Ц.НАРАН-ЭРДЭНЭ: Өрх бүрт хүрсэн “Зүрх мартахгүй” төсөл шиг “Эрдэнэтийн” гэх тодотголтой төслийг ирэх 2022 онд эхлүүлнэ

Орхон аймгийн БОЭТ-ийн дарга Ц.Наран-Эрдэнийг шинэ жилийн халуухан яриа өрнүүлсэн ярилцлагын буландаа зочноор урилаа. Шинэ цагийн мэдлэг эзэмшиж, завсаргүй суралцсан түүнд хүн ардынхаа төлөө хийж бүтээх, эрүүл Эрдэнэтчүүдийн төлөө мэдлэг оюунаа зориулах чин хүсэл бий.

-“Хайраар гоёсон шинэ жил” ярилцлагын буланд маань урилга хүлээн авсанд баярлалаа. Эрүүл мэндийн салбарынханы хувьд завсаргүй ажилласан жил улирч байх шиг байна?

-Коронавирусын өвчлөл дэлхийд төдийгүй Монгол улсад өндөр давлагаатай явагдаж, Орхон аймаг, бүс нутгийн хэмжээнд вирусын өвчлөлийг тойрч бус дайрч өнгөрлөө. Үүнийг том зургаар нь харвал цар тахал биднээс эмнэлгийн чадамж, боловсон хүчний бэлэн байдал, эм эмнэлгийн хэрэгсэл, тоноглол гээд бүхнийг шалгасан сорилтын жил байсныг онцлон хэлье. Цар тахалтай холбоотойгоор өдөр тутмын оновчтой шийдвэр гаргах хүнд цаг үе ард үлдэж байна гэж би хувьдаа харж байна.

Цар тахлын 2 дахь давалгаа эхэлснээс хойш хамгийн доод түвшиндээ буусан энэ цаг үе бага ч болов амьсгаа авах, нөгөөтэйгүүр 2022 онд эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн багц хуульд өөрчлөлт орсон онцгой цаг үе байлаа. Ирэх онд  эрүүл мэндийн тогтолцоо нэг худалдан авалтын систем рүү шилжиж байгаа нь ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл бид, эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг тогтолцоог халж, эрүүл мэндийн даатгал дээр мөнгөн дүн үүсгэж, улмаар бараа бүтээгдэхүүн худалдан авах, түүнээсээ санхүүждэг тогтолцоо руу шилжиж байна. Монгол Улс анх удаа энэ том өөрчлөлт, алхамыг хийж байгаа нь энэ хүнд цаг үед таарлаа. Иймээс хуулийн хэрэгжлилтийг ханган ажиллах, эмнэлгийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах, дараагийн шатанд эмнэлгийн хөгжил ямар шатанд байх вэ гэдгийг тодорхойлсон онцлог жил өнгөрч байна. 

-2021 он Наран-Эрдэнэ гэдэг хүний хувьд ямар жил байв?

-Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж, хүн ардынхаа амь насыг авран хамгаалахын төлөө эмчийн ширээнээс холдолгүй өдийг хүртэл явсан хүн, би. Гэвч 2021 оны 04 дүгээр сард Бүсийн оношилгоо эмчилгээний төв гэсэн энэ том байгууллагын захирлын үүрэгт албанд томилогдсон. Ажил хүлээн авсны ар дээр бүх зүйл орвонгоороо эргэсэн гэх үү дээ. Хуулийн хэрэгжилт нь орон даяар хугацаанаасаа өмнө эхэлж, дээр нь дэлхий нийтийг барьц алдуулсан цар тахал орон нутагт бүртгэгдээд эхэлчихсэн энэ үед амьсгаа дээгүүр ажилласан. Хувь хүн, оюун санаа болоод удирдлагын хувьд ч маш олон зүйлд суралцлаа. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд байгаа оносныг бид харсан.

Эрүүл мэндийн салбарыг тэргүүлж байгаагийн хувьд бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байж хариу арга хэмжээ авах, вакцинжуулалт хийх, хүн ардад нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй байж хүндээ хүрч үйлчлэх нь миний хувьд том зорилго байлаа. Гүйцэтгэлийн хувьд дажгүй байна. Цалин урамшууллаар хэн нэгнийг хохироосон зүйл гарсангүй, улмаар Засгийн газар, ЭМЯ, бусад ОУ-ын байгууллагын дэмжлэгээр БОЭТ-ийнхөө тоног төхөөрөмжийг 60 гаруй хувьтай шинэчилж чадлаа. Мөн олон жил мөрөөдөж явсан цусны эргэлтийн тогтолцоо болох зүрх судасны өвчлөлийн том аппараттай болж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэсэн зэрэг олон ажил яригдана. Хамгийн гол нь манайхан савлагаа, хохирол багатай ажиллахад тасгийн эрхлэгчид, эмч, сувилагч, үйлчлэгч, олон хүний ажлын уялдаа холбоо чухал байдгийг харж байна.

