ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА Б.БАЯРЖАРГАЛ: Таны худалдан авалт бүр нэг ээжийн, нэг өрхийн амьдралд дэмжлэг болж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй

Эрдэнэт хотноо шинэхэн дэлгүүр нээлтээ хийлээ. Тус дэлгүүрийн онцлог нь ээжүүд, эмэгтэйчүүдийн сэтгэл шингээн урласан гар урлалын бүтээлийг олон нийтэд худалдан борлуулах томоохон зорилготой. Гоё сайхныг таашаагч Эрдэнэтчүүддээ зориулсан тус дэлгүүрийн бүтээл бүр гарааны бизнес болон хөгжиж, Монгол улсдаа төдийгүй хилийн чанадад гардаг гэж дуулаад хөдөлмөрч бүсгүйчүүдээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн сөн. Эмэгтэйчүүд бүтээж чаддагийг, бүтээлээрээ бусдыг баярлуулж чаддагийг тус дэлгүүрээс та мэдрэх нь гарцаагүй. Нээлтийн үеэр “Эрдэнэтийн ээжүүдийг чадавхижуулах холбоо” ТББ-ын тэргүүн Б.Баяржаргалтай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Гар урлалын дэлгүүр нээх санаа хэдийнээс төрөв, ингэж төрөлжихийн давуу тал юу вэ?

-Гар урлаачдын хувьд хийсэн бүтээлээ худалдан борлуулах тал дээр багагүй бэрхшээл тулгардаг. Энэ асуудлыг шийдэхээр зориглосон гэх үү дээ. Сүүлийн жилүүдэд урлаачдын тоо өсөхийн хэрээр бүтээлийн чанар, үзэмж дээшилж байна. Тиймээс Эрдэнэтийнхээ урлаачдын бүтээлийг худалдан борлуулах, олны хүртээл болгох, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн дэлгүүртэй боллоо. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч энэ ажлаа тодорхой хугацаагаар хойшлуулсан ч бид дэлгүүрийнхээ нээлтийг хийж чадлаа. Ажлын байр хомс өнөө үед олон бүсгүйн амьдрал, ар гэрт тус дэм болж чадна гэж бодож байна.

-Таны чин хүсэл?

-Гар урлалыг Эрдэнэтдээ түгээн дэлгэрүүлэх, ингэхдээ олон хүнд гар урлалын бүтээлээр бахдах сэтгэл төрүүлэх юм даа.

-Гар урлалын салбарыг орон нутагтаа хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Гар урлалын бүтээл олон төрөлтэй. Түүнийгээ дагаад түүхий эд, материал нь гаднаас буюу урд хөршөөс орж ирдэг. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас утас, даавуу, жижиг төрлийн бүхий л бэлдэцийг ингэж авахаас аргагүй байна. Харин авсан бэлдэцээ “амилуулж”, гоё сайхан зүйл урлана гэдэг урлаачийн нарийн ухаан юм. Үүнийг л орон нутгийн төр засаг, холбогдох удирдлагууд төдий л ойлгож өгдөггүй бэрхшээл бий. Тухайлбал, өнгөрсөн онд орон нутгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах уралдаан зохион байгуулагдахад манай урлаачдын бүтээлийг “Хятадын материалаар хийсэн байна” гээд уйлуулаад гаргаж байсан. Магадгүй энэ хүмүүс манай дэлгүүрээр ороод гарахдаа оюун сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, гараар юу урлан бүтээж болдгийг харах байх.

-Дэмжлэг авч байсан уу?

-Эрдэнэтийн урлаач бүсгүйчүүд дуу хоолойгоо нийгэмд хүргэх, сайн сайхан зүйлсэд сэтгэл нэгдэн, гар бие оролцохоор “Эрдэнэтийн ээжүүдийг чадавхижуулах холбоо” ТББ-ыг 2019 онд байгуулсан. Холбооны шугамаар аймаг болон сумын удирдлагуудад хандаж байсан. Энэ онд аймгаас 600 мянган төгрөгийн дэмжлэг олгосон. Энэ мөнгийг бид гэр хорооллын багуудад амьдарч байгаа тодорхой эрхэлсэн ажилгүй болон өрх толгойлсон, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй ээжүүд, эмэгтэйчүүдийг сургаж хөгжүүлэхэд зориулахаар төлөвлөсөн. Цар тахлын улмаас 6 дугаар сард төлөвлөсөн ажил маань хойшилсон ч ирэх 9 дүгээр сард багтаан сургалтаа зохион байгуулна.

-ТББ-ын зүгээс нийгэмд нөлөөлөх ямар ажлууд хийсэн бэ?

-Манай ТББ-ын гишүүд хэд хэдэн сайн үйлсийн аянд нэгдэн оролцсон. Өнгөрсөн 3-р сард хорих ангид хүмүүжигчдийн захидлыг ээжүүдэд нь гарын бэлэгтэй хүргэж өгсөн. Энэ сард л гэхэд урлаач н.Цэцэгбаярынхаа санаачилгаар “Зүрх мартахгүй” аянд гар урлалын бүтээл болох хүүхдийн чихмэл тоглоомоор нэгдэж, Улаанбаатар хот руу хүргүүлсэн. Аянд маань манай гишүүд, дэмжигчид мөнгөн хандиваар оролцож, нэхмэл урлаачид маань 60 бүтээл нэхсэн. Б.Болдсайхан эмчид үзүүлж байгаа тэр бяцхан “зүрхүүд”-ийг баярлуулсандаа бид хязгааргүй их баяртай байгаа. Саяхан Эрдэнэтийн нэг ээж, “Эмчидээ үзүүлсэн чинь ийм хөөрхөн тоглоом бэлэглэлээ. “Эрдэнэтийн ээжүүдийн урлан” гэсэн нь үнэхээр гоё санагдлаа” гэсэн урмын үгстэй сэтгэгдлээ цахим орчинд нийтэлсэн байсан. Энэ бүхэн нэг нэгэндээ өгч байгаа хайр, нийгэмд үзүүлж байгаа бидний бага ч гэсэн хөрөнгө оруулалт юм даа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцвал?

-Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 60-аад урлаач бий. Бүртгэлгүй олон урлаач Эрдэнэтэд байдаг болохоор цаашид бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид гишүүдээ хөгжүүлнэ, шинэ урлаачдаа сургана, тогтсон уралдаануудаа оноос өмнө зохион байгуулна. Мөн туршлага солилцох, хамтдаа суралцах зүйлс их байгаа ч ковидоос хамаарч цуглаж чадахгүй байна. төлөвлөсөн олон ажлаа амжуулна.

-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Маш их баярлалаа. Манай урлаачдын дийлэнх нь гэртээ хүүхдээ харангаа гар урлалын бүтээл урладаг хөдөлмөрч хүмүүс. Тиймээс таны худалдан авалт бүр нэг ээжийн, нэг өрхийн амьдралд дэмжлэг болж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гараар урласан бүтээлийн гайхамшгийг мэдэрч, сэтгэл шингээн урласан бидний бүтээлийг худалдан авч, өөртөө болоод бусдад аз жаргал бэлэглээрэй гэж энэ дашрамд Эрдэнэтчүүддээ уламжилья.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Сайхан ярилцлага болжээ. Найзынхаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье

Солонго

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Мундаг дайчин дүүдээ амжилт хүсэе хийсэн бүхнээр нь бахархаж явдаг шүү улам их амжилт хүсэе хайртай шүү

Мөнхзаяа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Duudee bayr hurgiy. Hiij buteeh chin setgeld ni saad buu tulgaragee.

Awidsuren odnoo

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.