Альцхаймерын өвчний олон улсын нийгэмлэг ДЭМБ болон Засгийн газруудад хандан “COVID-19” цар тахлаас улбаатай диментиа өвчний талаарх өргөн хэмжээний судалгаа явуулахыг уриаллаа.

Тодруулбал, Альцхаймер өвчний судалгааны дэлхийн 100 гаруй холбоог төлөөлдөг Альцхаймерын өвчний олон улсын нийгэмлэгийн эрдэмтэд “COVID-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст мартах болон сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөл буурах буюу диментиа өвчний шинж тэмдэг ажиглагдах байдал бусадтай харьцуулахад өндөр байгааг онцолсон юм.

Үндсэндээ хүний тархины үйл ажиллагаа муудсанаар ой санамж, сэтгэх чадвар суларч, зан байдал, сэтгэл хөдлөл өөрчлөлтөд орохыг диментиа буюу ерөнхийд нь зөнөгрөх гэж тодорхойлдог. Харин альцхаймер нь хамгийн түгээмэл диментиа хэлбэр бөгөөд одоогоор хүн төрөлхтөн диментиагийн эмчилгээг хараахан нээж чадаагүй байгаа юм.

ДЭМБ-ын тооцоолсноор өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд диментиа өвчнөөр шаналж буй 50 сая гаруй хүн байдаг бөгөөд жил бүр 10 сая орчим хүн уг өвчнөөр оношлогддог байна. Цар тахлаас өмнө хийгдсэн судалгаагаар 2030 он гэхэд диментиа өвчтэй хүмүүсийн тоо 55-70 саяд хүрэх тооцоо байдаг аж.  

Тэгвэл Альцхаймерын холбооны олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр цар тахлын улмаас энэ тоо огцом нэмэгдэх, тэр дундаа харьцангуй залуу хүмүүс зөнөгрөх байдал нэмэгдэж болзошгүй талаарх судалгаануудыг танилцуулсан байна.   

Тухайлбал, АНУ-ын Альцхаймерын өвчин судлалын сангийн эрдэмтэд “SARS-CoV-2” вирусийн халдвар нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлж, танин мэдэхүйн хомстол, альцхаймер өвчний шинж тэмдгийг түргэсгэх байдал ажиглагдсан талаарх судалгааг танилцуулсан юм. Улмаар эрдэмтэд “COVID-19”-ийн халдвар хүний бие, тэр дундаа хүний тархинд удаан хугацаанд хэрхэн нөлөөлдөг талаар зайлшгүй судлах ёстой гэх асуудлыг дэвшүүлжээ.

Альцхаймерын өвчний олон улсын нийгэмлэгийн Танин мэдэхүй, тархины мэдрэлийн эрдэмтдийн зөвлөлийн тэргүүн, доктор Алиреза Атри энэ талаар “SARS-CoV-2” вирус нь биеийн дархлааг алдагдуулж, тархины бичил судаснуудыг гэмтээн, тархины үрэвсэл үүсгэдэг. Улмаар тархины үйл ажиллагаанд гэмтэл учирч харьцангуй залуу хүмүүст дементиа гэх мэт мэдрэлийн эмгэгийн шинж тэмдгүүд ажиглагдах болсон. Тухайлбал, коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст амт, үнэр алдагдах, тархины үйл ажиллагаа буурч ой санамж, сэтгэх, анхаарал төвлөрүүлэх чадвар муудах шинж тэмдгүүд илэрч байгаа явдлыг анхаарах ёстой. Тиймээс коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс өөрсдөдөө диментиа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхааралтай ажиглахыг зөвлөж байна. Бид COVID-19-ийн урт хугацааны үр нөлөөний талаар санаа зовох шаардлагатай” гэжээ.  

Эх сурвалж: CNBC, alz.org

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