Л.Баяржаргал: Өндөр эрсдэл дунд өндөр ачаалалтай гэртээ ч харих боломжгүй ажиллаж байна

Өнөөдөр Эмч нарын баярын өдөр буюу эмч нартаа талархах өдөр. Жилдээ ганц тохиодог энэ өдрөөр Орхон аймгийн БОЭТ-ийн Лабораторийн тасгийг зорьлоо. Тус тасгийнхан ойрын өдрүүдэд өндөр ачаалалтай ажиллаж байгааг та, бид мэднэ. Хамгийн өндөр эрсдэл дунд нарийн шинжилгээ хийх чухал хариуцлагатай алба хашиж буй тэднээс ажлын нөхцөл байдал ачаалал ямар байгааг тодруулж БОЭТ-ийн Лабораторийн нэгдсэн  тасгийн эрхлэгч Орхон аймгийн лабораторийн ерөнхий мэргэжилтэн Л.Баяржаргалтай уулзаж  ярилцлаа.

-Эрүүл мэндийн газрын өнөөдрийн өгсөн мэдээллээр 20 орчим мянган хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, 1300 иргэнд PCR шинжилгээ хийсэн гэж хэллээ. Ажлын ачаалал, шинжилгээний нөөц хэр байгаа талаар  мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 11 дүгээр сарын 20-ноос PCR шинжилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 28 300 хүнд PCR шинжилгээ тавьснаас 12 дугаар сарын 05-ныг дуустал 25 эерэг тохиолдол гарсан. Ингээд 03 дугаар сарын 24-30-ныг дуустал Эрдэнэтэд 76, Булганд 38 эерэг тохиолдол бүртгэгдээд байна. Эерэг тохиолдол олон болохын хэрээр шинжилгээг багцлах боломжгүй болсон. Одоогоор өндөр ачаалалтай ажиллаж, 80 гаруй эерэг тохиолдлыг илрүүлсэн.

-Та бүхэн маш хариуцлагатай ажил эрхэлж байна. Ажиллах хүчний хувьд ямар нөөц бололцоо хэрэгтэй байна вэ?

-Нэг лаборант, нэг эмчээс бүрдсэн мэргэжлийн 2 хүн л ажилладаг тул ачаалал ихтэй байна. Нэмэлтээр эмч авсан болохоор ээлжинд гарч байгаа. Хэрэв PCR шинжилгээний сорьц бөөндөө ирсэн тохиолдолд нэг удаад 45-46, хоногт 180-200 сорьц хийх боломжтой. Өмнө нь ачаалал харьцангуй бага байсан үед хоногт 700-800 сорьц авч байсан. Яг л гол фронд энд явагдаж байгаа учраас бидний өмнө өндөр хариуцлага ирсэн. Сорьцоо авч хариуцлагатай шинжилгээ хийхийн тулд нэг эмч тасралтгүй 4-6 цаг битүү хувцастай амрах эрхгүйгээр нягтлаж  ажиллаж байна. 

-Нэг эмчид ногдож байгаа ачаалал ямар байна вэ?

-Маш өндөр. Өглөөний 08:00 цагт ажилдаа ирсэн бол өөрт оногдох ажлаа хийх, эсвэл арын албаныханд үлдээгээд 09:00 цагаас ажилдаа ороход шөнийн 03:00-04:00 цагт ажлаа дуусгаж байх жишээтэй. Энэ маягаар 03.23-наас хойш 2 ээлжээр ингэж л ажилласан. Аймгийн Засаг даргын Тамгын газраас шинэ лаборатори нээе гэсэн хүсэлт тавьж, НЭМҮТ дээр лаборатор нээхээр болсон. Засварын ажил дуусч, тоног төхөөрөмж суурилагдчихвал 3 ээлжээр ажиллах магадлалтай гэж харж байна. Одоогоор хүн хүч, багаж төхөөрөмж дутагдалтай байгаа. Бид ажил дээрээ тодруулбал НЭМТ дээр ор засаад түрхэн зуур амраад буцаад ажилдаа орох зарчмаар эхний өдрүүдэд ажиллаж байна.

-Эмч нарын хувьд маш жижиг орон зайд эрсдэлтэй ажил эрхэлж байна шүү дээ. Та нар маань эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Бидний хувьд өндөр эрсдлийн түвшинд ажиллаж байгаа ч ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж байгаа. Гэвч сорьц аваад тээвэрлэх явцад алдаа гаргах тохиолдол байна.Тухайлбал, нэг удаагийн халад, малгай, бээлий, хаалт хэрэглэх ёстой байхад сорьцыг улаан гараараа бариад орж ирэх ч үе байна. Мөн сорьц авчихаад бичилт хийсэн цаасаа сорьцтойгоо наагаад ороод ирэх нь эрдсэл дагуулж байгаа юм. Ингэж өндөр эрсдэл дагуулж байгаа цаас руу ариутгалын бодис цацах боломжгүй. Тиймээс бид энэ асуудлыг зохих шатанд нь хэлж танилцуулсан. Туршлага дутсан тал ч байгаа байх. Хэрэв бид шинжилгээ хийж байгаад халдвар авчихвал сорьцын дараагийн шат гэж байхгүй болно. Монгол Улс маш цөөхөн вирус судлаачтай. Бусад аймаг, орон нутагтай харьцуулахад манай аймаг мэргэжлийн хүнтэй учраас ялгаатай давуу талтай.Зогсох эрхгүй ажлыг нь гүйцэтгэж байна даа.

-Нэн шаардлагатай зүйл юу байна вэ?

-Энэ байрандаа хоёр ээлжээр ажиллаад болж байна. Харин урвалж, оношлуур дутах магадлалтай. Нэг лаборатори шинээр нээгээд 3 ээлжтэй болчихвол ачаалал багасна л гэж харж байна.Бид өөрсдийн карманаасаа мөнгө гаргаад өрөөндөө жижиг тохижилт хийсэн хийхээс аргагүй байсан учраас энэ мэт сэтгэл гаргаж ажилладаг хамт олонтойдоо их л баярлаж сууна.Өөрсдөө санаачлаад өөрсдлөө энэ зүйл дээр анхаарал хандуулж байна.

-Өнөөдөр Эмч нарын баярын өдөр. Мэргэжил нэгтнүүддээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Миний хувьд эрүүл мэндийн салбартаа асрагчаас нь эхлээд эмч тасгийн эрхлэгч хүртэл 27 дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг 25 ажилтантай, нэг л эрэгтэй бий. Эмч нарт ачаалалгүй ажиллах үе гэж байдаггүй тул хүний амийг аврахын төлөө бүхий л эд эс, мэргэжил мэдлэг, оюун санаа, сэтгэл зүтгэлээ зориулж яваа мэргэжил нэгтнүүддээ баярын мэнд хүргэе. Зөвхөн мэргэжлийнхэн халдварын эсрэг тэмцэх бус хүн бүр хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.Мөн энэ хүнд цаг үед 24 цагийн турш ажиллаж үүргээ гүйцэтгэж байгаа тасгийнхандаа ажлын онцлогийг ойлгон хүлээн авч сэтгэлийн дэм хайрлаж байгаа ар гэрийхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Эрсдлээс айлгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж улаан шугамд улаан гараараа ч хамаагүй дайраад л орох тийм халуун сэтгэлтэй хамт олон бүрдүүлж чадсандаа өнөөдөр баярлаж байна. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

ёстой эрсдэл дунд байгаа юм байна даа хөөрхий

иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.