​Т.Бэгзсүрэн: Аравдугаар сарын эхээр эмнэлгийн ачаалал, нас баралт нэмэгдэх дүр зураг харагдаж байна

 УОК-ын дэргэдэх Судалгаа, шинжилгээний бүлгийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимд судлаач, доктор Т.Бэгзсүрэнтэй коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-ЭМЯ-аас дельта хувилбарын тархалтын оргил үе есдүгээр сарын 20-25-нд болж,  халдвар улам нэмэгдэх талаар мэдээлсэн. Та энэ судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

ХӨСҮТ, МУИС дээр хэд хэдэн тооцоолол хийдэг судалгааны баг халдвар, тархалтын урьдчилсан прогноз гаргадаг. Эдгээр тооцоолол есдүгээр сарын дунд эсвэл сүүл үед коронавирусийн оргил үе гэдгийг адилхан хэлж байна.

Бидний тодорхой мэдэж чадахгүй байгаа зүйл нь дельта хувилбар манай улсад хийсэн вакцины үр нөлөөг хэдэн хувиар бууруулж байгаа тухай юм. Энэ тухай олон улсын судалгаануудад вакцины төрлөөс хамааран 14-28 хувь гэсэн хязгаарт дельта хувилбар вакцины үр нөлөөг бууруулж байх магадлалтайг харуулсан. Монгол Улсад вакцины үр нөлөө ойролцоогоор альфагийн эсрэг халдвар авахаас 75 хувь сэргийлдэг байсан бол хоёр хязгаарын дунджаар тооцоолбол дельтагийн эсрэг 20 хувь буурч барагцаалбал 55 хувь болсон байх магадлалтай. Халдвар авсан гурван хүний нэг нь бүртгэгддэг тул  нийт халдварын тохиолдол 180000 хүн дельта хувилбараар нэмэгдэх магадлалтай.

Бид хамгийн сүүлийн тооцооллоо наймдугаар сарын 17-нд хийсэн. Энд өдөрт гарах тохиолдлын тоо есдүгээр сарын дунд хүртэл дорвитой буухгүй боловч арав, арваннэгдүгээр сард халдварын тоо жигд буурна. Оргил үедээ долоо хоногийн дундаж нь 2500-3000 орчимд тохиолдол илрэх бол зарим өдөр ихдээ 3700 орчим халдвар  бүртгэгдэх тооцоолол гарсан. 

Энэ динамик загвар, тооцоолол 14 хоног дотор 90 хувиас дээш үнэн, нэг сар дотроо 80 хувийн нийлэмжтэй байдаг. Зүйрлэвэл цаг агаарын мэдээтэй төстэй. Тоон судалгааг урт хугацаанд хийвэл алдаа гарах, буруудах магадлалтай ба нэг сараас илүү гарвал алдааны хувь өсөх юм. Халдвар бууруулахын эсрэг ямар нэг шийдвэр гаргахаас өмнө нөлөө нь ямар байхыг, хамгийн үр ашигтай хувилбарыг харуулдаг. Энэ тооцоолол ойлгох хүнд алтан гадас од шиг зүг чиглэлийг заадаг.

-Халдварын тоо вакцины үр, нөлөөгөөр жигд буурна гэсэн үг үү. Энэ нь нэмэлт буюу гуравдугаар тунтай холбоотой юу?

-Мэдээж хэрэг энэ дельта хувилбарын давлагаа мөн л вакцины нөлөөгөөр буурна. Хэрэв манай улсад дельта хувилбар орж ирээгүй байсан бол наймдугаар сарын сүүл гэхэд бүртгэгдэх халдвар 300-гаас доош болж, айх айдасгүй намартай золгох байв. Одоо альфа болон анхны хувилбарын тархалт олон нийт дунд маш бага, бараг дарагдаж байна. Гэвч дельта хувилбарын тархалт өсч  есдүгээр сарын 1 гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын 80-аас дээш хувь дельта хувилбар байх тооцоолол байна.

