М.МАЙЦЭЦЭГ: Чин сэтгэлээсээ бусдыг баярлуулах үе нь залуу нас гэж боддог

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч бид тэмдэглэлт баяруудыг чамгүй алгассан ч энэ оныг чимээ аниргүй үдэх боломжгүй юм. Тиймдээ ч сүрлэг сайхан сүлд мод айл бүрийн хойморт заларсан энэхүү баярын уур амьсгалыг сайтынхаа тэргүүн нүүрэнд тодотгохыг зорьлоо. “Хайраар гоёсон шинэ жил” цувралынхаа эхний дугаарт “Энэрэл” хүүхдийн төвийн эрхлэгч М.Майцэцэгийг урьж ярилцлаа.

-“Энэрэл” хүүхдийн төв ирэх онд 30 нас хүрнэ. Энэ их айл өнөөдөр хэдэн хүүхэдтэй болсон вэ? 

-1992 онд Хүрэлбаатар багшийн санаачилгаар “Энэрэл” төв үүсгэн байгуулагдаж, 1 багштай ажиллаж эхэлсэн. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирал Ш.Отгонбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд “Энэрэл” төвийг ивээлдээ авах шийдвэр гаргаснаар 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Өнөөдрийн байдлаар “Энэрэл” төв 280 гаруй хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, жилд дунджаар 2-3 хүүхэд төгсгөсөн.

2021 он дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор нэлээд барьц алдуулсан жил байсан ч манай төв ажилчдынхаа халуун дулаан уур амьсгалд амгалан тайван байна. Бид Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ цахимаар суралцсан хичээлийг нөхөхийг тулд гаднаас мэргэжлийн 6 багш авч, амралтын хугацаанд хоцрогдол арилгах, чанаржуулах, сурлагын түвшинг ахиулахаар ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд боловсролдоо ихээхэн анхаарлаа. Энэ оны эхний улирлын байдлаар 70-аас доош хувьтай сурсан хүүхэд байхгүй нь бидний ажлын үр дүнг харуулах байх.

-Нийгмийн өндөр оролцоотой эмэгтэйчүүд гэр бүлдээ зарцуулах цаг нь хомс байдаг шүү дээ. Таны хувьд үүнийг хэрхэн зохицуулж байна вэ? Гурван ч томоохон холбоонд тэргүүлэгч хийдэг шүү дээ 

-Намайг аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр өрсөлдөнө гэж хэлэхэд “Улс төр хатуу самар”, “Эмэгтэй хүнд чанга даваа” гэх зэргээр хүмүүс хэлж л байсан. Ахуйдаа дарлуулж болохгүй л дээ. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцоход миний гэр бүл, ээж, эгч дүүс, найз нөхөд маш их дэмжиж тусалдаг. Ер нь хувь хүн цагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Өглөө эрт босдог, цагаа сайн төлөвлөдөг хүн их ажил амжуулдаг. Тиймээс ч эмэгтэйчүүдийг ахуйдаа битгий түүртээсэй л гэж боддог. Хоол хийж, хувцасаа угаахаас залхуурч байгаа хүн нийгмийн амьдралд оролцож, хүний өмнө үг хэлээд зогсох зав болоод боломж ч гарахгүй. Өөрөөсөө илүү гарахын тулд цаг төлөвлөлтөө сайн хийж, нэлээдгүй мэдлэг хуримтлуулах ёстой байх. Миний хувьд цагийн хуваарилалтаа сайн хийхийг, бас аль болох гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Үдийн цайны цагаар гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа хоол хийж иддэг. Хоёр гурван холбоодод тэргүүлэгч удирдах зөвлөлийн гишүүн хийдэг гол нь идвэхитэй оролцоотой байхыг эрхэмлэдэг.  Нийгмийн талын ажилдаа өөрөө их дуртай байдаг учраас цаг зав гаргаж сэтгэлээсээ ажиллахыг хичээдэг дээ.

-Хувь хүн талаасаа 2021 он танд ямар бэлэг илгээсэн бол? Хүн бүр тухайн жилдээ мөрөөдөл рүүгээ алхах онцгой алхам хийсэн байдаг шүү дээ?

-Миний хувьд хувь хүний хөгжлийг ихээхэн эрхэмлэдэг. Хүн өөрөө хөгжиж гэмээнэ улс орон хөгжих учиртай. Энэ ч утгаараа хувь хүний хөгжилдөө анхаарч, магистрийн хичээлдээ чамгүй цаг зарцуулсан. Мөн Залуучуудын холбоо шинээр байгуулагдлаа. МХЗЭ-д харьяалагддаг, Монголын төдийгүй Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон тэдгээр хүмүүсийн баярыг хуваалцах сайхан байлаа. Аймаг, орон нутгийн түвшинд 2022 оны төсөв батлагдлаа. 2021 онд “Ухаалаг Эрдэнэт” төслийг дэмжин баталсан бол ирэх онд “Цахим Эрдэнэт” төсөл хэрэгжихээр болсонд хувьдаа баяртай байна.

