Х.ТӨГСБАЯР: Ногоон хөгжлийг эрхэмлэсэн жишиг баг бий болгох тал дээр Баянбулаг баг анхны алхамуудаа хийж эхэлсэн

       Орхон аймгийн ИТХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 5 бүсгүй төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байгаа төлөөлөгч   Х.Төгсбаярыг энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.

-Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Таны хувьд Баян-Өндөр сумын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Сум, аймгийн хурлын ялгааг хэрхэн харж байна вэ? Өнгөрсөн 2 жилийн хугацаанд сонгогдсон багтаа ямар ажлууд амжуулав?

-Эмэгтэй хүнийхээ хувьд хийж бүтээх зүтгэл их бий. Багийнхаа иргэд, сонгогчдыг төлөөлөн аймгийн ИТХ-д ажиллаж байгаагийн хувьд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг шат дараатай хийхээр ажиллаж байна. Баянбулаг багийнхаа айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох нэн тэргүүний ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу тендер зарлагдаад явж байна.

Мөн хүүхдэд чиглэсэн ажлуудыг далайцтай хийхийг зорьсон. Багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хэсэгчилсэн байдлаар ашиглалтад оруулах хүсэлт өгсний дагуу барилгыг ашиглалтад орууллаа. Цэцэрлэг маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 2 тусгай анги нээснээрээ онцлог болсон. Энэ онд Орхон аймгийн төсвийн хөрөнгөөр 27 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг хийхээр 127 сая төгрөг төсөвлөсний дагуу өнөөдрийн байдлаар тендер шалгаруулалт нь хийгдээд байна. Түүнчлэн манай багийн 16 дугаар сургууль баригдаад олон жил болсон ч гадна тохижилт нь дутуу байсныг чамгүй хэмжээнд хийж гүйцэтгэсэн. Одоо сургуулийн заалны асуудал санхүүжилтээс болж түр хугацаанд зогссон байгаа.

-Баян-Өндөр сумын хойморт оршдог Баянбулаг багийн иргэдийн ая тухыг хангахад чиглэсэн ямар ажлууд хийгдсэн бол?

-MOН2301 төсөл амжилттай хэрэгжиж, гэр хорооллын худгуудыг төвлөрсөн усан хангамжтай болгож чадсан. Уг ажлын хүрээнд айл өрхийг цэвэр усны шугамд холбох ажил яригдаж эхэлсэн. Цэвэр усанд холбогдвол 5 хос шугам, дулааны шугам тавьснаас бага  зардлаар айлууд дулаан, усаа татах боломж бүрдэх юм. Тиймээс Баянбулаг багийн арын 3 эгнээг цэвэр усны шугамд холбооор трассын зураг хийгдэж байна.

-Баг бүрт шийдвэрлэх асуудал нь өөр өөр байгаа харагддаг. Танай багийн иргэдийн дийлэнх нь автозам тавиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг шүү дээ. Энэ ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Яригддаг гол сэдвийн нэг нь шороон автозамын ажил яах аргагүй мөн. Мөрөөдлийн зураглал гэдэг шиг мөрөөдлийн ажил бас бий. Энэ нь Баянбулаг багийн 3 дугаар хэсгийн хажуугийн замыг засмал зам болгочих юмсан гэж бодож явна. Булаг, Баянбулаг багийг холбосон хөндлөн зам, мөн “ББ-Од” ХХК-ийн уулзвараас ус түгээх 2-р цэг буюу худаг хүртэл засмал болон чулуун зам тавигдсан. Ингэснээр богино рессийн нийтийн тээвээр явах боломж бүрдэж байгаа хэдий ч өгсүүр яваад зам дуусч байгаа тул замыг цааш үргэлжлүүлэх, зээлийн эцсээр  холбох төлөвлөгөөтэй байна. Айл өрх бүр ус, дулаантай болчихвол хүний амьдрах орчин нөхцөл сайжрахаас гадна иргэдийн газрын үнэлгээ эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой болох юм.