-2021 он Танд юуг сургамж болгон үлдээсэн бол?

-Их хатуу жил. Сэтгэл хөдлөл хаана байх ёстой юм гэдгийг илүү мэдрүүллээ. Нийгмийг айдаст автуулсан цар тахлын үед яаж оновчтой шийдвэр гаргах вэ гэдэг дээр хувь хүний бодлыг цэгцэлсэн жил болсон. Мэдээж шийдвэрийг олон талаас нь, хурдтай, байгаа оносон хэлбэрээр гаргахын тулд бусдаас илүү уншиж судлах, туршлагажих аналик хийх боломжтой байдгийг харж мэдэрлээ. Өөрөө өвдөх эрхгүй он байсан. Гэнэтийн зүйлсийг дайраад гарлаа. Энэ бүхний ард гарчихаад ярилцаж суух сайхан байна.     

-Таны 2022 оны хүслийн жагсаалт?

-Хүн л юм болохоор олон сайхан зүйлсийг төсөөлөлгүй яахав. Харин ажил мэргэжлийн тал дээр энэ эмнэлгийг бүс нутгийн хэмжээнд манлайлсан, иргэд үйлчилгээ авахын тулд өөр эмнэлэг рүү явдаг байдлыг халахыг хүсч байна. Тоног төхөөрөмжүүд маань тодорхой хэмжээнд шинэчлэгдсэн тул эмч мэргэжилтнүүдээ чадавхижуулах, ёс зүйг нь дээжшлүүлэх тал дээр анхаарна. Мөн ирэх онд олон жил мөрөөдсөн эмнэлгийн ажилчдын орон сууцны асуудал дээр 40 айлын квот гаргасан. Түүнчлэн томоохон хагалгаа, эрүүл мэндийн үйлчилгээг жишиг болохуйц нэвтрүүлэх зорилго тавьсан. Хувь хүнийхээ хувьд удирдлагын арга барилд илүүтэй суралцаж, хамт олныг удирдах, манлайлах чадвараа ахиулах бодолтой байна. Миний хүсэл мөрөөдөл бол судсан дотуурх оношилгоо эмчилгээг улсын хэмжээнд эхлүүлж, түүнийгээ хамгийн сайнаар авч явах. Өрх бүрт хүрсэн “Зүрх мартахгүй” төсөл шиг “Эрдэнэтийн” гэх тодотголтой төслийг 2022 онд эхлүүлэх бодол бий.

-Эхнэр тань эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нэг байгууллагад ажилладгийг Эрдэнэтчүүд мэдэх байх. Гэхдээ та манай уншигчдад эхнэрээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Цэлмэг гэдэг. БҮЭТ-ийн Чих, хамар хоолойн эмчээр ажилладаг. Хоёулаа эрүүл мэндийн салбарт ажилладаг тул зав тун хомс. Ам бүл 5-уулаа хэдий ч халуун бүлээрээ шинэ жил тэмдэглэсэн нь бас ховор юм. Учир нь эхнэр бид 2 өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ 2 талд суралцсаар багагүй хугацаа үдсэн байна. Миний бие нарийн мэргэжлээ дээшлүүлж суралцахаар ковид гарсан жил БНХАУ-ын Ухань, Бээжин, Тянжин, Шанхайд, мөн БНСУ-д судсан дотуурх оношилгоо эмчилгээний чиглэлээр суралцсан. Энэ жил гэр бүлийн баярыг утгаар нь мэдэрч, эхнэр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай сайхан тэмдэглье гэж бодож байна.

-Хүүхэд байхад гацуур модоо харж баярлана, өвгөн ааваас бэлэг авна гээд сэтгэлд тод үлдсэн дурсамж их байдаг даа. Таны хувьд?

-Яагаад ч юм бүх зүйлийн эхлэл нь шинэ жил байдаг. Хуучин оны хар барааныг сүлд мод, цагаан цасны өнгө ариусгаж, гэгээлэг хүсэл мөрөөдлөөр дамжуулан шинэ он ирдэг гэж боддог. Багадаа ах дүү 7-уулаа өссөн. Аав ээж хоёр бидэнд их гоё бэлэг бэлтгэж өгнө, хэн нэгнийг гомдоосон бол уулчлал гуйж, талархсан бол тэр сэтгэлээ илэрхийлдэг айлаа. Ер нь их романтик гэр бүлд өссөн. Энэ бүхнээс 2008 оны шинэ жил санаанд тод үлдсэн байна. Анагаахын их сургуулийг төгсөх жилдээ “Голомт” банкны тэтгэлэг авч, Японы “Токашима” сургууль дээр 2 жилийн хугацаатай ресидент хийх эрхээ 12 дугаар сарын 31-ний өдөр  авч байлаа. Гэртээ ороход аав, ээжийн минь нүдэнд гэрэл цацарч байсан сан.

