Н.Алтанхуяг: Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус бүлгийн хуралд оролцож танилцуулга хийсэн байна. Тэрээр "Өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн төвшин 8.9 хувьтай байгаа" гэжээ. Мэдээлэлтэй холбогдуулан АН-ын гишүүд байр суурийг илэрхийлжээ.
Д.ГАНБАТ: -Та бүхэн эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Хүндрэл бидний өмнө байгаа шүү. Хүндрэл банкинд удахгүй нөлөөлж эхэлнэ. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа, ажлын явц ямар байна. Гадаад валютын нөөц маш эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байна. Энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатай.
Ц.ТУВААН: -Би лав эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцид ч эргэлзэж байна. Долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. 
О.ЦОГТЭГЭРЭЛ: -Өнгөрсөн жил инфляцийг зургаа гэж тооцож байсан ч одоо 8.9 хувь байна. 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна. Ирэх жилээс банкууд нээлтэй хувьцаат болно. 
Н.АЛТАНХУЯГ: -Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна.
Б.БЕЙСЕН: -10 их наяд жижиг компани, үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өслөө. Малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй.
Б.ПҮРЭВДОРЖ: -Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтыг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү.
Ш.АДЬШАА: -Монголбанк зээлийн хар жагсаалтаас өршөөх цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь зөв, гэхдээ үүнийг дагаад хууль бус үйлдэл Монголбанкинд цэцэглэсэн. Сүүлийн үед койн борлуулж 200-300 тэрбумаар яригдах мөнгийг зах зээлээс босгож байна. Монголбанк санхүүгийн бүх үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл зуун зуун тэрбумын асуудал яригдаж байхад манайд хамаагүй гэж болохгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.