​Л.Баттөр: Вакцины хоёр тунд хамрагдсан хүн халдвар зөөвөрлөгч, дамжуулагч болох эрсдэл маш бага

УОК-оос тавдугаар сарын 8-наас мөрдөгдөх журмын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд болон ХӨСҮТ-ийн удирдлагууд зарим эргэлзээтэй асуултуудад тодруулга өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрдэмтдийн судалгаа, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн УОК-оос гаргаж байгаа 21 болон 31 дүгээр журмуудад коронавирусийн эсрэг вакцин нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн асуудлыг оруулж ирсэн. Үүнд, вакцинд хамрагдсан иргэдийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн үйлчилгээ, албан байгууллагуудаар  "QR" код уншуулж үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулахад журам бэлэн болж гарна. 

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Нийслэлд 953,058 иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 835,820 иргэнийг хамруулсан байна. Хоёрдугаар тунд 446,094 иргэн хамрагдсан. Орон нутагт нэг сая 114 мянган иргэн хамрагдахаас өнөөдөр 408 мянган хүн нэгдүгээр тунд, 117 мянган иргэн хоёрдугаар тунд хамрагдсан үзүүлэлттэй байна. Вакцинжуулалтын ажил харьцангуй идэвхтэй явагдаж байгаа ч иргэд илүү идэвхтэй хамрагдсанаар тэр хэмжээгээрээ халдварын эрсдэлийг бууруулах боломжтой.

Вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоногоос багагүй хугацаа өнгөрсөн иргэд тавдугаар сарын 22-ноос хойш хөдөө орон нутагт зорчих боломж нээгдэнэ. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдэд олгох 50 мянган төгрөгийн урамшууллыг иргэдэд олгох ажил Эрүүл мэндийн яамтай хамтран Сангийн яам дээр зохион байгуулагдаж байгаа.    

Вакцины нийлүүлэлт, татан авалт хэвийн үргэлжилж байна. ОХУ-аас нэг сая тун "Sputnik-V" вакцин худалдан авах гэрээ хийгдсэн. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт орж ирэх байсан боловч үйлдвэрлэгч улсаас дотоод дахь нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаа. Гадаад улсад экспортлох боломжгүй. Бага хэмжээгээр олгох боломжтой гэсний хүрээнд манай улсад 20 мянган тун вакцин нийлүүлсэн. Цаашид дараагийн татан авалтууд хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна. БНХАУ-ын Синофарм компанийн "Vero Cell" вакцины татан авалт хэвийн үргэлжилж байгаа. Улс даяар иргэдээ давтан тунд нь хамруулахад хангалттай хэмжээний нөөц байгаа гэж үзэж байна.   

УОК-ын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: УОК тавдугаар сарын 22-ноос вакцины хоёр тунд хамрагдсан иргэд хөдөө орон нутагт чөлөөтэй зорчиж болно гэдгийг тооцоолохдоо энэ хүртэл нийслэлийн 900 мянга гаруй иргэн, хөдөлгөөнт оршин суугч 200 мянга гаруй нийт 1,14 сая хүнийг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулна. Иргэдийн идэвх өндөр байх тохиолдолд цаад талын хугацаа нь зургадугаар сарын 1 гэхэд нийслэлчүүдийг бүрэн дархлаажуулж дуусна гэж тооцож байна. Өнөөдөр улсын хэмжээнд вакцинжуулалтын идэвх 10 гаруй мянгаар нэмэгдэж, 80 мянга гаруй хүн вакцинд хамрагдлаа. Энэ хурдаар тооцоход мөн тавдугаар сарын 22 гэхэд орон нутагт орон нутгийн насанд хүрсэн нэг сая гаруй иргэнийг вакцины нэгдүгээр тунд хамруулна гэж тооцож байна. Вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаар иргэд "PCR" шинжилгээ өгөхгүй, тусгаарлагдахгүй байх юм. Түүнчлэн иргэд вакцины давтан тундаа хамрагдаагүй бол дэлгүүр, үйлчилгээний газруудад оруулахгүй юм байна гэж буруу ойлгож болохгүй.      

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Бидний зүгээс вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоногоос хойш олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцож болох зөвлөмжийг өгч байгаа. Гэхдээ аль ч тохиолдолд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. ХӨСҮТ-өөс вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд ямар байдлаар дархлаа тогтож байна гэдэг тогтцын судалгаа хийж байна. Мөн ЭМЯ-ны дэргэд судалгааны баг гараад энэ судалгааг төслийн шугамаар хийж байгаа. Вакцины хоёр тунд хамрагдсан хүн халдвар зөөвөрлөгч, дамжуулагч болох эрсдэл маш бага. Тэглээ гээд амны хаалтаа авах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ хэрхэвч зөрчиж болохгүй. Учир нь нэгдүгээр тунгийн вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн нэг хувь нь халдвар авсан байгаа. Мэдээж халдвар авсан хугацаа нь харилцан адилгүй. Эхний тунг хийлгээд дархлаа бүрэн тогтохгүй учраас халдвар авах эрсдэл их байгаа гэсэн үг. Нэг хувийг тоон үзүүлэлтээр авч үзвэл 9000 орчим хүн байгаа. Энэ бол харьцангуй бага тоо. Зарим улсад, тухайлбал АНУ-д хийгдсэн судалгаагаар вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нийт хүмүүсийн 3 хувь нь халдвар авсан гэх үзүүлэлт байгаа.

Хэдий хоёрдугаар тунгийн тарилга хийгдэж эхлээд удаагүй байгаа ч халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Хоёрдугаар тун хийлгээд өвчилж байна гэдэг нь тухайн хүн ямар нэгэн байдлаар вирусээр халдварлаж, өвдөж байна гэсэн үг. Тиймээс вирус тээгч болон дамжуулагч болох боломжтой. Гэхдээ вакцины гол хоёр ач холбогдол байгаа нь нэгд, өвчнөөс сэргийлнэ. Хоёрт, өвдсөн ч хүндрэлээс сэргийлнэ. Мэдээж огт вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад эрсдэл бага ч халдвартай хүнтэй хавьтал болж, дараагийн хүнд халдвар дамжуулагч болж болзошгүй асуудал байгаа.    

Эх сурвалж: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.