Д.БҮҮВЭЙБААТАР: 11 хороололд дулаан бүрэн хэмжээгээр хэвийн байдалд орох боломжгүй, хуучин орон сууцанд амьдарч байгаа иргэд орцоороо дулаалга хийж, заадсаа сайн бөглөх хэрэгтэй

Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц энэ онд өргөтгөл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Иргэд, олон нийт хүлээлттэй байгаа энэ цаг үед орон сууцнуудын халаалтыг нэмэх эсэх талаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн дарга Д.Бүүвэйбаатарыг урьж оролцууллаа. Бид дулааны цахилгаан станцаас дахин энэ асуудлаар тодруулга мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

-Энэ жил орон сууцны халаалт нэмэгдэх үү, “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн зүгээс ямар хариулт өгөх бол?

-Албан ёсны хариултыг Дулааны цахилгаан станцаас өгөх байх. Эрдэнэт хотын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Дулааны цахилгаан станц өргөтгөл хийсэн. Уг өргөтгөлийн хүрээнд хуучин 4 зуух ажиллаж байсан бол одоо 7 зуух ажилладаг болсон. Хэдийгээр хүчин чадал нэмэгдсэн ч Эрдэнэт хотын нийт орон сууцны 80 гаруй хувийг хуучин орон сууц эзэлдэг тул дулаан алдагдал ихтэй байдаг нь гол асуудал болоод байгаа юм. Дулааны цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс илүү гарсан нэмэлт дулаанаа хот руу нийлүүлдэг байсан. Өргөтгөлийн зуух тавьснаас хойш нэмэлт температураа тэдгээр зууханд дамжуулж, айл өрхүүд рүү дулаан нийлүүлэх боломжгүй болсон.

-Учир шалтгааныг нь иргэдэд илүү тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Дулааны чиглэлээр 2011 оноос хойш огт хийгдээгүй байсан тооцооллыг 2021 онд “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн багш нар хийж гүйцэтгэлээ. Эндээс харахад манай Дулааны цахилгаан станцын хүчин чадал хангалттай байгаа хэдий ч дамжуулах шугамын зарим тооцоолол буруу хийгдсэнээс болж хүндрэлтэй газрууд нэлээд гарсан. Тиймээс Эрдэнэ, Шанд, Рашаант, Наран баг руу дулаан өгөх ямар ч боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар халаалт муу, хамгийн их гомдолтой байгаа нь 5, 6, 11 дүгээр хорооллын оршин суугчид байна.

Дулааны шугамд өргөтгөл хийгээгүйн улмаас үүсч байгаа энэ асуудлыг “Диспетчерийн үндэсний төв рүү мэдэгдэж, гурвалсан гэрээ байгуулъя” гэдэг саналыг аймгийн Засаг дарга С.Батжаргал гаргалаа. Дулааны цахилгаан станц нь хэрэглэгчдийн гомдол хүлээн авдаг газар биш тул манай руу иргэд хандахаас аргагүй юм. Бид шөнийн температураа барьж чадвал иргэдээс ирэх гомдол харьцангуй багасах байх гэж харж байна. Стандарт горимоороо дулаан өгснөөр Эрдэнэтчүүд сэрүүн температурт дасах хэрэгтэй болно.

-Сүүлийн жилүүдэд дулааны шугамыг шинэчлэх ажилд хөрөнгө оруулалт хийгдсэн үү?

-Засаг дарга асан Д.Оюунбатын үед станцынхан хамтраад 500 дугаар захирамжийг гаргасан байдаг. Үүнээс болж шугам эзэнгүйдсэн. Дамжуулах шугамын зарим хэсгийг аймгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Гэтэл дунд нь 700 орчим м.кв шугам өргөтгөж чадаагүй орхисон. Ямартаа ч энэ өвлийг давах тохируулга үйлчилгээг бүрэн хийсэн.

-Өнөөдрийн байдлаар хичнээн айл өрх, албан байгууллагад үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Төрийн зарим томоохон байгууллага Дулааны цахилгаан станцтай гэрээтэй байдаг тул аймгийн хэмжээнд 1200 орчим аж ахуйн нэгж, 13 мянган айл өрх манай байгууллагад хамаарч байна.

-Иргэдийн дуудлагын дагуу түргэн шуурхай үйлчилдэггүй гэсэн гомдол танай байгууллагад хамааралтай их ирдэг. Дулааны доголдол гарч байгаа улиралдаа ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх боломжтой юу?

-Эрчим хүчний салбарын байгууллагууд дотор “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн ажилчдын цалин харьцангуй бага үнэлгээтэй. Тиймээс цөөн хүн хүчээр их ажил амжуулахыг зорьж ажилладаг. Үндсэндээ хэрэглэгчийн тоо бага тул орон тоо нэмэх боломжгүй байна. Энэ онд шинэ орон сууцнууд нэмэгдэж, хэрэглэгчийн тоо өссөхийн хэрээр орлого нэмэгдсэн ч аваарын зардал их хэмжээгээр гарлаа. Өмнө нь цэвэр усны асуудлаар 3-4 аваарын тохиолдол гардаг байсан бол энэ онд 15-16 аваар гарч, халаалтын шугамд хүртэл асуудал үүссэн. Энэ оны тухайд 50 сая төгрөг аваарын зардалд төсөвлөсөн хэдий ч хүрэлцсэнгүй. Ер нь тендерийн ажлаар хийгдэж байгаа шугам хоолой стандарт, чанарын хувьд хангалттай бус байгаагаас шугам цоорох хүндрэл гарч байна.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компани цалингийн хувьд манайхаас илүү тул сайн ажилчид маань шилжих тохиолдол гардаг. Тиймээс дотоодын инженер техникийн ажилчдын хүчээр сургалт зохион байгуулж хэвшсэн. Тогтвортой ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа.

-Иргэд, оршин суугчид, халаалтын доголдолтой байгаа хэрэглэгчдэд хандан юу хэлэх вэ?

-11 дүгээр хороололд тэжээгдэж байгаа 2-3 эх үүсвэр бий. Гидрогеологийн тооцоолол хийсэн багийнхан ямар ч боломжгүйг хэлсэн. Тухайн хороолол нь амины орон сууц олонтой. Ирэх онд бид 11 дүгээр хорооллын оршин суугчидтай гэрээ байгуулж ажиллана. Өнгөрсөн онд нэлээд ажил зохион байгуулсан. Энэ дашрамд бүрэн хэмжээгээр хэвийн байдалд орох боломжгүйг хэлэх нь зөв байх.

-Бусад хороололд ч орон сууцны халуун хүйтэнтэй холбоотой асуудлууд бий шүү дээ?

-Ер нь манай хэрэглэгчид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Дулааны горимыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хуучин орон сууцны гал тогоо, унтлагын өрөөг +17-18 градус, том өрөөг +22-23 градус байх ёстой гэж заасан байдаг. Хуучин орон сууцнууд өгөх буцах шугамтай буюу өгөх нь том өрөө, буцах нь гал тогоо, унтлагын өрөө болж, градусаа тохируулах боломжтой. Гэтэл шинэ баригдаж байгаа барилгын бүх өрөө ижил. Унтлагын өрөө, гал тогоог том өрөөтэй ижил градусаар халаах горимтой. Халаалт нь +22-23 градус байхад халаалтаа голоод байдаг талтай. Хуучин орон сууцанд амьдарч байгаа иргэд орцоороо дулаалга хийж, заадсаа сайн бөглөх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.