Э.Пүрэвжав: Дүү нартаа хэлэхэд,танхимаар хичээллэж эхэлсэн нь азтай хэрэг шүү

Орхон аймгийн нэрийг улс даяар өргөж, 800 оноо авсан сурагчдын нэрсийг уншигч та харсан байх. Сурагчийн ширээгээ нулимстай үдсээр оюутан болж байгаа дүү нартаа сурлагын амжилт хүсэхийн ялдамд тэдний төлөөлөл болсон 800 онооны эзэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Байгалийн ухааны 14 сургуулийн 12б суралцдаг бөгөөд энэ жил 12 дугаар ангиа төгсөж байна.

-Батламж гардан авах үеийн мэдрэмжийг хуваалцвал?

-Хүндэтгэлийн өргөөнд орж шагнал авах гоё байлаа. 800 оноо авсан хүүхдүүдийг бэлтгэсэн багш нар, хүүхдүүд бүгд ирчихсэн, дарга нартай гар барьж, батламжаа гардан авсан. Үнэхээр сайхан санагдсан.

-Шалгалтад бэлтгэхэд тусалж дэмжсэн хүмүүстээ юу гэж хэлэх вэ?

-Юуны түрүүнд аав, ээж хоёртоо баярлалаа. Миний сургалтыг их дэмждэг. Ангийн багш Батзаяа, тухайн хичээлээр бэлтгэсэн багш Түвшинжаргал, Наранцэцэг нартаа баярлалаа. Мөн биологийн хичээлээр 800 оноо авахад тун бага оноо дутсан. Биологийн хичээлээр сургуулийнхаа Гантөмөр багш дээр давтлага авч, бэлтгэсэн. Гантөмөр багшдаа баярлаж талархсанаа илэрхийлье.

-Элсэлтийн Ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдийн хувьд амьдралдаа нэг том алхам хийж байна. Ер нь сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй оров, үеийнхнийхээ тухайд юу хэлэх вэ?

-Элсэлтийн шалгалт нэг удаа хойшилсон учраас бэлтгэлийн чанар муудахад нөлөөлсөн байж магадгүй. Мөн 12 дугаар анги төгсгөж байгаа багш нарын хувьд хүнд байсан болов уу. Зуны амралтынх нь хугацаанд ЭЕШ-ыг сунгасан учраас багш нар маань амарч чадаагүй гэж бодож байна.

-ЭЕШ-аа хэрхэн, яаж өгөх вэ гэж их шаналдаг юм шиг. Чиний хувьд өөртөө ямар зорилт тавьж, хэрхэн бэлтгэсэн бэ?

-Энэ жилийн хувьд боломж их байлаа. Би бага ангиасаа химийн хичээлийг сонирхож судалсан. Урт хугацаанд бэлтгэх боломж өгсөн нь давуу тал байсан. Сүүлийн 7 хоногт багш нар онол, тестээр Аймгаас зохион байгуулсан цахим сорилын шалгалтууд маш сайн бэлтгэсэн тест байсан. Миний хувьд аль болох тест ажиллаж, онолоо бататгаж шалгалтандаа бэлтгэсэн. Мөн өөртөө сайн амралт өгч, сайн нойр авах хэрэгтэй. Элсэлтийн шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө энэ дадлыг хэвшүүлбэл зүгээр. Хүүхдүүд мэргэжил сонголтын хичээлээс гадна өөрийгөө сорьж, бусад хичээлээр шалгалт өгдөг. Тэр үед өөрийн мэргэжил сонголтын хичээл дээр илүүтэй сандардаг юм байна. Сэтгэлзүйгээ бэлтгэхэд тайван байх л чухал. Гэхдээ хэтэрхий тайван байж болохгүй л дээ. Цаг нь их богино байсан.

-Цар тахлын үед нэлээд дэглэмтэй ЭЕШ өгсөн. Гэр бүлийнхээ хувьд ямар дэглэм баримтлав?

