Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд НЭЭЛТТЭЙ болох үйлчилгээнүүд

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 520 гаруй мянган хүн хоёр тунгаа бүрэн хийлгээд байна.

Тэгвэл вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон буюу дархлаа тодорхой хэмжээнд тогтсон иргэд Даваа гарагаас ямар давуу тал эдлэх талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

  • Тавдугаар сарын 8-наас эхлээд үсчин, гоо сайханд давтан тундаа хамрагдсан ажиллагчид ажиллах учраас эдгээр газраар үйлчлүүлж болно.
  • Тавдугаар сарын 15-наас буюу долоо хоногийн дараачаас дархлаа дэмжих төвүүд буюу бялдаржуулах төв, фитнесс, саун, бассейн зэрэг газрууд давтан тундаа хамрагдсан хүмүүст нээлттэй болно. 

Тиймээс иргэд e-Mongolia-аас давтан тундаа хамрагдсаныг гэрчлэх QR код бүхий сертификатыг авах юм. Уг кодыг уншуулдаг системийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Даваа гараг гэхэд бэлэн болгоно. 

УОК тооцоолохдоо тавдугаар сарын 22-н гэхэд Улаанбаатар хот дахь вакцинд хамрагдах ёстой нэг сая хүн бүгд хамрагдсан байх ёстой гэж үзжээ. 

Хөдөлгөөнт тоо болох 200 орчим мянган хүн нэмэгдэхээр нийслэлд 1,143,000 хүн байгаагаас Улаанбаатарт харьяалагддаг 900 орчим мянган хүн байна. Өөрөөр хэлбэл, 900 мянгаас нэг сая хүнийг тухайн хугацаанд дархлаажуулсан байна гэж тооцжээ.

"Тавдугаар сарын 8-наас эхлээд хүнсний дэлгүүр ороход давтан тундаа хамрагдаагүй бол оруулахгүй гэж буруу ойлгож болохгүй"

"Давтан тунд хамрагдах хугацаа тавдугаар сарын 22-н, цаад хугацаа зургаадугаар сарын 1-н. Иргэд идэвхтэй байвал энэ хугацаанд Улаанбаатар хотын иргэдээ вакцинд бүрэн хамруулна. 

Орон нутагт идэвх өнөөдөр нэмэгдсэн. Улсын хэмжээнд 80 гаруй мянган хүн өнөөдөр вакцинаа хийлгэсэн. Энэ хурдаар явбал орон нутагт байгаа 1.1 сая иргэнийг тавдугаар сарын 22-н гэхэд эхний тунд хамрагдана гэсэн тооцоотой байна" хэмээн тэрбээр хэллээ.

Тиймээс тавдугаар сарын 22-н гэхэд давтан тундаа хамрагдсан иргэд орон нутагт зорчиход хязгаарлалт байхгүй. 

Ийнхүү вакцинд хамрагдсан иргэдийн нийгмийн харилцаан орох болон 50,000 төгрөгийн дэмжлэг нь дэлхийд вакцинжуулалт амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудад мөн хэрэгжүүлж байгаа хөшүүргийн арга гэдгийг тодотголоо. 

"Гэхдээ тавдугаар сарын 8-наас эхлээд хүнсний дэлгүүр ороход давтан тундаа хамрагдаагүй бол оруулахгүй гэж буруу ойлгож болохгүй. Хамгийн гол нь 15 минутаас дээш хугацаанд ойр харилцаанд ордог эрсдэл бүхий аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээхийн тулд ингэж зохицуулж байгаа. 

Ресторан, кофе шоп зэрэг газруудыг тавдугаар сарын 8-наас тодорхой хугацаанд зөвхөн хүргэлт, захиалгаар үйлчилнэ. Танхимаар үйлчлэхгүй. Эрсдэл хэвээр байна. Өдөр бүр 1,000 орчим хүнээс халдвар батлагдаж, нас баралт ч буурахгүй байна. Гэхдээ мэргэжлийнхний тооцооллоор 20 гаруй хоногт тодорхой үр дүнгүүд гарч байгаа бөгөөд шат дараатай сулруулахгүй бол дархлаажуулалтын үр дүнг талаар болгох тул ийнхүү шийдвэр гаргаж байгаа" хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.