Э.БАТЖАРГАЛ: Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө хүн боддог байх, шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн бол хариуцлагаа өөрөө хүлээж чаддаг байх ёстой

“Хайраар гоёсон шинэ жил” цувралын энэ удаагийн зочноор Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Эрдэнэс таван толгой”ХК-ийн Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн дарга Э.Батжаргал бидний урилгыг хүлээн авсан юм. Хайр, дурсамж, халуухан тэврэлт мэдрүүлдэг шинэ оныг тэд гэр бүлээрээ хэрхэн угтдаг талаар дотно яриа өрнүүллээ. Залуучууд хүсэл зорилгынхоо төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж амжилтанд хүрч болохын тод жишээг үлгэрлэн үзүүлж яваа манлайлагч залуутай ярилцсан шинэ ярилцлагаа уншигч таньд хүргэж байна.

-Он бүхэн онцлогтой байдаг шүү дээ. Таны хувьд 2021 ямар он өнгөрч байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийгэмрүү чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд төвлөрөн ажиллаж байна. Олон нийтийн компаний хувьд ил тод нээлттэй байх, нийгэмд чиглэсэн төслүүдээ зөв цэг, байгаа онох, онуулах нь миний ажил. Энэ онд өмнө нь төдийлөн гүн орж байгаагүй салбаруудтай танилцаж, суралцаж, ажилласан мөн өөрийн мэдлэгт илүүтэй анхаарлаа. Ялангуяа уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаагийн хувьд энэ маань томоохон шинэ алхам болсон. Энэ бол миний хувьд том сорилт байсан. Амжилттай биелүүлж чадсандаа баяртай байна. Харин гэр бүлийнхээ хүрээнд цар тахлын улмаас багагүй цаг хугацааг хөл хорионд гэртээ өнгөрүүлсэн. Энэ нь нэг талаараа гэр бүлээрээ хамт байх, хүүхдүүддээ цаг зарцуулах боломжийг олголоо. Ханьтайгаа 11 жил хамт амьдарсан ч хөл хорионы үеэр нэгнээ илүү таньж мэдэх, сэтгэл санаагаа хуваалцах, ойлголцох тал дээр илүү ололттой жил болсон.

-Эрдэнэт хотын хамгийн олон үйлдвэртэй Баянцагаан багийн төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд юун дээр төвлөрч ажиллав? Мөн өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарав?

-2021 онд цаг хугацаагаа илүү төлөвлөж, зөв зохион байгуулж ажиллахыг хичээсэн. Тэр хэрээр цахимаар ихэнх ажлаа амжууллаа. Энэ онд Баянцагаан багийн “Багийн нэгдсэн байр”-г бүрэн ашиглалтанд оруулсанаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ илүү нээлттэй, ил тод, тав тухтай болж байна. Үүнээс сайхан зүйл гэж юу байх вэ. Ирэх онд аймгийн төсвөөс Баянцагаан багт хийгдэж, шийдвэрлэж болох ажлуудад төсвийн хуваарилалт хийлгэхийг зорьлоо. Энэ ажлын хүрээнд Баянцагаан багт Эрдэнэтийн автовокзалыг барих газар, хөрөнгө санхүүгийн асуудал үндсэндээ шийдэгдсэн. Мөн камержуулалт, гэрэлтүүлгийн ажлууд үргэлжлэн хийгдэнэ. Энэ нь дан ганц төлөөлөгчийн чадах зүйл биш багийн ажлын алба, төлөөлөгчид, их хурлын гишүүний идэвхи зүтгэл дээр бий болсон.

-2022 онд ажил, амьдрал, карьер өсөлтийн чиглэлээр өөртөө ямар зорилго тавьж байна вэ?

-Баянцагаан багтаа бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлнэ. Мөн ирэх онд шинэ мөрдөгдөх хуулийн дагуу Эрдэнэт хотын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөөр болж байгаа тул тодорхой тогтоол, шийдвэрүүдэд төрийн албан хаагчдын эрх зүйн нөхцлийг дордуулахгүй байх талаар байр сууриа илэрхийлж явна. Харин хувь хүнийхээ тал дээр иргэдтэйгээ илүү уулзалт хийж, тулж ажиллах бодолтой байна. Төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш цар тахлын нөхцөл байдлаас болоод иргэдтэйгээ төдийлөн олон удаа уулзаж, санаа бодлыг нь сонсож амжсангүй. Өрх айлуудаар орж явдаг ч тодорхой олон иргэдийг хамарч чадахгүй сул тал байна.

-Сурч боловсрох тал дээр?

