Д.СОЁЛЧХҮҮ: Би одоо хүртэл өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэггүй хэрнээ итгэдэг

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Данзангийн Соёлчхүү улс төрд хөл тавьсан тууштай, тулхтай залуусын нэг. Тиймээс ч хэн хүний хийхээс халгадаг Тамгын газрын даргын үүрэгт албыг хашиж, сайн бөгөөд саарыг нь ачаа тэнцүүлэн үүрсээр яваа. Энэ оны ололт амжилтын хуудсыг нь хамтдаа эргүүлэхээр “Хайраар гоёсон шинэ жил” цувралынхаа ээлжит зочноор түүнийг урьсан билээ.

-Шинэ оны босгон дээр хүн бүр ололт амжилтаа дүгнэж байна. Таны хувьд 2021 он ямар он байв?

-Гэр бүлд маань шинэ хүн мэндэлсэн онцгой жил байлаа. Үүнээс илүү баяртай зүйл гэж юу байх билээ. Ажлын хувьд 2021 онд бид хийх ёстой үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Аливаа ажил нэг хүнд таалагдахад нөгөөгийнх нь сэтгэлд хүрэхгүй байх талтай. Ямартаа ч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг байгууллагыг ахалж байгаагийн хувьд баг хамт олноо маш сайн ажиллалаа гэж дүгнэн хэлмээр байна.

-Эрдэнэт хотын 45 жилийн ой тохиосон түүхэн жил байлаа. Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ хүргэдэг голлох хүмүүс нь төрийн албан хаагчид байдаг шүү дээ. Энэ онд алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хэр анхаарч ажиллав?

-Зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газар гэхээс илүүтэй төрийн захиргааны албан хаагч жирэмсэн эмэгтэйчүүдийг богиносгосон цагаар ажилуулах шийдвэр гаргаж хэрэгжүүллээ. Мөн ковидтой холбоотойгоор олон хүнийг хамруулсан сургалтаас аль болох татгалзсан. Харин төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтууд цахим орчинд тогтмол явагдлаа. Ажиллагчдынхаа бүхий л асуудалд нь хүрч, тусалж, дэмжихийг хичээдэг. 2020 онд дотоод журамдаа өөрчлөлт оруулсан байгаа.

-Бүтэц, өөрчлөлтийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?2022 онд тамгын газар 5 орон тоо нэмэгдэж байгаа талаар...

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын дагуу аймаг, нийслэл, сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Тус өөрчлөлтийн дагуу аймгууд 3-5 хүний орон тоо нэмсэн. Иргэдэд үйлчилдэг хүртээмж, хүн амын төвлөрлөөс хамааран Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт 41 төрийн захиргааны албан хаагч байсныг 46 болгон нэмэгдүүлсэн. Засгийн газрын барьж байгаа бодлоготой холбоотойгоор ирэх онд дээрх 5 орон тооны ажилтныг ажиллуулна.

-Эрдэнэт хотын шинэ жилийн тухай Та өөрийн бодлыг хуваалцахгүй юу, юу нь сэтгэлд тод буудаг вэ?

-Эрдэнэт олон үндэстэнтэй, интернационал ард түмэн шүү дээ. Манайхан орос соёлтой. Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний орой талбай дээрээ цуглаж оноо угтдаг уламжлал бий. Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын шийдвэрээр сүүлийн 2 жилд нийтийг хамарсан баяр тэмдэглэх боломжгүй байлаа.

-Амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?

-Би хувьдаа гэр бүл, эрүүл мэнд гэж л хэлнэ дээ. Хүн юуны төлөө амьдарч, юуны төлөө хичээж байна вэ гэж асуувал эцсийн эцэст гэр бүл, үр хүүхэд, өөрийнхээ л төлөө.

-Та 2021 онд юуг сурч мэдэхээр тэмүүлсэн бол?

-Миний бие одоогоор Удирдлагын академийн Төрийн захиргааны магистрын ангид суралцаж байна. Он гаргаад хамгаалалтаа хийхээр төлөвлөсөн. Мэдлэгтээ ингэж л анхаарлаа. 

-Таны хамгийн сайн дотны зөвлөгч хэн бэ?

-Бүхий л ажил амьдралаа нээлттэй зөвлөдөг учраас ханийгаа л хэлнэ дээ.

-Хосуудын учирсан түүхийг сонсох сайхан санагддаг. Та хоёр хаана, хэрхэн танилцаж байсныг асуулгүй өнгөрч чадахгүй нь?

-Улаанбаатар хотод вагоны буудал дээр анх танилцсан. Нэг эмэгтэй найз маань “Маргааш найз маань вагоноор ирнэ, хамт яваад тосоод өгөөрэй” гэхэд нь зөвшөөрсөн юм. Тухайн үед автомашинтай оюутан цөөн байсан тул би тосохоор очсон хэрэг л дээ. Найз маань найзыгаа тосож ирнэ гээд буугаад гүйсэн хойно машины хажуугаар нэг охин явж харагдсан. “Ямар хөөрхөн охин бэ” гэж бодоод өнгөртөл нөгөө найз нь байж таарсан даа. Ингэж л танилцсан.

-Шинэ жилийн үдэш хүүхдүүдтэйгээ юуны тухай ярилцдаг вэ?

