Орхон аймгийн иргэн Б: Шинжилгээний хариу “эерэг” гарсныг сонсоод өөртөө итгээгүй гэвч бусдаас ирэх дарамт илүү хэцүү байсан

Цар тахлын нөхцөл байдал орон нутагт хүрээгээ тэлсэнтэй холбогдуулан бүх шатны удирдлагууд бололцоотой арга хэмжээг авсаар байна. Энэ удаад бид коронавирусын халдвар авч, хэвтэн эмчлүүлж байгаа иргэнтэй холбогдлоо. “Эерэг” гэсэн хариу сонссон хэн бүхэн бусдад чичлүүлэх ёсгүй юм. Тэд хүссэндээ вирусын халдвар аваагүйг хаа хаанаа ухаарч, уужуу монгол ухаанаар нэгэндээ сэтгэлийн дэм өгөх учиртай билээ.

Тэд биднээс яг одоо энэ зүйлийг хүсч байна.Ингээд Орхон аймгийн харьяат иргэн Б.тэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Та вирусын халдвар авснаа хэзээ мэдсэн бэ?

-Эрдэнэтийн анхны тохиолдол "Г" гэж хүн байгааг бүх хүн мэдсэн гэж бодож байна. Г-ийн эхнэр Ж-тэй бид нэг дор ажилладаг юм. Хамт ажилладаг учраас биднээс 24-нд шинжилгээ авсан. 25-нд бидний шинжилгээний хариу “эерэг” гарсан тул нэгдсэн журмаар БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтүүлсэн. Одоогоор бидний гэр бүлийнхнээс эерэг хариу гараагүй байгаа. Хариугаа сонсоод сэтгэл санаа таагүй байхад “Би чамтай уулзаагүй шүү” гээд ярих хүн ч байна. Энэ мэт мэдээлэл өгөхөөс цааргалах, нөгөө талд буруу зөрүү мэдээлэл өгч байгаа хүмүүс байдаг юм шиг байна.Энд ирээд хэвтээд 4 хонох гэж байна анх ирсэн өдрөө бодуул сэтгэл санаа харьцангуй гайгүй болчихоод сууж байна даа.Анхны өдөр бол ар гэрийнхэнд их хүнд туссан.

-Төрийн байгууллага болон ЭМГ-аас анхаарал хэр тавьж байна бэ?

-Эрүүл мэндийн газар, тархвар судлаач, цагдаа, тагнуулын газраас ярьж байна гээд бүтэн өдрийн турш утас руу залгаж, асуусан асуултаа ахин дахин асуухаар хүн их хямардаг юм байна. “Таныг машин очиж байна, бэлдээд байж байгаарай” гэнэ. Гэтэл машин ирэх хооронд Эрүүл мэндийн газраас “Асуумжаа авъя аа, та эерэг гарсан байна” гээд асуулт асуугаад байх жишээтэй. Төрийн байгууллагын уялдаа холбоо, нэгдсэн бүртгэлтэй болчуул их л амар байх болов уу? Үнэндээ төрийн албаны тэр хүмүүс ажлаа л хийж байгаа учраас хүндлээд хэдэн ч цаг хэдэн ч удаа нэг зүйлээ ярьсан гэж санана. Харин хүүхдийнхээ ангийн хүүхдүүдийн шинжилгээний хариу сөрөг” гарсныг дуулаад дотор бага зэрэг уужирсан. Өөрийнхөө зүгээс хүүхдийнхээ ангийн багштай хамгийн түрүүнд холбогдож, шуурхай арга хэмжээ авсандаа баяртай байна. Ер нь л сэтгэл санааны хувьд хүнд байгаа хүмүүстээ “Та нар хурдан эдгэнэ ээ” гэсэн сэтгэлзүйн маш их дэмжлэг хэрэгтэй байдаг юм байна.Энд ирээд эмчилгээ үйлчилгээ авч байгаа хүмүүст бас сэтгэл зүйн дарамт их байгаа байх гэж бодож байна. Эмч нар зүгээр дээ та эдгэнэ гэж тайвшруулж байгаа ч хүмүүс тэгж бодохгүй байх шиг. 

-Та бүхэн сэтгэл санааны хувьд хэр байна вэ?

-Хамт ажилладаг Ж-ээс халдвар илэрснээс болж түүнийг “Чи өвчин авч ирж тараалаа” гээд маш их доромжилсон. Ж-ийн хувьд сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Нэгнээ дайрч доромжлоод байхаар бидэнд ч хүнд байна. Ер нь өвчний халдвар авснаа ямар ч хүн мэддэггүй. Гэтэл хэн ч вирусын халдвар авах боломжтойг бид харлаа. Шинжилгээний хариу “эерэг” гарсныг сонсоод өөртөө итгээгүй. Ямар нэг ил шинж тэмдэг илрээгүй ч далд тээгч болчихсон л явсан. Вирусын халдварыг харьцангуй эрт мэдсэнээр Эрдэнэт хот тархалтыг тодорхой хэмжээнд хумисан гэж бодож байна.Тиймээс нэгэн лүүгээ дайрч битгий муухай үг хэлээч гэж л хүсмээр байна.

