А.Баярхүү: Эрүүл мэндийн салбарынхан халдлага, дайралтад хамгийн их өртөж байгаа ч иргэдийн бухимдал гомдолд хүлээцтэй хандаж байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар цар тахалтай холбогдуулан хариу арга хэмжээний баг ажиллуулж эхэлсэн. Манай аймаг өмнөх онд гарсан халдварыг богино хугацаанд хумиж авсан шиг энэ удаад халдварын тархалтыг зогсоох ямар арга байгаа талаар иргэд асуусаар байна. Энэ тухай мэдээлэл хүргэхээр ЭМГ-ийн Нийгмийн эрүүл мэндийн төв хариу арга хэмжээ тандалт судалгааны багийн ахлагч А.Баярхүүтэй ярилцлаа. 

-Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаагийн хувьд та цар тахлыг хумих ямар гарц боломж байгаа гэж харж байна вэ?

Халдварын голомтыг хумих, цомхотгох хамгийн үр дүнтэй  арга нь хөл хорио байдаг. Энэ зарчмаар өнгөрсөн оны 11 дүгээр сард хөл хориог эрт  тогтоож бусад арга хэмжээтэй  хавсран шуурхай ажилласан. Энэ удаад  халдвар нилээд тархмал хэлбэртэй үргэлжилж  байна.  Учир нь 2021 оны 03дугаар сарын 1нээс  бүх  хөл хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор  манай аймагт гаднаас  ирэх иргэдийн тоо  эрс өсч тандалт , судалгаа хийхэд хүндрэл үүсч эхэлсэн.  Нөгөө талаасаа  аймгийн хэмжээнд хүн амын дундах  тандалт  судалгааг  тасралтгүй 5 сар үргэлжлүүлэн хийж ажиллаж байна.  Улсын хэмжээнд ч  адилхан байгаа.  Үүнтэй холбоотой манай аймаг төдийгүй  улсын хэмжээнд урвалж, оношлуурын  нөөц, олдоц багассан зэрэг  нь халдварын голомтыг хумих, цомхотгох  арга хэмжээний  үр дүнд  сөрөг нөлөөлөл үзүүлж байна.  

-Эрүүл мэндийн салбарынхан нүдэнд харагдахгүйгээр ажиллаж байна. Тэдгээр ажилчдын ажлын нөхцөл байдал ямар байгаа талаар иргэдэд ойлголт өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хөшигний ард өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс бий. Аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хянадаг хоёр талын пост, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймгийн Шуурхай шатбын бие бүрэлдэхүүн, тандалт судалгаа, шуурхай арга хэмжээний багууд, БОЭТ-ийн Лаборатори, Халдварт, Түргэн тусламжийн тасгууд гээд амралтын өдөргүй, ажлын  цаггүй бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа.

-Иргэдийн бухимдаж байгаа асуудлууд юу байна бэ? 

-Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид  энэ цаг хугацаанд хамгийн их халдлага, дайралтад өртөж байгаа. Бид өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч  иргэдэд таалагдахгүй  л байгаа  бололтой.“Та нарын үүрэг, сонгуулийн шоу, худлаа оношиллоо” гэх зэрэг дайралтад алхам тутамдаа өртөж байна. Эмч, сувилагч нар хэдийгээр  эх орон  ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн ч  яг л адилхан хүн. Тангараг өргөлөө гээд бид,  хүн төрөлхтнөөс өөр төрөлд төрдөггүй.  Хүн учраас уурлаж бухимдах үе, ар гэртээ санаа зовох,  тэдэндээ  цаг хугацаа зарцуулах, халамж тавих хэрэгцээ шаардлага байдаг. Гэхдээ энэ бүхнээ  хойш тавьж өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эгэл жирийн албан хаагчид гэдгийг ойлгоосой.Гэхдээ бид энэ хүнд цаг үед иргэдийнхээ гомдол бухимдалд хүлээцтэй хандаж байгаа. 

-Иргэдийн дунд түгээмэл гарч байгаа дутагдал юу байна вэ?

