Д.МӨНХМАА: Эцэг эхчүүдийн дийлэнх гаргадаг алдаа нь тэд өөрөөрөө үлгэрлэж чаддаггүй

 

         Цагаан цаас шиг хүүхдийн сэтгэлийг эрээн цоохор болтол эрээчиж, сэтгэлзүйн дарамтад оруулдаг нь хэн бэ?Өнөөгийн хүүхдүүд юу хүсч мөрөөдөж байгааг бид хэрхэн мэдэх вэ? Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцаа үүсгэж чаддаг уу. Эдгээрийг тойрсон олон асуултад хариулт эрэлхийлж Соёлыг түгээе аяны хүрээнд 5 дугаар сургуулийн сэтгэлзүйч Д.Мөнхмаатай ярилцлаа. Ээж, аав болсон та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах ганц ч болов “түлхүүр”-ийг мөн харилцааны тал дээр хэрхэн хандах арга барилын тухай бага ч болов мэдлэг олж авна гэж найдаж байна. 

     - Цар тахлын хөл хорионы үед хүүхдүүд илүүтэй бухимдалтай байлаа. Гар утас, сошиал орчны хүрээнд хязгаарлагдмал харилцаа үүссэнээс болж хүүхдийн сэтгэлзүй гэмтсэн юм шиг санагддаг. Сэтгэлзүй нь гэмтсэн хүүхэд түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ, тэр хүүхдийг бид яаж таних вэ?

- Сэтгэлзүйн гэмтэл гэхээр хүнд сонсдож магадгүй л дээ. Ер нь хөл хорионы үед маш олон хүүхэд айдас, түгшүүр, хаягдсан мэт мэдрэмж авсан тул амьд харилцаа хэрэгтэй байлаа. Өсвөр насныхан гэр бүлээс илүү найз нөхөд, үеийнхэнтэйгээ харилцдаг учраас найз нөхөдгүй болсон мэт мэдрэмж нь маш хэцүү. Нэг сургуульд 2000-3000 хүүхэд суралцаж байна. Сэтгэлзүйчтэй уулзах цаг бичүүлж байгаа хүүхэд олон байгааг харахад хүнтэй ярилцах хэрэгцээ ямар их байгаа нь харагдах болов уу. Тухайн хүүхэдтэй нэг удаа уулзаад болчигүй шүү дээ. Хамгийн багадаа 4-5 удаа уулзаж, 12 дугаар анги төгстөл нь харгалзах шаардлагатай. Тиймээс эцэг эхчүүд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Сэтгэлзүйн зөвлөгөөнд явж байгаа гээд 7 хоногтоо 1-2 удаа юмуу сард нэг удаа уулзаж байгааг томчууд эерэгээр ойлгож, хандлагаа өөрчлөөсэй. Заавал сэтгэлзүйн эмчилгээ шаардлагатай хүүхэд гэлтгүй хэн нэгэнтэй ярилцах хүсэлтэй хүүхэд ч ирдэг юм шүү. Тэдэнд айхтар зөвлөгөө хэрэг болдоггүй л дээ, зүгээр л сайн сонсох хэрэгтэй. Уйлж уйлж гарахдаа “Та мундаг шүү” гээд гардаг. Өнгөрсөн 2 жилийн хугацаа хүүхдүүдэд хэн нэгэнтэй харилцах, ярилцах, амьд харилцаа үүсгэх маш их хэрэгцээ байсныг харуулаад байгаа юм. Сургуулиудад сэтгэлзүйчээр ажиллаж байгаа нь сайн хэрэг.  

      - Сэтгэлзүйн хувьд эрүүл хүүхдүүд амар амгалан байж, баяр баясгалантайгаар өөрийгөө илэрхийлж, бусадтай харилцаа үүсгэдэг шүү дээ. “Найз” төвтэй насан дээрээ яваа өсвөр үеийнхний сэтгэлзүйг эцэг эхчүүд нь хэрхэн ойлгох ёстой вэ?

- Эцэг эхчүүд хүүхдээ өсвөр насанд дээрээ явааг мэддэг хэрнээ яаж харилцахаа мэддэггүй тал бий. Зарим нь өөрсдөө сэтгэлзүйн хувьд асуудалтай эцэг эхчүүд ч байна. Өөрөө өсвөр насны үедээ ямар байсан, тэр үедээ сэтгэлзүйн ан цав үүссэн бол эргээд хүүхэдтэйгээ харилцахдаа алдаа гаргадаг. Тухайлбал, бага насандаа ямар ч дугуйлан секцэнд явж байгаагүй ээж аавууд хүүхдийнхээ дуртай дургүйг харгалзахгүйгээр төрөл бүрийн дугуйланд явуулах гэж зүтгээд байдаг. Мөн хэт их хараа хяналттай байсан бол хүүхдээ хэтэрхий задгай орхих ч юмуу өөрийнхөө авч чадаагүй дутуугийн мэдрэмжийг хүүхэд дээрээ нөхөх гэж оролддог. Энэ нь өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх шалтгаан болоод байгаа юм. Нэг ээж, “Хүүхэдтэйгээ байнга ярилцдаг” гэж байхад, хүүхэд нь “Ээж намайг сонсолгүйгээр юм яриад байдаг. Түүнийгээ надтай ярилцаж байна гэж ойлгодог” гэх жишээтэй. Ярилцлагын 80-90 хувийг хүүхдээ сонсоход зарцуулах юм.

