БШУЯ: Дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна

Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өглөө аймгийн ЗДТГ-т ажиллаж орон нутгийн удирдлагууд болон холбогдох алба хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт цаг үеийн мэдээлэл болон Орхон аймагт хэрэгжүүлж эхлээд буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан.

Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал манай аймагт хэрэгжиж буй “Багш” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан бол ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сургууль бүрд сурагчдын гутал хувцас болон, зарим хичээлийн хэрэглэлээ хийх зориулалттай шүүгээг тавьж өгөхөд нийт 900 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа зэрэг тодорхой саналуудыг танилцууллаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь манай аймагт ажиллах үеэр цэцэрлэгийн багш нарыг гурван ээлжээр ажиллуулах саналыг аймгийн удирдлагуудын зүгээс танилцуулсан бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх талаараа БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр амлалаа.

Түүнчлэн аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачилгаар сургууль бүрт сурагч хөгжлийн танхим байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Дараа нь Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 1-р сургуулийн өргөтгөлийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Тус өргөтгөлийн барилга Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2018 оноос баригдаж эхэлсэн ч ажил удаашралтай байгаа. Барилгын гүйцэтгэгчээр “Немон констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны 12-р сард ашиглалтад оруулна хэмээн компанийн инженерүүд ярьж байна.

920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай 3 давхар энэхүү сургуулийн барилгын чанарын асуудал дээр анхаарч, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг тус компанид, захиалагчийн хяналтыг сайтар тавихыг БЗХБА-нд Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тус тус үүрэг болголоо.

Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр үдээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа ШУТИС, МУИС-ын харъяа “Эрдэнэт” сургуульд тус тус ажиллаж багш оюутнуудын төлөөлөлтэй уулзах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.