Б.БААТАРЧУЛУУН: Үйлдвэр технологийн паркийн журам хүчинтэй хэвээр байхад зөвшилцөөгүй олон газар олгогдсон

“Эрдэнэт хотын үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааны талаар “Эрдэнэт техно парк” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баатарчулуунаас зарим зүйлийг  тодрууллаа.Тухайлбал газар олголт хэрхэн явагдаж байгаа болон өнөөдөр үйл ажиллагаа ямар түвшинд  явагдаж байгаа түүнчлэн газрын маргааны талаар...

-Газрын маргаантай асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?Өнөөдөр энэ газарт зөвшөөрөл хэрхэн явагдаж байгаа болон орон нутагтайгаа ямар түвшинд хамтарч байгаа бэ?

-Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хил хязгаарыг аймгийн ИТХ-аас тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, Говилын үйлдвэрийн бүс, Улаантолгойн 2-р тасагт Агропарк, Зуны голын эхэнд Усан цахилгаан станц гэсэн 3 байршилд газар олголтыг хийсэн байдаг. Аймгийн ИТХ-аас үйлдвэрийн бүс нутгийн хилийг тогтоож өгөхөөс биш, захиран зарцуулах эрх нь аймгийн Засаг даргын мэдэлд байдаг юм.Өнгөрсөн жилүүдэд аймгийн удирдлагуудтай цөм болж ажиллаж үнэхээр чадаагүй.Зөвшилцөх хамтран шийдвэр гаргах тал дээр удирдлагууд бидэнтэй нэгдээгүй.

-Өнөөдөр Үйлдвэр технологийн паркийн мэдэлд ямар газар байна вэ?

-2011 онд аймгийн ИТХ-аас “Үйлдвэр технологийн паркийн газар нутаг”-ийг тогтоож өгсөн. Ингэхдээ тухайн газрын нийт талбайгаас хэсэгчлэн газар олголт хийхдээ заавал манайхаас санал авах ёстой гэж заасан. Гэтэл манайхаас ямар ч санал авалгүйгээр Эгийн голын сав газрын захиргаа зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжид газар олголт хийчихээд байна.

-Аймгийн ИТХ-аар нийт хичнээн га газар баталж өгсөн юм бэ?

-Манай компанийн мэдэлд Говилын районд 480 га, Усан цахилгаан станц 200 орчим га, Агропарк 140 га газар олгосон.

-Эрдэнэт үйлдвэр технологийн парк нь ШУТП-аас үйл ажиллагааны хувьд ямар ялгаатай талаар уншигчдад ойлголт өгөхгүй юу?

-Шинжлэх ухаан технологийн парк нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар статустай. Харин Эрдэнэт хотын үйлдвэр технологийн парк нь Засгийн газраас 5 жилийн тусгай зөвшөөрөл авсан парк гэж ойлгож болно. Паркийн техник эдийн засгийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, 3000 айлын суурьшлын бүсийн зураг төсвийг хийлгэсэн. Харамсалтай нь нэг ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Парк байгуулахад хуучнаар 27 орчим тэрбум төгрөг байсан нь одоогийн ханшаар 50 орчим тэрбум төгрөг болоод өсчихлөө. Үйлдвэр технологийн паркийн шинэчилсэн найруулга гэж бий. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь Байнгын хорооны хурал дээр буцаагдсан.

-Үйлдвэр технологийн парктай холбоотой газрын маргаан л яригдахаас биш, бусад мэдээлэл нь нээлттэй бус байна?

-Зөвшилцөөгүй олон газар олгогдсон. Үйлдвэр технологийн паркийн нутаг дэвсгэрт газар олгох, эзэмших журмыг аймгийн ИТХ-аар баталсан байдаг. Уг журам хүчингүй болоогүй. Мөн Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь манайд байна. Иргэдийн хувьд мэдээлэлд төөрөлдөж, буруу ойлгоод байх шиг байна. Бид өөрсдөө үйлдвэр байгуулаад явах юм биш, харин паркийн аж ахуй нэгжүүдийг төртэй холбох, хуулинд заасан хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлэх, дэд бүтцийг нь сайжруулах ажлыг хариуцсан удирдах нэгж юм. Манай газар дээр өнөөдрийн байдлаар “Бэрэн металл” үйл ажиллагаа явуулж, “Монгема” хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдэлж байх жишээтэй.

