Б.Одончимэг: Ковидын халдвар нь хүний олон эрхтэнийг гэмтээж өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн 50-60 хувьд зовуурь бүрэн арилахгүй, удаан хугацаанд үргэлжилж байна

"Ковид-19"-ийн халдвар хүний уушгинд хэрхэн нөлөөлдөг, иргэд юунд анхаарах хэрэгтэй талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б. Одончимэгтэй ярилцлаа.

-Коронавирусийн халдвараар өвчилсөн үед хүний уушги хэрхэн өөрчлөгдөх вэ?

-"Ковиды-19"-ийн халдвараар өвдөөд эдгэрсэний дараа маш олон үйлчлүүлэгч манайд хандаж байгаа. Өмнө нь бид өдөрт 40-50 үйлчлүүлэгчдэд уушгины нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд орохоор ирдэг байсан бол одоо өдөрт 70-80 болж өссөн.

Коронавирусийн халдвар нь хүний олон эрхтэнийг гэмтээдэг. Өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн ойролцоогоор 50-60 хувьд зовуурь бүрэн арилахгүй, удаан хугацаанд үргэлжилж байна. Үүнийг "Ковид-19" дараах хам шинж гэж нэрлэсэн байдаг. Эдгээр хүмүүст бие сулрах, маш их ядрах, үүнээсээ болоод ачаалал даах чадвар буурах, ажлын чадамж буурах, амьсгаадах, ханиалгах, сэтгэн бодох чадвар удаашрах гэх мэт эд эсэд хүчилтөрөгчийн хангамж дутагдаж байна гэдгийг илтгэсэн ийм шинж удаан хугацаагаар илэрч байна.

Ковидын халдварын  үед үүссэн хатгаа нь богино хугацаанд уушгины хатуурал болж эргэшгүй өөрчлөлтөнд орж байгаа тохиолдлууд цөөнгүй байна. Үүнд, хавсарсан эмгэгтэй, өндөр настай, жирэмсэн, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна. Хэрэв уушгины хатуурал үүссэн бол уушги эргээд хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй, байнга амьсгаадах, амьдралын чанар буурна гэсэн үг.

-Фиброз буюу уушгины хатуурал нь ямар сөрөг үр дагавартай вэ. Хатуурал үүссэний дараа сэргээгдэх боломжтой юу?

-"Ковид-19"-өөр өвчлөөд эдгэсний дараа уушгины хатуурал үүссэн хүн амьсгалын дутагдалд ордог. Уушгины хатуурал нь уушгины эдийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулж хийн солилцоо явуулах үйл ажиллагаа алдагдана.Тухайн хүн байнга амьсгааддаг, ачаалал даах чадвар муудах эрсдэлтэй юм.

Түүнчлэн, уушгины хатуурал үүссэн бол эргээд бүрэн сэргээгдэхгүй. Иймд ковидын халдвар авсны дараа таньд амьсгаадах, ханиалгах, цээж давчдах бусад зовуурь илэрч байвал уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаж заавал үзүүлэх хэрэгтэй.  Бид уушгины хатуурал үүссэнийг асуумж, үзлэг,  шинжилгээ хийж байж оношилно. Хэрвээ үүссэн бол ямар эмчилгээ хийх хэрэгтэй, эсвэл хэвтүүлэн эмчлэх шаардлагатай эсэхийг шийдэж хянах юм.

-Уушгины хатуурлын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тайван байхад амьсгаадах, амьсгаадалт давшингуй нэмэгдэх, ханиалгах, ачаалал авах үед амьсгаадах, өмнө түвэггүй хийдэг байсан ажлаа хийж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүст та зөвлөгөө өгнө үү. Уушгиа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

-Дараах зөвлөмжийг даган уушгиа хамгаалаарай.

Зөв хооллолт - Халдварын үед уушгины эсүүд вирусий хордлогод хамгийн түрүүнд нэрвэгдэж ихээр гэмтсэн байдаг.  Өвчин эдгэрсэний дараа шинээр үүсч байгаа эсүүдэд  оролцдог уураг, өөх тосыг хангалттай хэмжээнд биедээ оруулах ёстой.

Хор гадагшлуулах Нян вирусийг, гэмтэж мөхсөн эсүүдийг биеэс зайлуулахад хангалттай хэмжээний шингэн хэрэглэх чухал байдаг. Шингэнийг дор хаяж кг жиндээ 30 мл-ээр тооцож хэрэглэх хэрэгтэй.     

Эрдэс витаминуудыг түлхүү хэрэглэх- Уушги буюу агаар дамжуулах замын бүтцийг сэргээхэд В5, В6-г агуулсан хүнс, эсвэл нэмэлтээр эдгээр витаминыг хэрэглэх нь уушгины эд эсийн нөхөн төлжөлтийг сайжруулах нөлөөтэй байдаг. Цайрыг хэрэглэх хэрэгтэй. Цайрын хоногийн тун нь 10-15 мл байдаг. Мөн цайраар баялаг хоол хүнс буюу мах, элэг, самар зэргийг түлхүү хэрэглэвэл цайрын дутагдлыг нөхөж чадна. 

Амьсгалын дасгал хийх - Чухал зүйл бол амьсгалын дасгал. Ковидын халдварын онцлог нь цусан хангамж ихтэй байдаг хоёр уушгины доод хэсгийг илүү их гэмтээдэг учир тэр хэсгийн уушгины агааржуулалтыг сайжруулах нөлөөтэй дасгалуудыг хийхийг зөвлөж байна.

Агаар Уушги болон хүний биед хамгийн хэрэгтэй зүйл бол агаар. Ой модтой газар хүчилтөрөгч ихээр ялгардаг. Агаарт өдөрт хоёр цаг түүнээс дээш хугацаанд байх, байнга гэртээ агаарын солилцоо хийх.

-Танай Уушги, Харшил судлалын төв аль чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна вэ. Та төвийнхөө үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Анх 1972 оны нэгдүгээр сарын 1-нд ЭХЯ-ны сайдын 359-р тушаалаар нэг их эмч, нэг сувилагчтайгаар спирографийн кабинет нээгдэн ажиллаж эхэлсэн түүхтэй.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги, харшил судлалын төв нь 2020 оноос УХСТөв болж өргөжсөн. Манай төв нь уушги, харшлын нарийн мэргэжлийн амбулаторийн тусламж үйлчилгээ,  гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, арьс хатгах сорил, уушгины дурангийн оношлогоо, эмчилгээ хийгдэн хэвтэн эмчлүүлэх хэсэгт жилдээ 1300 гаруй үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн оношилж  эмчилж байна. 2021 оны долдугаар сард Монголд шинэ дэвшилтэт технологи болох Гуурсан хоолойн хэт авиан дурангийн тоног төхөөрөмж манай эмнэлэгт ирж боловсон хүчинг бэлтгэх үе шатандаа явж байна.

Эх сурвалж: itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.