​С.Чимидцэрэн: Заавал эсрэг бие шинжлүүлмээр байгаа бол вакцин тариулахаас өмнө хийлгэ гэж зөвлөнө

Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд заавал дархлаа тогтцын шинжилгээ хийлгэх ёстой эсэх, халдвар аваад эдгэрсэн иргэд вакцин тариулах эсэх талаар Анагаах ухааны доктор, дэд профессор дархлаа судлаач С.Чимидцэрэнтэй ярилцлаа.

-Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд өөрийн биед дархлаа тогтсон эсэхийг түргэвчилсэн тестээр шалгаж байна. Ингэж шалгах нь хэр зөв вэ?

-АНУ болон Хятад зэрэг олон улсын томоохон байгууллагууд эсрэг бие тодорхойлох ямар нэгэн шинжилгээг вакцин хийлгэхийн өмнө болон дараа хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Яагаад гэвэл маш богино хугацаанд халдвараас сэргийлэх вакцин бүтээж дэлхийн хүн амыг дархлаажуулж байсан туршлага байхгүй. Эсрэг бие тодорхойлох шинжилгээг хийснээр вакцинд үл итгэгч нарын ойлголтыг илүү өдөөх сөрөг талтай учир хийхийг зөвлөхгүй байгаа.

-Эсрэг бие тодорхойлох шинжилгээг улс орнууд зөвлөхгүй байгаа гэлээ. Тэгэхээр хүн амын дунд хэдэн хувь дархлаа тогтсон эсэхийг яаж тодорхойлох вэ?

-ДЭМБ болон Олон улсын байгууллагууд санхүүжүүлж Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, АШУҮИС хамтран үндсэний хэмжээний дархлаажуулалтын түвшин тодорхойлох судалгааг яг одоо хийгдэж байгаа. Вакцинжуулалт эхлэхээс өмнө ДЭМБ-ын санхүүжилтээр АШУҮИС эсрэг биеийн түвшин хүн амын дунд хэр тархсан эсэхийг тогтоох төсөл хэрэгжсэн. Ерөнхийдөө эсрэг биеийн түвшин тогтоох судалгааг вакцинжуулалт эхлэхээс өмнө хийхийг зөвлөдөг байсан. Өөрөөр хэлбэл вакцин маш өндөр өртөгтэй үйлдвэрлэгддэг био бэлдмэл учраас илүү зардал гарахаас сэргийлж зарим халдварт өвчний өмнө хүн амын тодорхой хувьд судалгаа хийдэг. Энэ зорилгоор АШУҮИС судалгааны эхний үр дүнг эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан. Энэ нь зөвхөн судалгааны зорилгоор хийгдсэн. Тус судалгааны үр дүнд коронавирус буюу улирлын коронавирус хүн амын томуу, томуу төст өвчний 30 хувьд нь байдаг байсан. Энэ нь тодорхой мутацид ороод цар тахал үүсгэсэн байж магадгүй гэж үзсэн. Тодруулбал, 2019 оны сүүл үе, 2020 оны эхэн үед хүн амын дунд байсан байж болзошгүй гэсэн урьдчилсан үр дүн гарсан. Гэхдээ энэ нь тухайн оношлуур  улирлын коронавирусээс ялгаж чадсан уу гэдэг дээр асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл улирлын коронавирус илрүүлсэн байх эрсдэлтэй гэсэн үг юм. Үнэхээр шинэ коронавирус бол манай улс аль хэдийнэ өнгөрсөн 2019 оны сүүлээр хүн амын дунд өргөн тархсан гэж ойлгож болно. Миний хувьд үүнийг шинэ коронавирусийн эсрэг бие байгаагүй байх гэж үзэж байгаа. Дээр хэлсэнчлэн вакцинжуулсны дараа болон халдвар авсны дараа хүн амын дунд эсрэг биеийн түвшин ямар байна вэ гэдгийг одоо судлаад явж байгаа. Энэ судалгаагаар Хятад, Орос, Энэтхэг, Герман вакцинуудын дархлаа тогтоох чадварыг дүгнэх гэсэн зорилго байхгүй харин хүн амын хэдэн хувь нь дархлаажуулагдсан байна вэ гэдгийг тогтоох юм.

-Бүрэн тунд хамрагдсан хүмүүс эсрэг бие тогтсон эсэхээ түргэвчилсэн оношлуураар шалгаж хариунд нь итгэж байна. Түргэвчилсэн оношлуурын хариу хэр үнэн вэ. Итгэж болох уу?

