Ц.Хишигжаргал: Энэ онд бүтээн байгуулалтын 123 ажил хэрэгжүүлэхээс 37 нь гэрээ байгуулсан

Урин дулааны улиралтай зэрэгцэн хотын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Энэ жилийн тухайд Эрдэнэт хотод ямар ажлууд хийгдэх талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Ц.Хишигжаргалтай ярилцлаа.

-Энэ онд танай албаны зүгээс хяналт тавьж ажиллах хичнээн чиг үүргийн ажил байна вэ?Нэг ёсондоо Орхон аймагт энэ онд хийгдэх бүтээн байгуулалт засвар шинэчлэлтийн ямар ажлууд хийгдэх гэж байна.

-Бид 2021 онд 123 ажилд захиалагчийн ажил хэрэгжүүлнэ. Эдгээрээс аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 88, Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 28, Жаргалант сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 ажил тус тус хийгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар 37 ажлын гэрээ байгуулагдаж, 7 ажил нь энэ сарын 15-наас эхлээд байна.Өмнөх жилтэй харьцуулбал энэ онд 50 хувиар буурч орж ирсэн гэсэн үг.

-Эдгээрээс гол ач холбогдол өгч байгаа ажлыг нэрлэвэл?

-Энэ онд хэрэгжих 123 төслийн 84 ажлын зураг төсвийг манай байгууллага хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн онд 251 төлөвлөгөөт ажил байсан бол энэ жил хөрөнгө оруулалтын тоо хэмжээ эрс буурсан нь харагдаж байгаа байх. Дээрх ажлуудаас “Миний гудамж-Бидний гэр” төслийг онцолмоор байна. Уг төслийн хүрээнд цэвэр, бохир усны төв шугамаас салбар шугам татах ажил хийгдэх юм. Үүнд, Булаг, Зүүн Дэнж, Наран, Цагаанчулуут, Рашаант, Баянбулаг, Баянцагаан багууд багтсан. Баг тус бүрт 1,2 тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ. Мөн Эрдэнэ, Дэнж, Даваат багт камержуулалт хийнэ. 2020 оны 12 дугаар сард тендер нь зарлагдсан, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 багт 161 камержуулалтын ажил хийхээр болсон.

-Цар тахлын үеийн хөл хорио, хил гаалийн асуудал бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөх үү, та бүхэн эрсдлийг хэрхэн тооцоолж байна вэ?

-Энэ жил өмнөх жилүүдээс ихээхэн онцлог жил болж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн гадаад захиалгын материал татан авалт удаашралтай, нийлүүлэлт хумигдсантай холбоотой материалын үнэ нэмэгдсэн. Мөн 2020 онд цементийн үнэ өссөн нь ажилд нөлөөлж байсан бол энэ жил зах зээлийн үнэ ханшийн судалгаагаар төмөр бетоны үнэ өмнөх оноос 15-20 хувиар нэмэгджээ. Эдгээр нь ажилд тодорхой саад учрах, ажил удаашрах, гэрээ сунгалт хийх нөхцөлүүд үүсэж болохоор байна. Цаашид ямар байхыг хэлэхэд бэрх ч энэ жил гэрээндээ өөрчлөлт оруулсан. Энэ нь Засаг дарга гэрээг баталснаас хойш гэрээний хэрэгжилтийн хугацаа эхэлж байгаа боловч технологийн горим болон гадаад материалын захиалгатай уялдуулан хугацааг урт тавьж өгсөн. Өнөөдрийн байдлаар барилгын материалын бүх дэлгүүр хаасан байна. Ийм үед гүйцэтгэгч материалаа хэрхэн татан авах нь хүртэл тодорхойгүй байна шүү дээ.

-Бүтэц, орон тооны хувьд хүрэлцээтэй байж чадах уу, танайх энэ онд хичнээн инженертэй ажиллах вэ?

-Энэ онд манай байгууллага 21 орон тоотой ажиллаж байна. Үүнээс 8 нь хяналтын инженер, 2 нь төсөвчин, 4 нь архитектор мэргэжлийн хүмүүс бий.

-Төсөв санхүүгээс хамаарч он дамжин хийгддэг ажил цөөнгүй байдаг шүү дээ. Ийм төрлийн хичнээн ажил байна вэ, мөн энэ оны сүүлчээр хүлээн авах томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил бий юу?

