төрд бодлогын хэмжээнд ажиллахад эерэг зүйл нь юу ажиглагддаг вэ?

- Гэргий хүн гэрээ гийгүүлдгийн адил төрд ч тийм байх нь оновчтой гэж үздэг. Хэдийгээр эмэгтэйчүүд өндөр албан тушаалд гарч ажиллах нь ховор ч гэлээ түүчээлж яваагийн хувьд үүрэг, хариуцлагаа биелүүлсээр яваа. Олон эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахад нэг зүйлийг анзаарлаа. Энэ нь дэд бүтэц, барилга байгууламж, бүтээн байгуулалттай ажилд эрчүүд түлхүү анхаардаг шиг эмэгтэйчүүдийн асуудлыг тэр хэмжээнд хүртэл анхаарал хандуулахсан гэж боддог.

Харьцангуй залуу мэдрэмжтэй удирдлагуудтай баг болж ажиллаж байгаа тэр ч утгаараа энэ тал дээр анхаарч малгай зорилтоо хүний хөгжил гэж тодорхойлсон нь маш чухал бодлого шийдвэр зорилт  болсон гэж би боддог.

    - Нийгмийн сэтгэлзүйг зөв тийш залахад биднээс юу шаардагдах вэ? Нийгмийн сүлжээгээр хэн нэгэнд сэтгэлзүйн хүнд дарамт очих тохиолдолд гэр бүл нь хүртэл дагаж хямардаг шүү дээ?

- Хөдөлгөж, хүрч чадвал Монголчууд нэгдмэл, өрөвч зөөлөн, хүмүүнлэг ард түмэн. Гол нь нийгмийн хөгжлийг дагаад сошиал орчинд савлаад байна уу даа гэж хардаг. Мэдээллийн эрин гарт орсон өнөө үед зөв чиглүүлж чадвал монгол хүний амин чанар байх ёстой газарт бий л гэж боддог.

    - Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн оны тухайд гэр бүл салалтын тоо өндөр гарлаа. Бидний эмзэглэх зүйлийн нэг гэж харж байна?

- Хүнд үзүүлэлт л дээ. Үр хүүхэд, амьдрал болоод нийгмийн ахуй, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн гээд олон зүйлд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнийг барих гэж л бид ажиллаж байна. Гэвч өдөр бүр сайн ажиллаад өөрчлөгдөх зүйл биш гэдгийг харлаа. Соён гэгээрлийн ажил, ажлын байр нэмэгдүүлэх, архидалтыг багасгах тал дээр чамгүй олон ажил төрөөс хийгдэж байна. Тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч, энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

    - Эмэгтэйчүүдийн баяр угтсан урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Нийт бүсгүйчүүддээ хандан баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

- Эрдэнэт хот маань оюунлаг, бүтээлч бүсгүйчүүдээрээ гоёдог. Ийм л хүчирхэг, оюунлаг эмэгтэйчүүдтэй ажиллах зол завшаан үеийн үед тохиож ирсэн хувь заяандаа талархаж байна. Жил бүр онцлогтой байдаг. Энэ жилийн тухайд Орхон аймгийн Иргэдийн хурлын 5 эмэгтэй төлөөлөгч “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөртэй аймаг болох” санаачилга гаргасан нь миний бодож явсан хүлээлттэй нийцсэн зүйл боллоо. Орхон аймаг эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн хөгжлийн хөтөлбөртэй анхны аймаг болно гэдэгт итгэлтэй байна. Одоогоор бүх байгууллагад санал хүргүүлж, хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээ байгуулсан. Эмэгтэй хүн бүр энэ сэдэвт анхаарал хандуулж, өөрсдийн дуу хоолойг хүргээсэй.

 Энэ дашрамд Эрдэнэт хотынхоо чимэг болсон эрхэмсэг эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэн мэндчилье. Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэх болтугай.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /7/

Saixan ярилцлага ogson.Emegteichvvdin toloolol bolson tand emegteichvvdiin bayriin mend xvrgie

O.Sarangerel

2023-01-04 13:30 | 43.231.113.120

А.Бумансор дайчин мундаг эмэгтэй шүү. Амжилт хүсье.

