Ц.Батхуяг: Шүүхийн шийдвэрээр АИТХ-ын тэргүүлэгчдийн хурал хуралдах чадамжгүй болсон

Орхон аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай  Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авахаар Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуягтай ярилцаж, байр суурийг нь тодрууллаа.  

-АИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгосон асуудлаар шүүхэд хандсан. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн үү?

-Орхон аймгийн ИТХ-ын хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, АИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон бөгөөд нийт 11 Тэргүүлэгчийг МАН-ын төлөөлөгчдөөс дангаар нь бүрдүүлж тогтоол гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Орон нутгийн сонгуулиар нийт сонгогчдын 40 хувийн саналыг авсан Ардчилсан намаас дөрвөн төлөөлөгчийг  тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах нь шударга, эрх тэгш байх, ардчилсан ёсны зарчимд нийцнэ хэмээн Ардчилсан намын бүлгээс шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Д.Мөнхбат болон МАН-ын бүлэгт  саналаа хэлсэн. Гэтэл сөрөг хүчнээ хүндэтгэн, хамтран ажиллана гэж байсан ИТХ-ын удирдлага МАН-ынхаа удирдлагын заавраар АН-ын бүлгийн саналыг хүлээж авалгүйгээр зөвхөн нэг намын төлөөлөгчдөөр тэргүүлэгчдийг бүрдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь хуулиар тогтоосон зарчим, хэм хэмжээ, шударга ёсыг алдагдуулсан, улс төрийн соёлгүй, сонгогчдыг үл хүндэтгэсэн, нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар олж авах гэсэн үйлдэл болсон тул АН-ын бүлэг ИТХ-ын хуралдааныг орхин гарсан.

ИТХ-ын төлөөлөгчид нь тэргүүлэгчээр сонгогдох эрхтэй, хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд сонгогчдын 40 хувийн санал авсан Ардчилсан намын 12 төлөөлөгөөс 4-өөс доошгүй хүнийг тэргүүлэгчдэд сонгох ёстой байтал хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлоор, илтэд нэг талыг баримтлан, хурлын 11 тэргүүлэгчдийг эрх тэгш биш, дан нэг намын хүмүүсээс сонгож батламжилсан нь хуульд нийцэхгүй тул “ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Мөн маргаан бүхий захиргааны акт болох “Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн сонгосон 07 тоот тогтоолыг энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн Захиргааны акттай холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймаг орон нутгийн нийгэм, эдийн засагтай холбоотой шийдвэр гаргах нь хууль бус шийдвэр болох нөхцөл бүрдэх гээд байна гэдэг үндэслэлээр уг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар “Захирааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч миний бие  2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр “ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шүүхэд хандсан маргаан эцэслэн шийдэгдтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдах боломжгүй болж байгаа. Энэ 3-р сарын 26-ны өдөр “ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” анхны шатны шүүх хуралдаан болохоор товлогдсон байгаа. Нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар олж авах гэсэн хэдхэн хүний хууль бус үйлдлээс эхэлсэн энэ асуудал ямар хугацаагаар сунжирхыг хэлж мэдэхгүй байна.

-МАН-ын бүлгийн зүгээс Хурлын хуралдаан эхлэхэд ирцээ бүртгүүлсэн, өөрсдөө сандал суудлаа булаацалдаад хурал хаяж явцгаасан тул Тэргүүлэгчдийг бүрэлдэхүүнийг дангаараа бүрдүүлсэн гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан?

-ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох хүртэл манай намын бүлгийн хувьд хуралдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Тэргүүлэгчдийн асуудал хэлэлцэх үед дээр дурдсан шалтгаануудаар бид хууль ёсны дагуу хүсэлт, шаардлага тавьсан боловч  бидний саналыг хүлээж авахгүй хууль зөрчсөн үйлдэл гарах нөхцөл бүрдсэн учраас хурлыг орхиж гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн. МАН-ынхан давуу байдлаа ашиглан иргэдэд худал мэдээлэл тараан, биднийг буруутгавч шүүх, хуулийн өмнө өөрсдийгөө зөвтгөж чадахгүй биз ээ.

-Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдах эрхгүй, шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж ойлгож болох нь ээ?

