Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэр олон улсад ямар нэгэн зээлийн гэрээтэй холбоотой асуудал гаргаагүй

 Хэвлэлийн бага хурлаас...

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, өнөөг хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдэнэт үйлдвэр нь 2017 оноос хойш жил бүр үйлдвэрлэл, эдийн засгийн батлагдсан зорилтот түвшний үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлж ирсэн. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газраар ажилласан сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, 2016 онд 126.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 онд 263 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,  улс орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан талаарх мэдээлэлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултанд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа хэвлэлийн бага хурлын үер хариулт өглөө. 

Тэрээр одоогоор энэхүү зээлийн асуудал судалгааны шатанд яригдаж байгаа тул шууд гэрээ гэж ойлгож болохгүй гэв. Ирэх онд том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судалсан ажил байгаа ч олон улсад ямар нэгэн зээлийн гэрээ хэлэлцээр бол огт хийгдээгүй гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой төсөв тооцоо, санхүүжилтийг 2019 оноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас жил бүр баталдаг болсон. Иймд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн 2019 оноос хойш тус үйлдвэр нь банк санхүү, олон улсын байгууллагад төлөх өр зээлгүй, эдийн засгийн дарамтгүй ажилласныг энэ үер онцоллоо.Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад урамшуулал олгох асуудал тасалдсан эсэх оны өмнө олгох уу гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулт өгөхдөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ төрсөн өдөр буюу 12-р сарын 14 ны өдөр ажиллагсдадаа  тодорхой хэмжээний урамшуулал олгох асуудал яригдсан ч тушаал шийдвэр одоогоор огт гараагүй эцсийн шийдвэр гараагүй гэв.

Уурхайчид, баялаг бүтээгч хамт олны маань ажил үйлсийг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхны Монгол Улсын баатар үйлдвэр болсон.

2020-2021 онд Коронавируст халдварын цар тахал тархаж, бидний гэр бүл, орон нутаг, улс үндэстэн, дэлхий нийтэд хүнд сорилт тулгарсан, амаргүй цаг үед уурхайчдаа болон тэдний гэр бүлийн эрүүл энх, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй, хэвийн жигд явуулах, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ бууруулахгүйн төлөө бид хичээж ажиллаж байна.

Цар тахал нүүрлэсэн эдгээр хүнд жилүүдэд “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийн сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга давуулан биелүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр  биелүүлж ирлээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоолд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан баталгаажуулсан чухал баримт бичиг болсон. Энэ хүрээнд ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлийг баталсны дагуу бид хэтийн зорилтоо тав таван жилийн төлөвлөгөөтэй боловсруулан жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө тодотгон тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 80 орчим хувь нь элэгдэлд орсон байсан үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг шинэчиллээ.

Хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөж чадсан. Өөрөөр хэлбэл, бид геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдлээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах, олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, улс орны ирээдүй, үйлдвэржилтийн бодлого, хөгжлийн асуудал юм.

Тиймээс үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр шимийг Монголчууд бүгд хүртэх боломжтой. Иймд Эрдэнэт үйлдвэрийг цаашид  үр ашигтай ажиллуулахын төлөө  бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө  үзүүлэлт бүрээр давуулан биелүүллээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100-138.2 хувиар, ашгийн төлөвлөгөөг 2.5 дахин давуулан биелүүлсэн. 

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улс орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын хүрээнд нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын тог цахилгаан, дулаан уур ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөгийг төлөөд байна.

 

Эрдэнэт үйлдвэрийн 240 сая ам.долларын барьцаанд тавилаа гэх гарчиг бүхий мэдээлэл Toim.mn сайтад  2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 22 цаг орчимд нийтлэгдсэн байна.  Энэхүү мэдээлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:

2.1 Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүхий л өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2019, 2020, 2021 онд нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна.

2.2 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны бизнес төлөвлөгөөг ТӨБЗГ-аас 2020 оны 12 сард баталсан. Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин гүйцэтгэлээр өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн зээл авалгүй ажиллаж байна. Тиймээс дээрх 240 сая долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирсэн, үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь худал мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар үйлдвэрийн дансанд зээлийн санхүүжилт гэх нэг ч төгрөг, нэг ч ам.доллар ороогүй байна.  (Сүүлийн нэг сарын хугацааны дансны орлогын мэдээллийг хавсаргав.)

Ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд шаардлагатай. Энэ бол бизнесийн зарчим. Тодорхой хэмжээнд үр ашигтай зээл, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бизнесийн шийдэл, боломжууд байдаг. Энэ зарчмаар бид 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусгаад, ТӨБЗГ-ын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлээд ажиллаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.