-Баярын үдэш бүгд сайн сайхан зүйлс хэлж, ярихыг хичээдэг дээ. Үр хүүхдүүддээ сайхан үг хэлж, урам зоригийг нь бадраахыг боддог. Манайх эрт унтдаг зуршилтай болохоор шөнийн 12:00 цаг гэхэд хүүхдүүд унтчихсан байдаг тул 01 дүгээр сарын 01-ний өглөө сэрэхэд нь бэлгийг гацуур дор тавиад, бэлгээ задалж байгааг нь харах л хамгийн сэтгэл хөдлөм.

-Он солигдсоны дараа эхний мэндчилгээг хэн рүү ярьж хэлдэг вэ?

-Фэйсбүүк групп чатаар ах дүү нартайгаа ярьж, мэндчилгээ дэвшүүлдэг.

-Тэгвэл та хэнээс хамгийн эхний дуудлага хүлээн авдаг вэ?

-Гэр бүлийнхнээсээ.

-Бид багаасаа л өвлийн өвгөнийг шинэ жилтэй салшгүй хамтаар ойлгож ирсэн. Өвлийн өвгөний тухай дурсамжаасаа хуваалцвал?

-Би өвлийн өвгөн болж, хамгийн дотны найзуудынхаа гэр бүлээр зочилж байлаа. Мөн миний хамгийн сайн найз өвлийн өвгөн болчихсон манай гэрт ирж байсан нь санаанд тод үлджээ. Гэнэт орж ирсэн өвлийн өвгөнийг хараад хүүхдүүдийн авч байгаа мэдрэмж үнэхээр гоё байсан. Би одоо хүртэл өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэггүй хэрнээ итгэдэг сонин байгаа биз...

-Хүүхэд байхдаа шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Урлагийн зааланд шинэ жил болоход хүүхдүүд онц сурсан нь урдуур сууж бэлэг авна, миний хувьд алга ташаад суудаг дундаж сурлагатай хүүхэд байлаа.Инээд хөөр,баяр баясал авчирдаг баяр даа хүүхэд насны хамгийн жаргалтай баяр байжээ.

-Магадгүй “Цаг хугацааг буцаах боломж олгоё” гэвэл Та хэзээ, аль цаг үед очиж, хэнийг баярлуулах байсан бэ?

-Одоогоос 16 жилийн өмнөх шинэ жил дээр очиж, аав ээжийгээ баярлуулах байсан. Хүнд харамсах зүйл багагүй  байдаг тэр дундаа эцэг эхтэйгээ байх агшин бүрийг дахин дахин мэдрэхийг хамгийн ихээр хүсдэг.

-Хүмүүс хүсэл мөрөөдлөө биелэх бүрт аз жаргалыг мэдэрдэг шүү дээ. Юу таныг их баярлуулдаг вэ?

-Гэр бүлийнхнээ аз жаргалтай байхыг харах л хамгийн сайхан даа. /инээв/ Уучлаарай би ер нь их гэр бүлсэг хүн шүү...

-Баярын ширээ засахад оролцдог уу?

-Оролцох дуртай ч ажил амжихгүй үе бий. Харин аяга таваг угаахыг сайн хийчихнэ.Эхнэр маань ширээгээ засчихдаг амттай сайхан хоолоор дайлуулдаг даа хүн л дээ би /инээв/

-Хүүхэд баярлуулах, бэлэг тараах ажилд хэр оролцдог вэ?

-“Сэтгэлийн анир” төслийнхөндөө, найз нөхдийнхөө хүүхдүүдэд гээд нэлээд оролцоотой явдаг. Бэлэг тараах хамгийн жаргалтай ажил шүү.

-2021 онд зүрх зүсэм олон мэдээллийг бид хүлээн авсан. Энэ бүхэнд?

-Цар тахал гэнэтийн, шинэ зүйл байлаа. Магадгүй цаашид ийм зүйл гарахыг бид үгүйсгэхгүй. Цар тахлаас хойш бид эрүүл мэнддээ, илүүдэл жиндээ анхаардаг боллоо. Эрүүл байхыг хичээдэг болж байна. Энэ бүхнээр иргэдийн ухамсрыг дээшлүүж чадсан.Өвчний улмаас гэр бүлийн дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд хүнд туссан жил байлаа. 

-Хүмүүс мөсөн хотхон бий болгочихоосой гэж ярьж байсан?

-Цаг агаар хүйтэрч өгөхгүй байсаар мөсөн хотхоноо хийж амжаагүй.

-2022 онд өөртөө ямар зорилго тавьж байна вэ?

-Ажлын талбар дээр албан тушаал ахих юмуу ямар нэг сонирхол алга. Харин эрүүл мэнддээ анхаарч ахиц гаргая, хүүхдүүд маань томорч байгаа тул тэдэнтэйгээ илүү ойр, аз жаргалтай байя гэж бодож байна.

-Баярын уур амьсгал орсон энэ сайхан өдрүүдэд манай уншигчдад урмын сайхан үг хэлнэ үү?

-Өнгөрсөн жилүүд хүүхдүүдийн минь аз жаргалтай өсөж, шинэ жилээ тэмдэглэх цаг хугацаанаас нэлээдгүй хулгайллаа. Нөгөө талдаа шинэ жилийг гэр бүлийн баяр болгох тал дээр ихээхэн ахиц дэвшил гарсан гэж би хувьдаа бодож байна. Хэдийгээр өнөөдөр хүн бүрт шинэ хувцас, айл бүрт баярын бялуу байхгүй байсан ч гэртээ элэг бүтэн, халуун ам бүлээрээ шинэ оныг угтана гэдэг хамгийн сайхан. Тиймээс гэр бүлтэйгээ аз жаргалаа хуваалцан, сайхан баярлаарай гэж хэлье.

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.