Гуравдугаар тунг хийлгэвэл мэдээж вакцины үр нөлөө өсч тодорхой хэмжээнд буурна. Харамсалтай нь гурав дахь тунг хийгээд вакцины үр нөлөө гарах хүртэл есдүгээр сарын давлагаа өөрөө байгалийн жамаараа буурч эхэлсэн байх магадлалтай. Бага зэрэг хожимдож байна гэж хэлж болно. Гэвч гурав дахь тунг хийснээр шинээр гарч ирэх өөр төрлийн мутаци хувилбараас үүсэх эрсдэл эсвэл энэ дельта хувилбарын давлагааг хурдан бууруулахад үр нөлөөтэйг онцлон хэлмээр байна.

-Дельта вирус маш хурдан хүнийг өвчлүүлж, хүндрүүлдэг. Тэгэхээр есдүгээр сарын давлагааны үед нас баралт болон эмнэлгийн ачаалал хэр ихсэх магадлалтай вэ?

-Дельта халдварлах чадвар альфатай харьцуулахад 60 хувь илүү. Манай улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 0.5 хувь буюу халдвар авсан 200 хүний нэг нь эндэж байна. Манай улс 64 хувиас дээш хүн амаа хоёр тун вакцинд хамруулсан учир 0.5 хувиас буурч 0.3 хувь хүрэх магадлалтай. Учир нь вакцин халдвараас сэргийлэх хувь нь багасаж байгаа ч халдвар авсан тохиолдол хүндрэхээс 90 дээш, нас барахаас мөн 90 хувь дээш хамгаалж байгаа юм.

Гэвч халдварын  хэт олон тохиолдол бүртгэгдээд байвал түүнийгээ дагаад олон хүн эндэх, амьсгалын аппарат дутагдах эрсдэл байж болзошгүй. Нас баралт алслагдмал байдал, эмнэлгийн хүртээмж зэргээс хамаараад орон нутагт илүү өндөр эрсдэлтэй.

Халдварын давлагаа явж өнгөрөхөд нас баралтын давлагаа 14 хоногоор хоцордог. Жишээ нь өнгөрсөн давлагаа зургадугаар сарын 18-нд оргил үедээ хүрч 2700 гарай тохиолдол бүртгэгдэж байсан бол долдугаар сарын 3-нд нас баралт 19 бүртгэгдэж байв. Эндээс үзвэл есдүгээр сарын дунд халдварын тохиолдлын оргил үе тохиовол нас баралт, эмнэлгийн ачаалал аравдугаар сарын эхээр хүнд байдалд орно. 

-Дельта хувилбар хот, хөдөөгүй тархсан энэ үед хичээл сургууль эхлүүлэх нь зөв шийдвэр байсан уу. Бид хичээл сургууль эхлүүлэхэд бэлэн үү?

-Боловсрол гэдэг ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Иймд танхимын хичээлийг үе шаттай нээх нь зүйтэй. Нээж эхлэхэд эерэг хоёр үндэслэл байна. Нэгд 12-17 насны 250 гаруй мянган хүүхдүүдийг “Пфайзер” вакцины бүрэн тунд хамруулсан. Ингэхээр ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүд халдварт өртөх эрсдэл харьцангуй багасна. Мөн 0-11 насны хүүхдүүд зөвхөн ангийн хүүхдүүд болох гэр бүл тодорхой хүмүүстэй контактад ордог учир ухаалаг зохицуулалттай байвал эрсдэл бага, мөн энэ насны хүүхдүүд коронавирусийн халдвар авсан ч хөнгөн өвдөж буй.

Тухайн бүс нутагт халдвар бүртгэгдээгүй, эсвэл алаг цог тархалттай бол танхимаар бүрэн хичээллэнэ. Харин голомтлон тархсан эсвэл нийтэд тархсан бол анги танхим дахь хүүхдийн тоог багасгаж, хүн хоорондын зайг ихэсгэж 2 ээлжээр хичээллэхээр болсон. 2 ээлжээр хичээллэх хугацааг халдвар тархалтын зүй тогтол, нууц үеийн халдвар тараахгүй байх хугацаатай уялдуулбал хамгийн үр ашигтай. Иймээс хэрэв альфа хувилбар давамгайлсан тохиолдолд 5:9, харин дельта хувилбар давамгайлсан үед 4:10 зарчмаар хичээллэнэ. Эдгээр хувилбар нь дан дельта хувилбарын нууц үеийн хугацаанд тулгуурлан тооцож үзсэн. Ингэснээр цэцэрлэг, сургуульд голомтлон халдварлах магадлалыг 80-аас дээш хувиар бууруулах боломжтой.