-Миний хувьд үүн дээр баталгаа өгч чадахгүй. Лабораторийн мэргэжилтний хувьд хэлэхэд түргэвчилсэн оношлуураар үзэж болно. Гэхдээ энэ нь өвдсөн хүнд ч, вакцин хийлгэсэн хүнд ч адилхан хариу гарч байгаа. Ерөнхийдөө эсрэг биеийн шинжилгээг вакцин хийлгэхээс өмнө хийлгэвэл зүгээр. Хэрвээ вакцин хийлгэхээс өмнө эсрэг биет илэрвэл вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн үг.

Хүний дархлаа тогтолцоо нь долгион хэлбэртэй явж байдаг. Дархлаа долгионы орой дээр байх үед эсрэг бие маш өндөр тодорхойлогдоно. Харин долгионы доор байрласан үед дархлаа бага тодорхойлогдоно. Долгион доор байвал дархлаа муу байна, дахин вакцин хийлгэнэ гэж бодож болохгүй. Тухайн дархлаа тодорхой хугацааны дараа дээд түвшин дээрээ гарч ирнэ.

-Халдвар аваад өвчлөөд эдгэрсэн хүнд эсрэг бие тогтсон байгаа. Гэтэл саяхан Эрүүл мэндийн яамнаас халдвар аваад өвчлөөд эдгэрсэн хүн 21 хоногийн дараа вакцин хийлгэнэ гэж мэдээлсэн. Эсрэг бие тогтсон хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Халдвар аваад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлага байхгүй. Тэгэхдээ халдвар аваад эдгэрсний дараа дархлаа хэр удаан тогтож байгаа судалгаа бидэнд байхгүй. Шинэ коронавирус гараад 1.6 жилийн хугацаа өнгөрч байна. Одоо л эхний судалгааны үр дүнгүүд гарч, өвдсөн хүмүүсийн эсрэг биеийн дархлаа жил хагасын дараа ямар байна вэ гэдэг нь гарах боломжтой болж байгаа.

Эсрэг бие нь дотроо олон янз байдаг. Үнэхээр саармагжуулагч эсрэг бие байна уу, эсвэл зүгээр хүний биед эргэлдэж байдаг эсрэг бие байна уу гэдгээс хамаарч ялгаатай. Мөн хэрэглэж байгаа оношлуур нь ямар эсрэг биеийг илэрхийлж байна вэ гэдгээс хамраач ялгаатай байдаг.

-Коронавурисийн үед дархлаагаа сайн дэмжихийг зөвлөж байгаа. Дархлаагаа хэрхэн дэмжих вэ гэдэг дээр Та уншигчдад зөвлөгөө өгнө үү?

-"Ковид-19"-ийн халдвараар өвдсөний дараа бие махбодын дархлаа бүрэн дайчлагдан ажиллаж ямар нэгэн хэмжээгээр дархлаа дарангуйлагдсан байдаг учраас дархлаанд нөлөөлөх индуктеруудыг хэрэглэж байна. Мөн янз бүрийн ургамлын гаралтай эмүүдийг хэрэглэж байна. Хамгийн гол нь амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гаргах, хоол ундаа зохистой хэрэглэх нь чухал. Одоо урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бүсгүйчүүд турахын тулд дэглэм барьж өөрсдийгөө уургийн дутагдалд оруулж дархлаагаа сулруулаад байна. Ер нь хоолоо сойх, мацаг барих зэрэг зүйлсийг зуны улиралд хэрэгжүүлэх нь таны эрүүл мэндэд сайн байдаг.  Тийм учраас халдварт өвчин зөвлөн ихтэй энэ үед дархлаа сулруулах ямар нэгэн зүйлсийг хийхгүй байхыг анхааруулж байна.

-Вакцин хийлгэснээс хойш ямар хугацааны дараа жирэмсэлж болох вэ?

-Дэлхий дахинд жирэмсэн болон жирэмслэхтэй холбоотой туршилт судалгаа маш бага учраас олон улсын байгууллагуудаас жирэмслэлтийг тодорхой хугацаанд барих зөвлөмжийг өгч байгаа. Хамгийн гол аюул нь жирэмсэлсэн ураг зулбах эрсдэл үүсгэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.