-“ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шүүхэд хандсан маргаан эцэслэн шийдэгдтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдах боломжгүй шүүхийн шийдвэр гарсан байгаа. 2021 оны 2 дугаар сарын 5-нд шүүхийн шийдвэр ийн гарчихаад байхад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг хоёр удаа зохион байгуулж  шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс бид 3 дугаар сарын 3-нд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 05 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдсэн. Энэ шийдвэрт ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж гомдол гаргасан боловч  3 дугаар сарын 12-ны Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Захиргааны хэргийн давж заалтан шатны шүүхийн шүүгчийн гаргасан 101 тоот тогтоол нь эцсийнх байх бөгөөд нэхэмжлэгч буюу Ц.Батхуягийн хүсэлтийн дагуу Гүйцэтгэх хуудас олгосон нь хууль зөрчөөгүй” гэсэн шийдвэрийг гарчихсан. Мөн Захирамжинд ИТХ-аас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан юм.

Шүүхэд 07 тоот тогтоолын маргаан үргэлжилж байгаа. Захиргааны актын биелэлтийг  түдгэлзүүлчихсэн тул АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах эрхзүйн чадамжгүй, Тэргүүлэгчид хуралдах ёсгүй, аливаа шийдвэр гаргах эрхгүй.

-Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэх хүртэлээ хугацаа их алдана, дунджаар жил гаруй хугацаа өнгөрнө. Хэрэв энэ хугацаанд Тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргахгүй бол аймаг орон нутгийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрэх эрсдэлтэйг мэдсээр байж ийм сенсааци дэгдээх нь зүй бус юм” гэсэн утгатай мэдээллийг нэгэн сайтад өгсөн байсан?

-Бид эрхзүйт төртэй улсад амьдарч байгаа. Тиймээс хэн нэгэн дарга өөрийнхөө үзэмжээр шүүхийн гаргасан шийдвэрт тайлбарт өгөх, шүүх эрх байхгүй. Шүүхийн гаргасан шийдвэрийг Монгол улсын иргэн хэн ч байлаа гэсэн биелүүлэх үүрэгтэй. Хуультай, эрхзүйт төртэй, ардчилсан улсад ажиллаж, амьдарч байж хуулийг ойлгохгүй буруу тайлбарлаж, ард иргэдийн, сонгогчдын тархи толгойг эргүүлээд байна. Бид хууль бус зүйл шаардаад нэхээд байгаа хэрэг биш юм. Хуулийн дагуу шүүхийн маргаан үүсгэсэн.

- Одоо зөвшилцөлд хүрэх арга зам байхгүй гэсэн үг үү? Заавал шүүхээр шийдүүлж байж эцэслэн шийдвэрлэгдэх үү?

- Харилцан зөвшилцөлд хүрч чадвал АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаа хийгээд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломж бий. МАН-ын бүлэг, ИТХ-ын удирдлага зөвшилцлийн ширээний ард суухыг хүсэхгүй байгаа, шүүхээр явж удаашруулах сонирхол байна гэж би хувьдаа дүгнэсэн. Тиймээс шүүхийн процессыг дуусан дуустал үргэлжлүүлнэ. Байр суурин дээрээ хатуу зогсоно.

Хэрэв хариуцагч талаас зөвшилцөж, алдаагаа засаад явахыг хүсвэл бидний хувьд ИТХ-ын анхны хуралдааны үеэр тавьж байсан Тэргүүлэгчидтэй холбоотой зарчмын саналаа ярилцаад шийдвэрлээд явах бүрэн боломжтой.

- Зөвшилцөхгүй гээд байгааг та юу гэж бодож байна вэ?

-Улс төрийн соёлгүй байгаагаа олон түмэнд харуулж байна. Нуух зүйл ихтэй  учраас Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг дангаараа бүрдүүлсэн гэж би хувьдаа бодож байгаа. Аймгийн ИТХ-д АН-ын бүлэг 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гэтэл аймгийн удирдлагууд ЗДТГ-ын мэдээ мэдээллийг ил тод тавихгүй, маш их нууцалж, АН-ын ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа зэрэг нь Төлөөлөгчдийн бүрэн эрхэнд халдаж, зөрчиж байгаа хэрэг юм. Манай бүлгийн зүгээс болон Төлөөлөгчдөөс мэдээлэл авахыг хүссэн, гаргасан маш их албан бичиг явуулсан боловч ИТХ, ЗДТГ хангалттай хэмжээний мэдээллийг гаргаж өгөхгүй байгаа. Бидний зүгээс учир утгагүй улстөржилт хийхийг хүсэхгүй байгаа, баримттай нотолгоотой зүйл дээр асуудал дэвшүүлж ярихыг зорьж байгаа. ЗДТГ-т ажиллаж байгаа ажилтнууд, шударга ёсны төлөө тэмцэж байгаа иргэд, тэр байтугай МАН-ын шударга иргэд хүртэл “Хууль бус, шударга бус үйл ажиллагаа явагдаж байна, энэ хүмүүс арай хэтэрч байна, өнгөрсөн 4 жилд арай л их хөрөнгөөр наадацгаасан, энэ удаад болиулмаар байна” гэдгийн өдөр тутамдаа бидэнд мэдээллэдэг.