-Шинэ онтой зэрэгцээд бидний ярилцлага хүрч байна. Эрдэнэт хотынхоо ирээдүйн хөгжил дэвшилд гар бие оролцож яваа хүний хувьд өөрчлөлтийг хэрхэн төсөөлж, харж байна вэ?

-Улсын хөгжил хүнээсээ гэдэгчилэн хүнээ зөв хөгжүүлэх нь манай хотын хөгжлийн гол тулгуур болох учиртай. Барилга байшингаас илүүтэй хүнээ сайн бэлтгэж байж л бид хөгжил ярина шүү дээ. Улсын хэмжээнд хүний хөгжлийн индексээр манай аймаг дээгүүрт ордог. Үүний төлөө УИХ-ын гишүүнтэйгээ хамтран багаараа ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд ойрын 5-6 жилд хөгжил тасралтгүй үргэлжилнэ. 50 га газарт оюутны хотхон баригдахаар төлөвлөгөө төсөл нь манайх руу чиглэлээ. Үүнийг дагаад хүн ам өснө. Сургалтын төв бааз нь манайд бэлэн байгаа учраас хөгжил ойрхон байна.

-Эрдэнэтийн шинэ жилийн тухай таны бодол, хүүхэд насанд үлдсэн Эрдэнэтийн шинэ жилийг эргэн дурсвал?

-Эрдэнэт хотынхны шинэ жилийн баярыг тэмдэглэх уламжлал бусад аймгаас харьцангуй өөр. Оросууд их амьдарч байсан болоод ч тэр үү, манайхан баяртаа ач холбогдол өгдөг. Гэр бүлээрээ хоолны ширээгээ засна, салатаа хийнэ, талбай дээрх гацуур модны дэргэд очиж зургаа авахуулна. Энэ бүхэн яагаад ч юм Эрдэнэтийнхний л уламжлал юм шиг санагддаг. Хамгийн гоё нь гацуур модны дэргэд зургаа авахуулах гээд ар араасаа хүлээгээд зогсож байдаг.

-Лифтэнд он гаргах ч юм уу хөгжилтэй үйл явдал хүмүүст тохиолддог доо. Таны хувьд тийм дурсамж бий юу?

-Би 6 дугаар ангид, дүү маань 1 дүгээр ангид сурдаг, том эгч оюутан байсан үе л дээ. Ээж хоол унд бэлтгэж өгөөд ажилдаа явчихаар нь дүүтэйгээ 2-уулаа шинэ он гаргах гээд үлдлээ. Зурагт үзэж байгаад 2-уулаа унтчихаж, нэг мэдсэн ээжийг хаалга тогшиход сэрж билээ. Ширээ нь тэр чигтээ хоол ундтайгаа байгааг хараад ээж уулгаж алдаж байсан нь санаанд тод үлджээ. Монголчууд “Оноо яаж гаргана, тэр он тийм байна” гэж ярьдаг даа. Шинэ оныг унтаж гаргасан ч 6 дугаар ангидаа их сайн суралцаж төгссөн шүү. /инээв/

-Амьдралын ханьтайгаа анх хэрхэн танилцаж байв? Манай уншигчидад гэр бүлээ танилцуулаач  

-Би сагс тоглодог хүүхэд байлаа. Оюутан байхдаа сагсны тэмцээн дээр тоглож яваад ирээдүйн ханьтайгаа танилцсан. Үерхэж нөхөрлөсөөр ханилан сууж, өдгөө 13 жил хамтын амьдралаа бүтээсэн байна. Миний хань үнэхээр магтахгүй байхын аргагүй сайн хүн бий. Өвөрхангай аймгийн харьяат залуу даа.  Миний ажлыг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүний нэг. Манайх хоер сайхан хүүтэй би гэртээ бол тэгээд эрчүүдийн ертөнцөнд л амьдардаг хүн.

-Гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилийн үдшийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Баярыг тодотгодог өнгө нь юу байдаг бол оо?