-Шинэ жилийн баяраар гэргийнхээ амандаа аяладаг дууг та мэдэх үү?

-Ёстой мэдэхгүй юм байна. Анзааръя. /инээв/

-Баярын ширээ засалтад хэр оролцдог вэ?

-Ах дүү 7-уулаа өссөн гэж дээр хэлсэн дээ. Таван том нь эрчүүд болоод ч тэр үү, хоол хийх, ширээ засахад эмэгтэйчүүдэд цаг хэрэгтэй учраас бусад бүх ажлыг нь амжуулдаг байлаа. Одоо ч догдолдог хэвээр. Сүүлийн жилүүдэд ширээ засалтад оролцож чадаагүйгээ нөхөж энэ жил идэвхитэй оролцох бодолтой байна.

-Шинэ жилээр хүмүүс шагнал гардах нь элбэг. Хайр татсан шагнал хэзээ авч байв?

-Нас наснаасаа хамаараад тухайн жилийн бэлэг бүр гоё байсан. Одоо бодоход 2008 оны шинэ жилийн баяр хамгийн мартагдашгүй нь бололтой, онцгой баяр байсан. Өнгөрсөн хугацаанд 10 орчим жил тасгийн эрхлэгч хийж, 50 гаруй хүнийг удирдан ажиллахдаа 6 удаа “Шилдэг хамт олон”, “Шилдэг эмчилгээ нэвтрүүлсэн хамт олон” болж байлаа.

-Шинэ жилийн баяраар хамгийн их баярлуулахыг хүсдэг хүн хэн бэ?

-Ээжийгээ баярлуулах юмсан гэж боддог ч бодохоос цаашгүй юм даа. Аав ээж 2 маань Улаанбаатарт амьдардаг. Амралтаар яваад байдаг ч ажлаас болоод сүүлийн 2 жил ховор очлоо. Зориулж бэлэг авдаг нь ховордоод л байна. Одоо бол 3 хүүхэд, эхнэрээ юун түрүүнд баярлуулах юмсан гэж л бодож байна.

-Гэр бүлээрээ хамтдаа хийх дуртай зүйлс?

-Бүгдээрээ гар бие оролцож гэртээ хоол хийх нь илүү сонирхолтой санагддаг. Сүүлийн жилүүд хорио цээрийн дэглэмтэй байсан болоод ч тэр үү, гадуур явахаас илүүтэй гэртээ байхыг эрхэмлэдэг болж. /инээв/

-Гацуур модны мөнгө хэр цуглуулдаг хүүхэд байв?

-Гацуур дээрх мөнгийг авах нь хулгай хийж байгаагаас өөрцгүй тул тэр мөнгийг харж л баясдаг байлаа. Харин 31-ний орой аав ээж 2 бүх мөнгөө цуглуулж аваад хүүхдүүддээ тэнцүү хувааж өгдөг байсан. Ийм гэр бүлд хүмүүжсэн болохоор мөнгөнд нь гар хүрч үзээгүй.

-Хариуцлагатай алба хашиж байгаа таны хувьд Эрдэнэтчүүддээ хандаж хэлэх үг?

-Эрүүл мэндийн тогтолцоо реформ хийж, засаглал өөрчлөгдөж, иргэн төвтэй үйлчилгээ нэвтэрч байна. 2022 он бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг дэмжсэн онцлог жил болох учир “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн засварыг 1,8 тэрбум төгрөгөөр хийлгэж байна. ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулна. Үүний цаана хүн бүрийг эрүүл саруул байлгах, Эрүүл мэндийн байгууллага өвчтэй хүнийг хүдрээгүй түвшинд оношлох, нэгэнт оношлогдсон хүмүүсийг Улаанбаатар хот юм уу ОУ-д явуулах, А13 маягтын  тоог бууруулах гэсэн том зорилго тавьсан байгаа.

Эрдэнэтчүүддээ хандаж хэлэхэд, энэ оны төгсгөлд айл бүрт инээд бялхаж, хүүхэд бүрийн дуу гэр дүүрч, гэрэлтэй цонхны цаана инээд хөөртэй, эрүүл саруул, өвчин зовлонгүй байгаасай. Өвчин зовлон гэдэг үлдэж байгаадаа ямар их уйтай болохыг харж мэдэрсэн тул хүн бүр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээрэй. Цар тахал бидний нүдэнд үл үзэгдэх байдлаар тархсан. Өвчин бүр өөр өөр механизмаар халдварлаж, 47 хүний алтан амийг авч одлоо. Хүний алтан амь гэдэг юунаас ч илүү чухал. Үүний төлөө олон хүнийг эндүүлэхгүй юмсан гэж бид хичээж яваа. 2022 онд энэ бүхэн бага байгаасай.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

ёстой гоё ярилцлага уншлаа

гэрэлээ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.