-Улсын төсвийн хөрөнгөөр он дамжин 2021 онд хийгдэх нийт 17 ажил байна. Эдгээрээс 2018 оноос он дамжсан Яргуйтын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Баянцагаан багийн инженерийн шугам сүлжээ, 1-р сургуулийн өргөтгөлийн ажлууд байна. Сургууль, цэцэрлэгийн тухайд санхүүжилтээс шалтгаалан он дамжсан ч энэ онд тодорхой хөрөнгө тавигдсан тул 80-90 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлыг дуусна гэж үзэж байгаа.  

Харин 2019 оноос он дамжсан 9 ажил байгаагаас Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын ажил дууссан, тус хүрээлэнгийн Захиргаа аж ахуйн барилгад комисс ажиллуулах шатандаа явна. Мөн Говил багийн Багийн цогцолбор төвийн барилгад комисс ажиллуулах шатандаа бичиг баримтын бүрдэл хангаад явж байгаа бол Наран багийн соёлын төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна. Энэ онд Дэнж, Эрдэнэ багийг холбосон 3,5 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ер нь Улсын төсвөөр хийгдэж байгаа, санхүүжилтээс шалтгаалаагүй ажлуудыг ондоо багтаан дуусгана. 2021 онд 5 ажилд эхлэх хөрөнгө тавигдсан. Үүнд, Баянцагаан багийн Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв, Яргуйт, Зэст багийн Багийн цогцолбор төв, Жаргалант сумын Ахмадын өргөөний барилга, Говил багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил багтаж байгаа.

-Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд өнгөрсөн онд төсөвчинтэй холбоотой ажлын байр яригдаж байсан. Мөн Хяналтын инженерүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан. Энэ онд ажлын ачаалал ямар байна вэ?

-Манай байгууллага тендерийн хяналтын төсөв хийдэг тул чадварлаг боловсон хүчин хайсан боловч 2019, 2020 онд Орхон аймгийн хэмжээнд чадвартай, мэргэшсэн, тэргүүлэх төсөвчин хомсдолтой байлаа. Тиймээс 2019, 2020 онд инженерүүдээ анхан шатны төсөвчний сургалтанд суулгаж, дотоод нөөц бололцоогоо ашиглан 2 инженерээ барилгын мэргэшсэн төсөвчин болгосон.

-Гүйцэтгэгч компаниудад өгөх зөвлөмж, мэдээлэл юу байна вэ?

-Бид 2020 оны ажлын тайлангаа телевизийн нэвтрүүлэг болгон иргэдэд хүргэсэн. 2021 оны эхээр Удирдлагын багаас хэд хэдэн томоохон ажлыг зохион байгууллаа. Үүнд, Хяналтын систем боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ нь удирдлагын зүгээс дотоод ажлуудыг цахимаар хянах боломжтой болох юм. Мөн зураг төсөвт зориулсан архив үүсгэж, дотооддоо хувь хүний хөгжил, бүтээмж, таван сайн санал, бүтээмжийн дугуйлан, ажлын байран дахь эмх цэгц зэрэг сэдвээр сургалтын төлөвлөгөө гарган бодитоор хэрэгжүүлж байна. Шинэ санаа гаргасан тохиолдолд урамшуулал авах журмыг гаргасан, ажил хэрэг болгоод явж байна.

Энэ онд хөрөнгө оруулалтын ажлын бүрдлийг хангах тал дээр түлхүү ажиллаж, бүрдүүлэх материалын жагсаалтыг тодорхой хувиар бууруулсан. Мөн шинэ компаниудад зориулан мэдээллийн самбар байршуулж, шаардлагатай зөвлөмжийг гаргаж байна. Гүйцэтгэгч компанийнхны явдал чирэгдлийг багасгаж, файлаа өөрсдөө засаж, хэвлэх боломж олгохоор 2 компьютер гаргасан. Энэ мэтчилэн бид илүү хялбаршуулах ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллаж байна. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

shudraga zarchimch hiij bui ajildaa chadwarlag mundag bvsgvidee ajliin undur amjilt hvsie

ganji

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.