-Орхон аймгаас хэрэгжүүлж байгаа эко ариун цэврийн байгууламжийг төслийн шугамаар суурилуулах ажил өнгөрсөн зун багуудад хийгдсэн. Баянбулаг багийг анхдагч баг гэдэг утгаар нь хөрсний бохирдол ихтэй гэж үздэг. Та бүхэн хөрсний бохирдлыг багасах тал дээр ямар шийдэл, гарц гаргалгаа хайж байна вэ?

-Багийнхаа онцлогийг харгалзан энэ ажлын хүрээнд 2 ажил хийж байна. Нэгдүгээрт, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа соруулдаг 00 буюу, сайжруулсан модон 00 болгон өөрчлөх ажлыг багтаа хийж байна. Нэг багт тун цөөн хуваарьтай тул бид дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй буюу арын 2, 3 дугаар хэсгийн айлуудыг энэхүү төсөлд хамруулсан. Мөн 3 дугаар хэсгийн дундуур МОН2301 төслийн цэвэр усны шугам тавих боломжтой байгаа тул 00-ийг нь холбож, өөрсдийнх нь хүч хөдөлмөрөөр шийдэх асуудлыг хөөцөлдөж байна. 2 дугаар хэсгийн урд хэсгээр холбох болможтой гэсэн трасс гарсан тул энэ хэсгээр шугамд холбохоор төлөвлөсөн.

-Багийн нийт хүн амын хэдэн хувийг хүүхдүүд эзэлдэг вэ? Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд хүүхдүүд гэртээ байсан шүү дээ. Гэр хорооллын хүүхдүүдийн тоглох орчин нөхцөлийг шийдэх нь чухал асуудлын нэг юм шиг санагддаг?

-Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Тоглоомын талбай” төслийн хүрээнд Баянбулаг багт нэг тоглоомын талбай баригдсан. Энэ нь 2 дугаар хэсгийн ард буюу нэлээд хойгуур байрлалтай хийгдсэн. Хуучин сургуулийн ар талд болон 3 дугаар хэсгийн зүүн талд тоглоомын талбайтай байсан юм. Ер нь багийг тойрсон тоглоомын талбайтай болсон гэсэн үг.

Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан юнивишны холболт манай баг руу орж ирсэн. Энэ нь хүүхдүүдийн цахимаар сурах орчин нөхцөлийг хангахад томоохон дэмжлэг боллоо. Өндөр хурдны шилэн кабелийн холболт хийгдсэнээр нэг талаас хүүхдүүд мэдээллээр хангагдах боломжтой болж, нөгөө талаас гэр бүлд эдийн засгийн хэмнэлтэй хэрэглээг авахын зэрэгцээ сургуулийн багш, эцэг эхчүүдийн харилцаа холбоо сайжирч, хүүхдүүдийн хараа хяналт дээшилсэн гэж харж байна. Түүнчлэн үүрэн телефоны Мобиком компани VOO үйлчилгээгээ манай багт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ дашрамд Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Очирцэрмаа багийн Засаг даргаар ажиллаж байгаа тул эдгээр ажлыг амжуулахад том түлхэц болж байгааг онцлон хэлмээр байна.

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар үйл ажиллагааны зардал гэж сар бүр 500 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Энэ мөнгийг та юунд зарцуулдаг вэ?

-Ойлголтын хувьд аймгийн ИТХ-аас шууд үйл ажиллагааны зардал гэж мөнгө хуваарилдаггүй. Энэ мөнгийг иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу олгодог. Цар тахлын үед дээрх мөнгөөр эмийн багц бэлтгэж хандивын журмаар иргэддээ олголт хийсэн. Энэ сард томуу болон томуу төст өвчний судалгаанд зориулж, Орхон аймгийн ЭМГ-ын Тархвар судлаач эмч Отгонжаргалд хандивласан. Удахгүй хийсэн ажлын тайлангаа ирүүлнэ гэсэн. Миний хувьд аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны даргаар ажиллаж байгаа тул энэ бүх ажлыг амжуулахдаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сэтгэл гарган ажиллаж байгаа.