-Цаашид барьж байгаа бодлого, төлөвлөгөө юу байна вэ?

-Паркийн үйл ажиллагаа 4-5 үндсэн чиглэлтэй. Хууль батлагдвал үндсэн чиглэлийн хүрээнд төлөвлөсөн ажлууд хэрэгжих боломж бүрдэх юм. Эрдэнэт хот 100 гаруй мянган хүн амтай. Парк байгуулах гол зорилго нь Эрдэнэтийг Бэрх шиг, Наайх шиг болгохгүй гэж л зорьсон учраас үйлдвэржүүлэхээр ярьж байна. Зэсийн өөрийн өртөг 5000 ам.доллар, ханш нь 5000-аас доошоо орчихвол Эрдэнэт үйлдвэр ашигтай байх уу үгүй юу гэдэг яригдана.Ер нь өөрийгөө өмөөрч байгаа юм биш энэ асуудалд дан ганц биднийг буруутгах бус аймаг орон нутаг хамтран зайлшгүй шаардлага тулгарсан.

Тус паркийн газрын маргаантай асуудлаар ГХБХБГ-ын дарга Д.Цолмонгоос тодрууллаа.

Д.ЦОЛМОН: Говил багт том га талбайгаар газар эзэмшүүлсэн аж ахуйн нэгж нэг ч байхгүй

-2011 онд Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн газрыг баталсан тухай Б.Баатарчулуун дарга хэллээ. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Тухайн үед Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хил хязгаарыг тогтоож өгсөн. Гэхдээ энэ нь хэн нэгэнд эзэмшүүлсэн гэсэн үг биш юм. Тухайлбал, “Эрдэнэт техно парк” ХХК-д газрыг эзэмшүүлсүгэй гэсэн ямар ч шийдвэр гараагүй.

-Тухайн хилийн бүсэд аймаг дур мэдэн газар олгосон тухай асуудал яригдаад байна. Үүнийг ГХБХБГ–аас ямар боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн бэ?

-Эрдэнэт үйлдвэр технологийн паркид хил хязгаарын бүс тогтоосон тухай ИТХ-ын тогтоол бий. Үүний дараа Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэсэн төлөвлөлтийн баримт бичиг аймгийн ИТХ-аар батлагдсан. Үүнд автозам болон шугам сүлжээний трасс, шинээр хөрөнгө оруулалт шаардлагатай газруудыг бүсчилж өгсөн байдаг. Энэхүү баталсан төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөн дээр заасан иргэдийн хүсэлтийг харгалзан үзээд, дуудлага худалдаа явуулсан. Хуулийн дагуу явж байна. Жил бүр аудит, холбогдох шалгалтын байгууллагууд хяналт тавьж шалгадаг. Одоогоор ямар нэг хууль зөрчсөн тухай асуудал гараагүй. Газар олголт хийхдээ Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн удирдах ажилтнаас санал авах тухай албан ёсны тогтоол шийдвэр ч байхгүй.

-Тухайн парк нь Говил багт хэр том газар эзэмшдэг вэ?

-Ер нь Говил багт тийм том га талбайгаар газар эзэмшүүлсэн аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Тогтоолд хамрагдаж байгаа нийт газрыг хэн нэгний мэдэлд эзэмшүүлсэн зүйл ч байхгүй.

-Тухайн бүсэд үйлдвэрлэл явуулж байгаа ямар аж ахуйн нэгжүүд байна вэ?

-Тухайн бүсэд буюу батлагдсан хил хязгаар дотор эзэмшил газар нь багтаж байгаа аж ахуйн нэгжийг хуулийн хөнгөлөлтөд багтаах тухай зохицуулалт бий. Энэ хүрээнд л цөөн тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.