-2 дүүгээ гадагш гаргахгүйгээр хөл хорьсон. Өглөө эрт ээж л ажилдаа явна, бусад нь ЭЕШ-ыг дуустал аль болох явдлаа хязгаарлах нь дээр гэж гэр бүлийнхээ хүрээнд шийдсэн. 

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?

-Ажлын байран дээр гарсан ч сурахаа зогсоохгүй. Анагаахын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах юмсан л гэж бодож байна.

-Найзуудынх нь тухайд?

-Бүгд хүссэн сургуулиа авсан.

-Ажил мэргэжил сонголтын тал дээр зөвлөмж, зөвлөгөө авч байв уу?

-Бидний үед мэдээлэл их сайжирсан. Хүүхдүүдийн мэргэжил сонголтын тал дээр багш нар маань судалгаа авч, мэдээ мэдээлээр их хангасан. Би хүний их эмч болно гэдэг сонголтоо эрт хийсэн учраас эргэлзэх зүйл байгаагүй.

-14-р сургуулийн багш нарын тухайд хүүхдүүдээ хэрхэн бэлтгэсэн бол. Энэ жил 12 дугаар ангид элсэн орж байгаа дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?

-Танхимын хичээл орохоо болиход багш нар цахим хичээл зааж, цахим шалгалт авч, тасралтгүй бэлтгэсэн. Дүү нартаа хэлэхэд, танхимаар хичээллэж эхэлсэн нь азтай хэрэг шүү. Танхимын хичээлээ илүү сайн үзэж, судлаарай л гэж хэлье.

-Сургуулийнхаа багш нарын тухайд?

-Манай сургуулийн багш нар сургалт гэхээс илүүтэй хүүхдийн төлөвшилд их анхаардаг. Манай Батзаяа багш л гэхэд бүх хүүхдэдээ анхаарч, холбоотой байсан.

-Энэ жил 1000 гаруй хүүхэд ЭЕШ-нд орлоо. Мэргэжил сонголтын тал дээр хүүхдүүд ямар чиглэлээр суралцахыг хүсч байна вэ?

-Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэл, компьютер, IT технологийн чиглэлийг түлхүү сонирхолж байна. Анагаахын сургуульд орохын тулд заавал хими биологийн хичээлээр бэлтгэнэ. Тэр чиглэлээр ихэвчлэн охидуудтай хамт бэлтгэсэн, бүгд анагаахын чиглэлээр суралцах хуваарь авсан. Ер нь дийлэнх нь сонирхлоо дагаж байна гэж харсан.

-Хүүхдүүд гадаадад суралцах сонирхол ихтэй болсон өнөө үед Монголдоо чанартай боловсрол олгох их, дээд сургууль чиний бодлоор хэр олон байна?

-Би бакалаврын сургалтыг Монголдоо эзэмшиж, гадаадад мэргэжил дээшлүүлэх бодолтой байгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг “Сайн сургууль” гэж боддог учраас тэр сургуульд элсэн орох гэж бэлтгэсэн.

-9-р ангиасаа мэргэжих хичээлээ сонгон суралцах нь илүү үр дүнтэй байж чадаж байна уу?

-Тантай санал нэг байна. Мэдээж хүүхдүүд ахлах ангид өөрийн эзэмших мэргэжлийн суурь ойлголттой болчихсон байдаг тул тухайн чиглэлээр сонгон гүнзгийрүүлж суралцах нь илүү үр дүнтэй санагдсан.

-Эрдэнэт хотынхоо тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Саяхан "Баян-Өндөр" уул руу алхаж явахдаа “Оюутан болчихлоо, оюутан болоод гэрээ санадаг гэсэн” гэж бодоход хотоо гэр шигээ санах юм шиг санагдсан. Манай Эрдэнэт хамгийн гоё хот. Найрсаг дулаахан цаана л гоё...

-Эрдэнэтээр овоглодог хүмүүс дундаас хүндэлж явдаг хүн?

-Манай 14-р сургууль болон Анагаахын сургууль төгссөн Доржоо гэж ах бий. Улаанбаатарт очоод тэр ахтай уулзаж, үүсгэн байгуулсан клубт нь явна гэж бодож байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.