-Ер нь 12 дугаар сарыг би гэр бүлийн сар гэж ойлгодог. Тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэдэг болоод ч тэр үү, аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Мэдээж үндсэн ажил маань хүүхдүүд, өдөртөө 60 хүүхдээ баярлуулаад, орой нь гэртээ харьж хүүхдүүдтэйгээ бужигнадаг. Тэр их бужигнасан, “Ээж ирэх болж байна уу” гэж хүлээсэн үе л хамгийн жаргалтай, нандин зүйл юм болов уу. Надгүйгээр гэр бүл маань баяраа тэмдэглэхгүй хүлээж байгаа нь сайхан санагддаг. Харин миний хувьд гэртээ баярлана гэж яарахаас илүүтэй “Энэрэл” төвийн энэ олон хүүхдүүдийг баярлуулчихаад харих бас л сайхан.

-Хүүхдүүд гэнэтийн бэлэгт дуртай байдаг шүү дээ?

-“Миний хүү ирэх онд юу авмаар байна” гэж асуухад “Би Япон явж үзмээр байна” гэж 2019 оны шинэ жилээр хариулж байлаа. Харамсалтай нь 2020 он явах боломж олгосонгүй, хүүдээ Токиогийн Олимп үзүүлнэ гэж байсан ч бүтсэнгүй. Ирэх онд энэ хүслийг нь биелүүлчих юмсан гэж бодож байна. Аавын бийд газар үз гэдэг дээ.

-Айлчлан буй 2022 оноос та юу хүсэн хүлээж байгаа бол?

-Нийгмийн сэтгэлзүй нэлээд хүнд байгаа энэ цаг үед олон нийтийн дундах стрессийг тайлах үйл ажиллагааг олноор зохион байгуулах, энэ чиглэлийн ажлуудад оролцох хүсэл их байна. “Хил хаагдлаа, гутал авч өмсөж чадахгүй байна” гээд бухимдаж байгаа нэг хэсэг ч бий. Энэ мэт бухимдалтай нийгэмд “Бид яагаад үүнийг хийж болохгүй гэж” хэмээсэн хийж бүтээх сэдлийг залуучуудад төрүүлэх чиглэлээр ажиллана.

-Таныг бусдад бэлэг өгөх дуртай гэж дуулсан. Шинэ жилийн баяр бэлэгтэй салшгүй холбогддог шүү дээ. “Энэрэл”-ийн багачууд жил бүр онцгой содон бэлгээр бусдыг баярлуулдаг. Энэ жил хүүхдүүд ямар бэлэг бэлтгэж байгаа бол?

-Бэлэг өгнө гэдэг маань тухайн хүнд урам өгч байна л гэсэн үг. Хүнийг ташуурдахаас илүү урмаар шагнах юмсан гэж боддог. Хүн миний өгч байгаа бэлгийг хараад баярлаж байгаа тэр харц, тэр мэдрэмжийг юугаар ч солишгүй юм. Би түүнд л дуртай. Энэ жилийн хувьд ахдаа төрийн шагналынх нь мялаалга болгож шигтгээн наамлаар хөрөг хийж бэлэглэхэд үгээр хэлэхийн аргагүй их баярласан. Бид 70, 80 хүрчихээд хүнд бэлэг бариад гүйх нь ховор байх. Чин сэтгэлээсээ бусдыг баярлуулах үе нь залуу нас л байдаг юм шиг. Тиймээс хэн нэгнийг баярлуулах юмсан гэж боддог.

Манай хүүхдүүд хэмжээлшгүй их авьяастай. Энэ нь нэг талаараа амьдрах урлагт суралцаж байгаа хэлбэр юм. “Би нэг юм хийх гэж байгаа” л гэхээс тэд юу хийхээ хэлдэггүй. Дараа нь онцгой бүтээл урласан байдаг. Өдөр бүр хийж байгаа зүйлсийг нь хараад үнэхээр их урамшдаг, бүтээлээр нь гангарах дуртай. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид маань жил бүр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө том бэлэг барьдаг. Үүнд нь сэтгэл шингэсэн гарын бэлгээрээ хариу барихыг тэд хүсдэг юм. Дараа жил нь нэг захирлын өрөөнд ороход нөгөө хөөрхөн бүтээл нь байж л байдаг. Энэ бүхэн хүний сэтгэлд хүрдэг юм байна л гэж боддог доо. Манай хүүхдүүд хамгийн сүүлд харандааны үзүүрт ойдог баримлын шавраар бүтээл урлаж, “Ид шидийн хайрцаг” аянд бэлэглэсэн. Олон хүүхдийг баярлуулах байх.

-Ирэх оноо угтан урмын сайхан үг хайрлаач?

-Бид сонголттой цаг үед амьдарч байна. Хувь хүний хөгжил эрүүл мэндээс хамааралтай тул та нартаа эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.