-Одоогоор бидэнд нэг хүний биеийн байдал хүнд, 7-8 хүн хүндэвтэр байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Биеийн байдлын талаар дуулсан. Шинж тэмдэг илрэхгүй байж байгаад хэд хоногийн дараа вирусын эсрэг эм нь таарч тохирохгүй тохиолдол гарсан байх.Нэг хүн биеийн байдал хүнд байгаа бололтой байсан. Бид тус тусдаа өрөөнд эмчилгээ үйлчилгээгээ авч байгаа.Эмч нар бол сайн ажиллаж байна лээ.

-Та нарт ямар эмчилгээ хийж байна вэ?

-Эмчилгээ, хоолны хувьд тун сайн. Томчууд өдөрт 2 удаа витагрипп, витамин С болон витамин D ууж байна. Мөн сармис, жамц давсаар ам хамраа зайлж байна.Хоол ундаар их амин дэм өгөх ёстой гэж хэлж байсан.

-Өөр шинж тэмдэг илрэхгүй байна уу?

-Өөр бусад шинж тэмдэг гарсангүй. Өрөөнөөс гарахгүй байгаа тул зарим хүний хамраас цус гарсан амтлах мэдрэмжээ алдсан зэрэг шинж тэмдэг илэрсэн юм шиг байна лээ.Миний хувьд бол халуурч, бүлээрэхгүй сайхан байна.

Ажлын Ж-ийн хувьд нөхөр нь одоогоор амт, үнэр мэдрэхгүй байгаа хэвээрээ гэсэн.

-Яг өнөөдрийн байдлаар та бүхэнд шаардлагатай зүйлс юу байна вэ?

-Халдвартын тасаг ариутгал халдваргүйтгэлийг чадлынхаа хэрээр хийж байна. Хоол нь болон зөөлөн эдлэл нь сайн. Харин урд талын тасаг нь орчин нөхцөл боломжийн ч гэлээ арын корпус нь ус алдсан, хаалга нь бүрэн гүйцэд хаагддаггүй, хүйтэн паартай, хэзээ ч ус алдахад бэлэн, цонх нь сийгээстэй, дотор тохижилт тааруухан байна. Хэвтэж байгаа хүмүүсээ бодоод орчин нөхцөлдөө анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.Хамгийн гол нь ялгаварлан гадуурхах зүйл битгий хийгээсэй. Халдвар авсан бид гэмт хэрэгтэй биш энэ бол олон мянган хүний эрүүл мэндийн асуудал учраас худал мэдээлэл өгөлгүй бүх зүйлд тайван хувиа хичээсэн бус хандаасай гэж л хүсмээр байна. Хулгайн замаар явж байгаа хүмүүст ухамсар гэж байдаг бол ийм цаг үед битгий мунхаг үйлдэл хийгээсэй надтай уулзаагүй шүү тааралдаагүй шүү гэж гуйх бус эрсдэл байвал яана гэж бодон бусаддаа туслаад бүгд хичээж чин сэтгэлээсээ бүх зүйлд хандаасай л гэж гуймаар байна.

Баярлалаа таньд Хурдан эдгээрэй 

Та бүхэнд бас баярлалаа. Амьддаа бие биеэ хайрлая гэдэг шүү дээ Ийм үед нэг нэгэндээ сайхан үг хэлж урамаар тэтгээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

edgenee amjilt zowson bhad jargal irnee

munkhtsetseg

2023-01-04 13:30 | 43.231.113.120

хүмүүс нэгнээ маш муухай хэлдэг болж яс юман дээрээ хэл амтай хүмүүс хамгийн адгийн хүмүүс бдн ажил нь бүтэхээ бсн уураа хүнд гаргадаг яаж өөдлөх вэдэ өвчин гэдэг чинь хэлж ирэх биш хүн юм чинь давж л таараа зоригтой бай айх хэрэггүй бүх юм ард үлдэнэ чи ялсан бна хүчтэй бай хурдан эдгээрээ эрүүл энхийг хүсье мундаг бүсгүй бна сайхан юм бод

мар

2023-01-04 13:30 | 43.231.113.120

hyrdan edgeerei. hel amtai zorgooroo yridag tsatsdag hvmvvsees aih hereggvi. tedniig bvgd meddeg ymaa

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Hurdan edgereerei mundag shv amjilt

Olonoogoos

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.