Эрүүл мэндийн байгууллагын халдварын мэдээлэл болон ДЭМБ-ын мэдээлэл зөрүүтэй талаар цахим орчинд мэдээлэл гараад байна. Энэ асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Эрүүл мэндийн яамнаас өдөр бүхэн зарладаг батлагдсан тохиолдол бол PCR шинжилгээгээр батлагдсан тоо юм. Энэ бол Монгол Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны тоо. ДЭМБ–аас зөрүүтэй мэдээлэл гаргасан нь рапид /түргэвчилсэн/ шинжилгээ болон PCR шинжилгээний хариуг нийлүүлсэн тоо байх магадлалтай. Ийм алдаа гарсан байж магадгүй. Бид зөвхөн PCR шинжилгээний хариугаар батлагдсан тохиолдлуудаа бүртгээд явдаг. 

Монгол Улсад дельта вариант долдугаар сарын эхээр бүртгэгдсэн. Өнөөдөр бүртгэгдэж байгаа тохиолдлын 50-иас дээш хувь нь дельта хувилбар. Дельта хувилбар илэрвэл заавал эмнэлэгт хэвтэх ёсгүй. Гэрээр ч эмчлэх боломжтой. Өмнөх хоёр давлагаатай харьцуулахад вакцинжуулсан иргэд их учир халдвараар хөнгөн өвчилж байна.

Халдварын хоёр дахь давлагаа буюу альфа хувилбарын үед нэн хүнд өвдөж байгаа хүний тоо 1.8 хувьтай байсан. Одоо ч гэсэн энэ хувь өсөөгүй байна. Тэгэхээр дельта хувилбар альфа хувилбараас илүү хүнийг хүндрүүлэхгүй байгаа нь ажиглагдаж байгаа.

Манай улс коронавирус илрүүлэх шинжилгээг өдөрт 650-700 сая төгрөгөөр хийж байна. Үүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээ орж байна. Гэхдээ одоо бүх нийтээр  дельта тархсан энэ үед тандалтын шинжилгээг ингэж хавтгайруулж хийх нь ач холбогдолгүй. 

Өдөрт хийж байгаа түргэвчилсэн шинжилгээний 14 орчим хувь нь эерэг илэрч байна. Тухайлбал, 1000 хүнд шинжилгээ хийхэд 140-г нь илрүүлж байгаа юм. Харин PCR шинжилгээ 28 хувь нь эерэг байна. Үүнээс харахад бид өдөр болгон шаардлагагүй шинжилгээнд 500 сая төгрөг зарцуулж байна. Жирэмсэн эмэгтэй, настай хүн, архаг хууч өвчтэй хүмүүс, мөн сургуулийн насны хүүхдүүдийн дунд тандалт хийх нь чухал байна.

Мөн рапид тест алдах буюу хуурамч эерэг, хуурамч сөрөг гарах магадлалтай. Өвдсөн хүн өвдөөгүй, өвдөөгүй хүн өвдсөн болоод байна. PCR шинжилгээгээр үнэн байх магадлал нь хамаагүй өндөр гарч байна.

ХӨСҮТ-ийн шөнийн цагаар хөл хорих саналыг Эрүүл мэндийн  яам дэмжинэ. Халдвар тархах, дамжих замыг хязгаарлаагүй байж халдвартай тэмцэнэ гэдэг худлаа. Тэгэхээр дамжих замыг хязгаарлахад чиглэсэн алхам нь хөл хорио юм. Яагаад гэхээр халдвар битүү орчинд амны хаалтаа авснаас маш их тархаж байна. Тиймээс амны хаалтаа авч үйлчлүүлдэг үйлчилгээг тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