П.ГАНЗОРИГ: Хийсэн ажлаа иргэдэд хүргэх, санал солилцох тал нь хаалттай ч төлөөлөгч нарын хувьд төлөвлөсөн ажлуудаа шат дараатай хийж явна

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Яргуйт багийн бусад багаас ялгарах онцлог юу вэ, иргэдийг төлөөлсөн төлөөлөгчийн хувьд багаа хөгжүүлэх бодлогын талаар хуваалцахгүй юу? 

-Яргуйт баг нь Орхон аймгийн хамгийн “отгон” баг хэдий ч хүн амын нягтаршлаар Эрдэнэ багийн дараа 2-рт ордог. Хүн амын нягтаршил ихтэй байгаа тул хийх ажил ихтэй, булан тохой бүрт шийдэх асуудлууд бий. Хуучин цагт тээврийн жолооч нарын шаварт суудаг газар шүү дээ. Одоо айлууд суурьшсан ч шаварлаг хөрстэй хэвээр байгаа юм. 2016 онд миний бие хурлын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа хайрга шороо зөөж, багийнхаа гудамжаар асгах ажлыг эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш гудамж талбайн тохижилтын бүхий л ажилтай нэр холбоотой яваа. Өмнө нь явган хүн гудамжаар явахад бэрх байсан бол одоо аль ч гудамжаар нь автомашинаар чөлөөтэй зорчиход саадгүй болсон. Гэхдээ засварлах, сайжруулах шаардлагатай гудамжууд байгааг үгүйсгэхгүй. Унтаад босоод ирэхэд бүх асуудал шийдэгдэхгүй, төсвийн мөнгө хэмжээ хязгаартай тул аль болох үе шаттайгаар шийдээд явж байна.

2021 онд багийнхаа иргэдэд дуулгах нэг сайхан мэдээ нь Яргуйт баг төвийн дулаанд холбогдох эхний ажлуудаа хийхээр боллоо. “2024 онд дулаанд холбоно” гэж “ам гарахгүй” ч энэ том ажлын эхлэлийг тавьж байгаа нь чухал гэдгийг ойлгоорой. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын багуудаас Цагаанчулуут, Баянцагаан баг л дулаанд холбогдох шугамаа тавиад байна. Ямартаа ч аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Майцэцэг, Баян-Өндөр сумын төлөөлөгч Ц.Отгонбаяр нартайгаа хамтран, энэ том ажлыг эхлүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга болоод УИХ-ын гишүүнд удаа дараа хандсаны үр шим гарч байна. Үүнийг дагаад хаагуур ямар шугам холбох, усан сангуудыг хаана байрлуулах зэрэг тооцоо судалгаа, зураг төсөв хийгдэнэ.

 -2022 онд Яргуйт багт хийгдэх ажлуудыг энэ онд батална. Ирэх онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

-Манай багт гудамж талбайн тохижилтын асуудал хүнд байдаг талаар дээр хэлсэнчлэн 10-аад гудамжийг засварлаж тохижуулахаар 2 төлөөлөгчтэйгээ ярилцаж, төсвийн төлөвлөгөөнд оруулсан. Яргуйт баг хотын захын гэр хороолол тул багийн нутаг дэвсгэрийн ердөө 30 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй. Бусад баг гэрэлтүүлгээ бүрэн шийдсэний зэрэгцээ гэрэл гэрэлтүүлэг нь асах асахгүйн тухай яригддаг бол манай багт огт гэрэл байхгүй. Иймээс харанхуй байгаа хэсгүүдээ гэрэлтүүлэгтэй болгохыг зорьж байна. 21 дүгээр зуунд гэрэлгүй гудамжаар алхана гэдэг зүйл байж болохгүй шүү дээ. Хулгай дээрмийн халдлагаас сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулалт хийнэ. Мөн Яргуйт багт баригдаж байгаа цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. УИХ-ын гишүүн Д.Батлутад хандан, хар зам холбох болон сургуулийн барилгыг улсын төсөвт суулгаж өгөөч гэсэн саналаа хүргүүлсэн байгаа. Хийж бүтээх хүсэл их байна. Үе шаттайгаар хийх болно.

-Орчинд нь амьдраад үзэхээр асуудал илүү ойр харагддаг гэдэг дээ. Цар тахлын энэ амаргүй цаг үед багтайгаа хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Ковидын нөхцөл хүнд байгаа тул иргэн бүртэй уулзах, санал хүсэлтийг нь хүлээн авах, багийн ИНХ-ын хуралдаанаа зохион байгуулж, санаа бодлыг нь сонсох бүх ажил хаалттай хэвээр байна. Хийсэн ажлаа иргэдэд хүргэх, санал солилцох тал нь хаалттай ч төлөөлөгч нарын хувьд төлөвлөсөн ажлуудаа шат дараатай хийж яваа. Цахим орчныг ашиглан өөрийн хяагаар, багийн нэгдсэн группээр дамжуулан мэдээ мэдээллээ хуваалцахыг хичээж байна.

-Хаягжилтын асуудал дээр?

-Хаягжилт мэдээж хийгдэнэ. Яргуйт баг нь Орхон аймгийн 2 дахь том баг учраас хоёр хуваан салгах тухай асуудал яригдаж байна. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төсвийн тухай хуульд баг салах тухай асуудал бий. Салчихвал 2 баг дээр хаягжуулалтын ажлыг жигд хийнэ. Одоогоор салах эсэх нь шийдгүй байгаа тул ирэх онд хаягжилтын тал дээр төлөвлөсөн зүйл алга.

-Төлөөлөгч нар маань сургууль, цэцэрлэгүүдтэй хэр ойр хамтран ажиллаж байна вэ?

-Сургууль цэцэрлэгийнхээ багш нарыг нэг удаагийн бээлий, амны хаалт, ариутгалын бодис хангахад дэмжлэг үзүүлж байгаа. Өрхийн эмнэлгүүд харьцангуй ачаалалтай байна. Үндсэн чиг үүргийн ажлаас гадна цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн ачаалал ихсэссэн тул халдвар хамгааллын ажилд хамтран оролцож, дэмжлэг үзүүлдэг.

-Баг дээр иргэд гар бие оролцож болохуйц ямар ажлууд байна вэ?

-Миний бие болон Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаяр маань Яргуйт багт амьдардаг. “Яргуйтын залуус” ТББ-ын УЗ-ийн гишүүнээр М.Майцэцэг гишүүн ажиллаж, байнгын эргэх холбоотой иргэдтэйгээ харилцаж байна. Тиймээс бид гурвыг Яргуйт багийн булан тохойд юу байдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс гэж хэлж болно. Хашаа хороогоо үлгэр жишээ тохижуулсан айл өрхүүд бий. Саяхан аймгийн Засаг даргын захирамжаар “Шарилжгүй баг” аян зарлагдсан. Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн нийт талбайн 80 орчим хувийг шарилжнаас салгасан. Багийн дийлэнх өрхийн байшин, хашаа нь шинэ учраас байгаа орчиндоо ая тухтай амьдрахыг л бүгд хичээж байгаа. Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа эко ариун цэврийн байгууламжийг айл өрхөд суурилуулах төслийн хүрээнд үлгэр жишээ тохижилттой амьдардаг айл өрхүүдээ уг төсөлд хамруулахыг зорьсон. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.