Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй бүрэлдэхүүн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна

   Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй бүрэлдэхүүн өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ээлжит хуралдааныг тус үйлдвэр дээр хуралдуулж, стратегийн өндөр ач холбогдолтой, тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэн байна. Тус ажлын бүрэлдэхүүнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс гадна ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар багтжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, яамдын төлөөллүүд Эрдэнэт үйлдвэр дэх ажлын айлчлалаа тус үйлдвэрийн удирдлага, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж эхэллээ. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн "Өчигдөр Өнөөдөр-Маргааш" сэдвээр илтгэл тавьж, үйлдвэрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа "Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын товч танилцуулга", Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх "Орон сууцны хувьчлалын асуудал", Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа "Төр, засгийн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн танилцуулга" сэдвээр танилцуулга мэдээлэл хийж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын баг Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Өнөөдөр тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн том төсөл хөтөлбөрийн үйл явцтай танилцана. Харин маргааш Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ээлжит хуралдаан болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.