- Мэдээллийн дагуу судалгаа хийж, дүгнэлт гаргаж байгаа юу?

- Цэцэрлэгт хүрээлэн, Түрээсийн болон орон нутгийн орон сууцны хувьчлал, Хатуу хог хаягдлыг боловсруулах 9 сая еврогийг төслийн холбогдох мэдээлэл, материалыг авах гэсэн боловч өгөхгүй  цааргалах, хагас дутуу материал ирүүлж байгаа. Тиймээс бид ирүүлж байгаа мэдээлэл дээр нь үндэслээд дүгнэлтээ гаргаж байгаа. Дүгнэлтээр хууль зөрчиж, шударга бусаар маш их мөнгийг гарын салаагаараа урсгачихсан, үргүй зардал ихтэй байгаа нь ажиглагдсан. Мөн энэ оны төсвөөс маш их хөрөнгийг хэмнэх боломжтой байсан. Бүр наад захын хэмнэж болох зардлыг тооцоход 14 тэрбум төгрөг гэж АН-ын бүлгээс судалгаатай тодорхойлж саналаа тавьсан боловч харамсалтай нь олонхийн саналаараа шийдвэрлэсэн. Орхон аймгийн 2021 оны төсөв нийтдээ 129 тэрбум төгрөг баталсан. Энэ 129 тэрбум төгрөг Эрдэнэт хотыг хангалттай хэмжээнд хөгжүүлэх, олон арван ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, зам талбай, гэрэлтүүлэг, тохижилтын ажил хийх бүрэн боломжтой хөрөнгө юм.  

Мөн тендерийн асуудлаар мэдээлэл их ирдэг. Тендерүүдээ урьдчилаад өөрийн хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагадаа хуваарилдаг юм байна. Харин дараа нь сонгон шалгаруулалтаа явуулдаг. Ийм бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Мөн аймгийн Засаг дарга 2 орлогчтой ажиллаж байсан нь гэмт хэргийн шинжтэй, хууль зөрчсөн үйлдэл болох нь нотлогдоод байна. Ард иргэд, сонгогчдынхоо төлөө, тэдний сайн сайхны тулд ажиллана, үйл ажиллагаа явуулна гэчихээд өөрсдийн ашиг сонирхлын төлөө явдаг. Бид баримт нотолгоог нь цуглуулж байгаа. Энэ талын мэдээлэл өгөх иргэд байвал Ардчилсан нам нээлттэй хүлээж авна гэдгийг танай сониноор дамжуулан хэлмээр байна.

-Аймгийн засаг дарга хууль зөрчиж 2 орлогч томилж ажиллуулж байсан хэрэг үү?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй  орлогчтой байхыг хуульчилж өгсөн байдаг. Энэ хуулийн заалтыг аймгийн засаг дарга зөрчиж 2 орлогч томилон хууль бусаар нэг орлогчид эрх мэдэл олгож, түүнд цалин олгон төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байна. Энэ асуудлаар аймгийн Прокурорт хандан, гомдол гаргаад АТГ-т шалгуулж байгаа.

-Эрдэнэт хот гэдэг утгаараа, мөн хүн амын тоо нь хотын түвшинд хүрчихсэн гэдэг утгаар нь хоёр орлогчтой байх шаардлагатай гэж тайлбарлаж байсан?

-Хуулиндаа аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байхыг хуульчилж заасан. Бид хуулиндаа захирагдах ёстой. Гэтэл асуудал үүсэнгүүт М.Түмэнжаргалыг Засаг даргын орлогчоос чөлөөлж, Засаг даргын орлогчтой дүйцэхүйц хэмжээний эрх мэдэл бүхий Төслүүдийн удирдагч гэсэн албан тушаалыг шинээр бий болгож томилсон захирамж гаргасан нь эргээд хууль зөрчсөн  үйлдэл болжээ гэж үзэж байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

- Орхон аймгийн Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааг дэмжиж, түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотой Монгол улсад улстөрийн нөхцөл байдал нэлээд ээдрээтэй болж эхэлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх хүсэл, зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн үйл ажиллагаа Ардчилсан намыг багагүй сорилтонд оруулж байна. Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчид 2021 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжин Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгоно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Шинэ мэдээ сонин

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Нэг хонхорт багтахгүй байна уу муусаин намчид

Ззз

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Дангаар ноёрхох хүслийг нь нугачин дарсан зөв шийдвэр л бна

Даагий

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.