Халдварт  өртсөн  зарим иргэд  мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд өгөхгүй байх   асуудлууд гарч байгаа. Энэ нь халдвар судлаачдын  ажлыг нилээд хүндрүүлж  удаашруулж байна.  Иргэдийн дунд   буруу ойлголтууд байна.  Харилцаа холбоотой  хүмүүсээ хэлчихвэл  хорьж цагдаад ажлыг нь хийлгэхгүй болчих нь эсвэл ямар нэгэн байдлаар  нэр хүндэд нь нөлөөлнө  гэдэг ч юм уу. Энэ амьсгалын замын  өвчин учраас хэнийг ч ялгахгүй, хэн ч өвдөж болно, дарга, цэрэг хэн байхаас хамаарахгүй гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч халдварт өртсөн нэгэндээ  хүндэтгэлтэй хандах  ухамсар, ёс зүй бидэнд   дутагдаад байх шиг санагддаг.  Хэдийгээр Коронавирусын халдвар  авсан иргэдийн 80 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэрээр явагдаж байгаа ч сүүлийн үед ЭМЯ, ХӨСҮТ –өөс ямар нэг шинж тэмдэггүй байсан ч маш хурдан хүндэрч байгаа талаар  анхааруулж эхэлсэн. Үүнийг орон нутагт ч баталж байгаа шинж тэмдэггүй хирнээ  рентгенд харахад  уушгинд өөрчлөлт илэрч  хүндэрч байгааг Халдвартын зөвлөх эмч болон эмчлэгч эмч нараас  анхааруулж сэрэмжлүүлж байгаа. Үүнийг харин иргэд маань “Зүгээр байхад авч ирээд хорьчихлоо”, “Д, С витаминаас өөр зүйл өгөхгүй байна” гэх зэргээр шүүмжилдэг.  Бидний  зорилго  бол иргэдийг эмчийн хяналтад байлгаж  цаг алдахгүй тусламж үйлчилгээ үзүүлэх  л асуудал байдаг.

Хөл хориог хэсэгчлэн тогтоох нь үр дүнгээ өгч байна уу?

Орон нутгийн хувьд  хатуу хөл хорио бол тогтоогоогүй байна. Хэсэгчилсэн хөл хорио тавигдаж байгаа. Өөрөөр хэлбэл халдвар илэрсэн болон  эрсдэл өндөртэй байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг  зогсоож  халдвар тархахаас  сэргийлж  байна  гэсэн үг. 

Та бүхэн цаашид ямар хариу арга хэмжээ авахаар мэргэжлийн баг төлөвлөж судлаж байна вэ?

Бид өдөр бүр ХӨСҮТөвөөс  зөвлөмж зөвлөгөө авч ажиллаж  байна. Цаг үеийн нөхцөл байдал,  ирээдүйд үүсэх  эрсдэл хүндэрлийг тооцоолж  АОК болон орон нутгийн удирдлагуудад  тухай бүр танилцуулж  үйл ажиллагаагаа  төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн төсөв санхүүжилтээр НЭМТ дээр шинээр Вируслогийн лаборатори нээгдэж  үйл ажиллагааг эхлүүлэх  бэлтгэл ажил бүрэн хангагдсан, аймгийн  хэмжээнд  Вируслогийн  2 лаборатори  ажиллана гэсэн үг.  Тандалт  судалгааг  өргөн цар хүрээтэй эрчимжүүлж хийх  нөхцөл бүрдэж байгаа ч энэ бол  зөвхөн  илрүүлэг.  Халдвар  нь  дамжих зам,  эх уурхай,  эзэн бие гэсэн гинжин холбоогоор  тасралтгүй үргэлжилдэг. Халдварын  дамжих замыг таслахад иргэдийн  үүрэг оролцоо маш их хэрэгтэй байна.   Иргэд  маань гэр, гэртээ тэг зогсолт хийж  хөл хөдөлгөөнөө хязгаарлачихвал   халдварын дамжих зам тасрах бүрэн боломжтой.

Халдвар  нилээд  тархмал  хэлбэртэй  үргэлжилж байна гэж хэлсэн. Үүнийг та бүхэн  хэрхэн тооцож судалдаг вэ?

Халдвар судлаачид  маань ДЭМБ-ын  Эпидмиологийн тооцоололын аргачлалаар  тооцож дүгнэлтээ  гаргадаг.  Ер нь халдварын тархалтыг 1-ээс  доош байхад  эрсдэл  хүндрэл багатай  гэж  тооцдог. Манай  аймгийн  хувьд  халдварын  тархалт 2, халдварлалтын индекс 100% гэдэг дүгнэлт халдвар судлаачдаас гарсан  байгаа.  Өөрөөр хэлбэл  гэр бүлийн  бүх гишүүд  өвдсөн тохиолдол нийт  гэр бүлээрээ өвдсөн  31 тохиолдлын 90 гаруй хувийг эзлэж байгаа.

Орхон аймаг 17-18 мянган иргэнийг вакцинжууллаа. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарсан уу?

-Яг өнөөдрийн байдлаар вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй,  гэхдээ магадлал маш өндөр.

Хүүхдүүдэд вакцин хийхгүй байгаа талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөхгүй юу?

Ковидын  вакцины эмнэлзүйн судалгаанд  хүүхдүүд  хамрагдаагүй  шалтгаанаар  дэлхий нийтээрээ  хүүхдүүдэд  вакцин хийгээгүй.  Гэхдээ хөгжилтэй орнуудад хүүхдүүдийг  дархлаажуулах судалгаа хийгдэж хүүхдүүдэд  хийх бүрэн  боломжтой гэсэн судалгааны үр дүнгүүд эхнээсээ  гарч эхэлсэн байгаа

Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.