Иргэн Доогий

2023-01-04 13:30 | 43.231.113.120

neeh il bdaggui alband zutgedeg emegtei shuu haaya ingej bmar yuma

bi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

“Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөртэй аймаг болох” санаачилга гаргасан нь Төлөөлөгч эмэгтэйдээ юуны өмнө баяр хүргэе. /Хурлыг ажиглаж байсны хувьд/ Үүнд түрлэн нэмсэн эмэгтэй төлөөлөгч нартаа баярлалаа. Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс эмэгтэйчүүдээ гэсэн сэтгэлтэй эмэгтэйгээр удирдуулж эхэлэн цагаас эмэгтэйчүүд ахмадуудын үйлчилгээн ахиц гарсан. Иймд эмэгтэйчүүдийг нэгтгэж олон сайхан чадварлаг боловсролтой эмэгтэйчүүдийг нам харгалзахгүй нэгтгэж чадвал эмэгтэйчүүдэд чадахгүй зүйл гэж байхгүй. Эмэгтэйчүүдэд зөв хандлага суулгаж боловсруулах олон талт ажлыг үе шаттай хийж уулзалт ярилцлагуудыг олон хэлбэрээр өрнүүлж ажиллавал хаграл бутрал бие биенээ муулах муучлах нь бага болох юм болов уу. Шудрага зоригтой зорилготой ажиллаж чадвал болохгүй зүйл гэж байхгүй билээ. А.Бумансордоо амжилт хүсье.

Amgaa Ch

2023-01-04 13:30 | 43.231.113.120

“Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөртэй аймаг болох” санаачилга гаргасан Төлөөлөгч эмэгтэйдээ юуны өмнө баяр хүргэе. /Хурлыг ажиглаж байсны хувьд/ Үүнд түрлэг нэмсэн эмэгтэй төлөөлөгч нартаа баярлалаа. Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс эмэгтэйчүүдээ гэсэн сэтгэлтэй эмэгтэйгээр удирдуулж эхэлсэн цагаас эмэгтэйчүүд ахмадуудын үйлчилгээнд ахиц гарсан. Иймд эмэгтэйчүүдийг нэгтгэж олон сайхан чадварлаг боловсролтой эмэгтэйчүүдийг нам харгалзахгүй нэгтгэж чадвал эмэгтэйчүүдэд чадахгүй зүйл гэж байхгүй. Эмэгтэйчүүдэд зөв хандлага суулгаж тэднийг идэвхжүүлэх, боловсруулах олон талт ажлыг үе шаттай хийж уулзалт ярилцлагуудыг олон хэлбэрээр өрнүүлж ажиллавал хаграл бутрал бие биенээ муулах муучлах нь бага болох юм болов уу. Шудрага зоригтой зорилготой ажиллаж чадвал болохгүй зүйл гэж байхгүй билээ. А.Бумансордоо амжилт хүсье.

Amgaa Ch

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Aimagtaa mash olon zuiliig hiij bga mundag emegtei udirdagch.Tanid ajliin amjilt husen erooe

Badamhand Ravdan

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Сайхан ярилцлага байна, манай хот өдүгээ 40 гаруй жилийг туулж сайхан хот болон төлөвшлөө, энэ насжилтаараа ч их зүйлийг үзэж, олон ч эмэгтэйчүүдийн институц үүсч байгуулагдсан.,гэсэн ч эдгээр байгууллагууд хэзээ ч нэгдэж нягтарч биe биeнийхээ үйл ажиллагаа хийсэн томоохон ажлыг түүчээлж авч явсангүй ээ. Эргээд эрдэнэтийнхээ бүх салбар хоорондын эмэгтэйчүүдийн жижиг том байгууллагын хийсэн ажлын түүхийг эргэж харж, ном бүтээл гаргаж, тэндээс дүр төрхий нь харж, ямар өнгө төрхтэй явж ирсэнг мэдэрмээр....манай эрдэнэт үйлдвэрийн зөвлөл гэхэд л хорооны дарга нар нь үe шатандаа нилээд олон солигдсон, гэсэн ч маш мундаг ажиллаж Улсын хэмжээнд хийсэн дорвитой, анхдагч хийсэн ажлы нь өөрийн болгох гэж тэмүүлсэн хэсэг хүмүүс ч бий. Тиймээс энэ хотын эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой бүхнийг нэгтгэж түүхчлэх нь цаашдын ажлыг тодорхойлох болов уу. Залуу хүмүүс хичнээн байгаад сайн ч гэлээ сэтгэлтэй, туршлагатай хүмүүсээр аливаа зүйл их дутдаг юм ..., аль аль нь холимог байж ажлынхэсгээ байгуулах нь зөв байх даа...., эмэгтэйчүүд голлосон нийгэм давамгайлж, өрх бүрийн амьдрал хүнд, ачааны рүндийг эмэгтэйчүүд үүрч, ажилгүйдэл газар авсан өнөө цагт судалгаа шинжилгээ, төлөвлөлт, зохион байгуулалт, уялдаа холбоо, гүйцэтгэл , оновчтой ажлууд, соён гэгээрүүлэх ажлын далайц, ганцаарчлан ажиллах, хэсэг бүлэг гээд маш нүсэр хүнд ажил даа. Сайхан ярилцлага болжээ...Бумансордоо ажлын амжилт , эрүүл энх сайн сайхныг хүсьe.......

Д.Ганчулуун

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.