Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй нас барсан иргэний зээлийг төрөөс тэглэнэ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Хоёр жил гаруйн өмнө дараах гунигт түүх цахим орчинд олны анхаарлыг татаж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Орших: -Аав маань саяхан бурхан болсон юм. Манай аав 1982 оноос хойш улсын байгууллагад 20, хувиараа 10-аад жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн. Жил гаруйхан тэтгэвэр аваад бурхан болсон. Аав маань арилжааны банкнаас тэтгэврийн зээл авчихсан байсан. Нас барах үед нь зээлийн үлдэгдэл нь гурван сая гаруй төгрөг байсан. Одоо бид энэ зээлийг нь сар бүр төлж байна. Сард 320 мянган төгрөг төлдөг. Харин ч зээл олгосон арилжааны банк нь бөөнд нь төлөхийг шаардаагүй. Гэрээнийх нь дагуу төлж дуусгах ёстой гэсэн. Улсаас буяны ажилд нь зарцуулах нэг удаагийн тэтгэмж сая төгрөг олгосон. Гэвч сая төгрөг гэдэг буяны ажилд зарцуулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө. “Насаараа ажиллаж улсдаа татвараа төлчихөөд түүнийхээ үр ашгийг хүртэж чадсангүй дээ” гэж аавыгаа их өрөвдлөө.

Амьдрал дээр ийм л зүйл болдог учраас УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж, олон нийтээс санал авч байгаа юм байна. Тэрээр “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна. ​Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш эрс нэмэгдэж байна. Тиймээс ихэнх өндөр настнууд тэтгэврийн зээл авч амьжиргаагаа залгуулж байна. ​2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441201 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 277527 орчим нь 50000 төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500000 төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа. Энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Тэтгэвэр авагч иргэн бол төрөөс зүгээр сууж байгаад халамж нэхэж, төсөвт хүндрэл учруулж байгаа иргэн биш. Тэд ажиллаж хөдөлмөрлөж тодорхой хугацаанд ирээдүйд эдийн засгийн баталгаатай амьдрах үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн цаг үеийнхээ мөнгөний ханшаар төлсөн иргэн. Тэгэхээр өөрийн бий болгосон хуримтлалаа ирээдүйд авахдаа амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй, тэднийг ядууралд түлхэж тэтгэврийн зээл авахад хүргэж байна гэж дүгнэж байна. ​Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.

​Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй нас барсан иргэд бол хөдөлмөр эрхэлж, олсон орлогоосоо НДШ-ээ төлсөн буюу тэтгэвэр тогтоолгоод сайхан амьдрах алхмаа хийж, үүргээ биелүүлсэн хүмүүс. Гэтэл нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийн өрийг ар гэрийнхэн нь төлөх үүрэг хүлээж байгаа нь буруу” хэмээн хуулийн төслөө танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилсан энэхүү хуулийн төсөл олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа ч Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, тэтгэврийн зээлээ төлж дуусалгүй нас барсан иргэний зээлийг төрөөс тэглэхдээ тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй цаг үед уг хуулийн төслийг Засгийн газар дэмжихгүй байх магадлалтай. Дэмжлээ ч УИХ сөрөг хүчнээс санаачилсан олон нийтээс нэмэх оноо авах хуулийн төслийг дэмжих үү. Халамжийн шинжтэй энэхүү хуулийн төслийг эрх баригчид 2024 оны сонгуулийн өмнө л батлах магадлалтай. Үгүй бол сөрөг хүчний сонгуульд барьж орох чухал хөзрийн нэг болох юм.

Эх сурвалж: Eagle.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Hezee heregjih boldoo

Ondor nastan

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.