-ЕБС, СӨБ-ийн хичээллэх зарчмын талаар тодорхой зүйлс байгаа боловч эсрэгээр их дээд сургуулийн хувьд тодорхойгүй байх шиг байна. Та бүхний хувьд энэ талын зөвлөмж, судалгааг боловсруулж байна уу?

-Хичээл, сургууль эхлэхтэй холбоотой санал, зөвлөмжид эрдэмтдийн баг ажиллалаа. Ажлын хэсэг БШУЯ-ны мэргэжилтнүүд, НҮБ-ийн хүүхдийн сантай тодорхой хэмжээнд зөвлөлдсөн учир түлхүү ЕБС, СӨБ дээр голчлон анхаарч боловсруулсан. Харин их дээд сургуулийн хувьд яам, тамгын газруудын хамтаар ажилласан тул энэ талын мэдээлэл надад байхгүй. Их дээд сургуулийн оюутнуудын ихэнх нь вакцинд хамрагдсан, эрсдэл харьцангуй багатай гэж үзэж байгаа болов уу.  

Гэвч тодорхой эрсдэлүүд байгаа. Тодруулбал, дотоодын халдвар гарч эхлэх үед Улаанбаатарт байсан халдварт өртөөгүй оюутнууд орон нутаг руу явсан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тэдгээр оюутнууд хичээл нь эхлэх үед нийслэлд ирэхэд халдварт өртөх, халдварын тархалтыг хурдасгахад нэлээд нөлөө үзүүлэх эрсдэл байна.

Хоёрт, оюутны дотуур байранд эрсдэл бий. Тодруулбал, дотуур байрны нэг өрөөнд 4-5 оюутан нэг дор амьдарна. Өрөө жижигхэн зайтай учир нэг нь халдвар авахад бусад нэг өрөөний оюутан халдвар авах 90-ээс дээш хувийн магадлалтай байна. Иймд дотуур байрны зохион байгуулалт талаас өрөө хооронд дамжиж болохгүй, тодорхой цагийн хуваарийн дагуу бие засах, угаалгын өрөөг ашиглах зэрэг дэг, журмыг нарийн чанд дүрэм журам гаргаж халдвараас сэргийлэх хэрэгтэй байна.

Их дээд сургуулийн хувьд мөн ЕБС-ийн нэгэн адил 5:9 болон 4:10 зарчмаар хичээллэх боломжтой. Ялангуяа семинар, лекцийн хичээлийг ингэж зохицуулж болно. Жишээлбэл, МУИС лекцийн хичээлийг онлайнаар хичээллэх мөн семинарын хичээлд олон оюутан суух нөхцөл үүсвэл тухайн хичээлийг хоёр ээлжид хуваан өөр багшаар эсвэл 5:9 болон 4:10 зарчмаар хичээллэх зүйтэй гэж бодож байна.

-Дельта хувилбар тархсан энэ үед ард, иргэд хэрхэн халдвараас сэргийлэх хэрэгтэй вэ?

-Дельта вирусийн давлагаа аль хэдийн тархаад эхэлсэн энэ үед аль болох халдвар авахгүй, давлагааны гадна үлдэхийг хүн бүр хичээх хэрэгтэй. Мэдээж халдвараас сэргийлэх гол арга зам болох дэглэмүүдийг баримтлах нь чухал байна. Хүмүүс олон нийтийн газар халдвар хамгааллын дэглэмийг баримталж байгаа ч ажлын байр, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд дэглэм огт баримтлахгүй байна. Иймд халдвар энэ хүрээнд тархах эрсдэл байгаа юм. Хэрэв нэмэлт тун хийлгэх цаг нь болсон бол вакцинаа хийлгээрэй гэж иргэдээсээ хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж:itoim.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.