    - Эцэг эхчүүдэд юу зөвлөх вэ?

- “Хүүхдийнхээ мэдрэмжийг битгий дараарай” гэж хэлмээр байна. Хөвгүүд маань илүү дотогшоо болсон байна. Уйлах бол уйл гэдгийг хэлж байх хэрэгтэй л дээ. Хүүхэд биш, хувь хүн гэдэг талаас нь анхаарч байгаасай.

    - Эцэг эхчүүд юун дээр алддаг вэ. Идэх хоол, өмсөх хувцас чинь бэлэн байна, гэтэл тэнд байгаа африк хүүхдийг хар ч гэх юмуу харьцуулалт их гаргаж ирдэг шүү дээ. Та сэтгэлзүйч хүний хувьд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах соёлын харилцааг яавал дээр гэж хардаг вэ?

- Эцэг эхчүүдийн дийлэнх гаргадаг алдаа нь их энгийн. Тэд өөрөөрөө үлгэрлэж чаддаггүй. Тухайлбал, утас үзэж болохгүй гэж хэлсэн мөртлөө өөрсдөө орондоо ороод утсаа үздэг. Энэ нь хүүхдүүдэд “Ээж болж байхад би болно” гэх маягаар хандлага төрүүлдэг. Нэг хүүхэдтэй уулзахад, “Би ядуу айлын хүүхэд болж үзмээр байна. Би гэрээсээ зугтаад ядуу айлд очиж амьдармаар байна” гэж байсан. Тухайн үед сонин санагдсан л даа. Гэтэл гэр бүлийн зүгээс маш сайхан орчинд амьдруулж байгаагаа хүүхдэдээ илэрхийлэхдээ “Чи хэрвээ ядуу айлын хүүхэд байсан бол яах юм” гэж байнга хэлдэг нь тэр хүүхдийн сэтгэлзүй болоод сонголтод нөлөөлж байх жишээтэй. Бид хэлж байгаа үгээ боддоггүй, гэтэл хүүхэд бидний хэлснийг маш их боддог. Энэ ялгааг эцэг эхчүүд маш их анзаарч харах хэрэгтэй.

    - Өнөөгийн нийгэм хүүхдэд юугаараа халтай байна вэ? Бид сошиал хэрэглээнээс холдуулах ямар ч аргагүй болчихлоо?

- 70, 80, 90-ээд оны залуус эд хөрөнгөнд чиглэж амьдардаг хүмүүс болчихжээ. Байртай болчихвол машинтай болно гээд зүтгэдэг. Гэтэл одоогийн хүүхдүүдийн ялгаа нь эд материалыг баримжаалдаггүй. Эцэг эхчүүд ихэвчлэн, “Чи тогтмол орлоготой ажилд орвол гоё”, “Чи Америкт их дээд сургууль төгсвөл гоё” гэж хэлдэг бол өсвөр насны хүүхэд өөрийн дуртай зүйлийг хийх, хувь хүний хөгжилдөө анхаардаг. Тэдний ертөнц тэс өөр. Хүүхэдтэй ярилцахад энэ бүхэн тодорхой харагддаг.

    - Хүүхдэд  соёлын тухай ойлголтыг хэрхэн суулгах ёстой юм бол. Z үеийнхэнд зориулсан үг хэллэг, соёлын ялгааны талаар? 

- Уламжлалт соёл чухал хэдий ч би, “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, “Оргүйгээс охинтой нь дээр”, “Шалчигнасан юм, битгий охин шиг зан гарга” зэрэг зарим хатуу үгийг ишлэл татахгүй байхыг боддог. Энэ бүхэн хүүхдийг баригдмал, хаалттай болгож эхэлдэг. Улмаар сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүйгээс тамхи татах зэргээр буруу зүйлд уруу татагддаг тал бий. Сэтгэлдээ бугшиж явсаар нэг өдөр тамхи татахаар бага зэрэг тайвшрал өгч байгаа нь сайхан санагдаж эхэлнэ. Тиймээс уламжлалт соёл руу шахаж, тэдний сэтгэлзүйг битгий гэмтээгээч гэж хэлэхийг хүсч байна. аливаад жоохон мэдрэмжтэй хандаж, арай өөр талаас нь хардаг байгаасай. “Hi” гэж мэдлэх нь ялаагүй л харилцааны нэг соёл шүү дээ. Заавал таарсан бүхэнтэйгээ бөхөлзөж мэндлэх шаардлагагүйг л томчууд ойлгодог болоосой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Мэргэжлийн хүний зүгээс олж харсан энгийн хэрнээ их чухал зүйлүүдийг ярьжээ. Харилцах хэрэгцээ нь өсвөр насны хүүхдийн үндсэн үйл ажиллагаа бөгөөд тэдний хөгжилд хамгийн их нөлөөлдөг шүү дээ.

Х.Сансартуяа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.