-Өнгөрсөн хугацанд ИТХ-ын төлөөлөгч нар иргэдтэйгээ биечлэн уулзах боломж хомс байлаа. Энэ үед иргэдтэй ямар замаар, хэрхэн холбогдож ажиллав?

-нөхцөл байдалдаа тохируулан цахим уулзалтууд хийдэг болсон. Нэг удаагийн цахим уулзалтад 35-40 хүн оролцож, 1.30 минцутаас 2 цагийн хугацаанд үргэлжлэхдээ иргэдийн санаа бодол, хүсэлтийг сонсох, хийгдэж байгаа ажлуудын явц байдлыг танилцуулах зэргээр явагдсан. Гар утсаар их ажил амжуулж байна. Биечлэн уулзах хэцүү байгаа ч гэлээ цахим орчинд холбоотой байх нь мэдээллээ богино хугацаанд солилцох, асуудлаа шийдвэрлэхэд дөхөм байна. Манай багийн хэмжээнд цахим уулзалтаа нэлээд тогтворжууллаа. Мөн 7 хоногийн 1-2 өдөр багтаа ажиллах, багийн байрандаа тогтмол ажиллах бодолтой байна.

-Таныг Дэлхийн зөн ОУБ-д ажиллаж байсныг олон хүн мэднэ. Хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байсны хувьд иргэдтэй илүү ойр ажиллаж байсан хэдий ч иргэдийн эрх ашгийн үүднээс төлөөлөгч болж ажиллах хэр ялгаатай байна?

-Өмнө нь Дэлхийн зөн ОУБ-д ажиллах хугацаандаа өрх бүрийн иргэн бүртэй тулж ажилладаг байлаа. Олон Улсын байгууллагын уриа “Хүүхэд бүр, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө” хэмээсэн нь их гүн гүнзгий агуулгатай. Тиймээс ч хүүхдэд хамаарал бүхий бүх л хүний амьдрал ахуйг судалдаг байсан. Аймгийн төлөөлөгч болсны нэг ялгаатай тал нь бүтээн байгуулалт тал руугаа ирж байгаа санал нь илүү, иргэн талдаа ирж байгаа санал харьцангуй бага байдаг юм байна. иргэдтэй уулзах давтамж бас багатай. “Дэлхийн Зөн” ОУБ-ын буянаар олон хүн таньдгийн хүчээр аймгийн ИТХ-д сонгогдсон гэж боддог. Тийм ч учраас надтай нүүр тулж ярилцаж амжаагүй ч бай, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд чадах бүхнээ хийнэ гэж боддог. Төлөөлөгчийн хувьд багийнхаа нийтлэг эрх ашгийн төлөө хүчин зүтгэхээс аргагүй байна.

-Багийн газар нутгийг тэлэх боломжгүйг бид мэдэж байгаа. Тиймээс жишиг баг болох тал дээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Ахиц, алхамын хувьд ЦТП буюу шугамын үл хөдлөхөө бриад авна. Энэ дагуу айлуудаа шугамд холбох ажил хийгдэнэ. Хүн бүр хашаандаа байшинтай биш, айл бүрийн байшин гоё биш, бас өрх бүрийн байшин дулаан алдагдалтай биш шүү дээ. Газрын үнэлгээ өсөж байгаа энэ цаг үед өөрсдийн хичээл зүтгэлээр дулаандаа холбогдоод аваасай гэдэг саналыг тусгаж оруулсан. Мөн анхны баг учраас ногоон хөгжлийг эрхэмлэсэн жишиг баг бий болгох тал дээр анхны алхамуудаа хийж байна. Эхний ээлжинд багийн байраа ногоон байгууламжтай болгосон. Ийм үлгэр жишээ байгууламжтай баг одоогоор байхгүй. Ногоон байгууламжаар дамжуулан хүүхдүүдийн эрүүл, аюулгүй амьдарх орныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Ирэх жилийн төсөвт МОН2301 төслийн дагуу иргэдийг цэвэр усны шугамд холбох, зам засварын ажил, он дамнан хийгдэж байгаа тендерийн ажлуудад хяналт тавих зэрэг саналаа хүргүүлсэн.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

mundag shuu amjilt husie.

Oogii uka

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.