-Ойрын 1-2 жилдээ суралцах төлөвлөгөө алга. Эхлүүлсэн ажлуудаа дуусгаж, үр дүнгээ харах хүсэл л их байна. /инээв/

-Хувь заяаныхаа эзэн байхын тухайд ямар зарчим баримталдаг вэ?

-Илүү зөв байх, үнэ цэнэтэй амьдрахыг боддог. хэн нэгэнд найдахаас илүү өөртөө итгэх л илүү бодитой байдаг. Ядаж л алдаа гаргахад бусдаас алдааг хайхаа больчихдог тэр нь ч амар.  Өөрийгөө таньж эерэг зүйл хийж чадсан бол бусдыг ч дагуулж манлайлж ажлуулж чадна гэсэн бодолтой явдаг даа.

-Танай гэр бүлийнхэн шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Тогтсон уламжлал байдаг уу?

-Манайх жирийн л залуу гэр бүлийн нэгэн адил шинэ оноо угтдаг. Гэхдээ шинэ жилийн орой хамаатан садангууд гээд 40 гаруй хүн манайд цуглаж, улирч байгаа оныхоо хийсэн бүтээснийг бусдадаа хуваалцаж, шилдэг гэр бүлийг шалгаруулан, ирэх жил хийх зүйлсээ олуулаа ярилцаж, өвөө эмээ сургаалиа хайрладаг. Ингээд бүгд шинэ он солигдохоос өмнө гэртээ харьцгаадаг уламжлалтай. Манай гэр бүлийн хүн унд хоол сайтай тул сайхан хоол цайгаар нэгнээ дайлж цайлж, хүүхдүүддээ бэлэг өгч баярлуулах сайхан санагддаг. /инээв/ Амралтын өдөр гэр бүлээрээ байдаггүй айл гэдгээрээ онцлог байнга л хүмүүс орж гарч яриа хөөрөө дэлгэж эхнэрийн гарын хоолыг амтлах дуртай байдаг  Миний хувьд айлын ганц, эхнэр маань дээрээ 4 эгчтэй. Эхнэрийн тал олуулаа болохоор ингэж бужигнаад сурчихсан.  

-Эхнэртэйгээ хаана танилцаж байсан бэ?

-Миний ханийг Уранжаргал гэдэг. Монгол Солонгос залуучуудын уулзалт Төв аймгийн Түргэний голын эрэг дээр 2010 онд болж байсан тэнд анх танилцсан. ХААИС-ийг төгсөж, одоо маркетингийн чиглэлээр ажилладаг бүсгүй бий. 2010 онд танилцаж, хадам аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 5 жилийн дараа бид тусдаа гарч байлаа. Өнгөрсөн бүхий л хугацаанд намайг хүүгээ гэж харж хандан, зааж сургасан аав ээж хоёртоо маш их баярлаж явдаг. Өнөөдөр ч тэд маань бидний амьдралын түшиг тулгуур болсоор явна. Манайх 3 хүүхэдтэй айл 

-Мартагдашгүй шинэ жилийн тухай дурсамжаа хуваалцахгүй юу?

-Хүүхэд байхад Эрдэнэтийн шинэ жил хамгийн гоё байсан. Шинэ жилийн баярыг байраараа тэмдэглэдэг соёл хүртэл байлаа. Цасан дээр хивсээ гүвж, гэрлийн бүрхүүлүүдээ угааж, орцоо цэвэрлээд, уул руу явж гулгацгаана. Он гаргасны дараа манай найзууд гадагшаа гарч, төв талбай дээрээ цуглана, мөсөн хотхоны дэргэд зургаа авахуулцгаана, цагаан самар, хатаасан банана иднэ. Энэ бүхэн одоо бодоход яагаад гэдгийг мэдэхгүй ч тэгэх ёстой юм шиг л уламжлал байж. Намайг оюутан болж явах хүртэл ийм л байсан. Одоо 3-20-р байрны найзуудтайгаа гэр бүлийн амьдралын найзууд болсоор явна. Манай байрнаас урлагийн одод их гарсан анх Скайзон, 3 бүдүүний ах нар, брэйк бүжгийн хамтлаг, цэнгээнт бүжгийн аймаг улсын аваргууд гээд л сүүлд Авьяаслаг Монголчууд шоуны ялагч Энх-эрдэнэ гээд дурдаад байвал олон бий. Харин би урлагийн ямар ч авьяасгүй учир найзуудынхаа тоглолтын билет таслагч, менежер маягтай явдаг байлаа хэхэ.

-Өвлийн өвгөн болж байв уу?Өвөө болж хүүхэд баярлуулж байсан дурсамжаасаа хуваалцвал..

-Таван жилийн өмнө том охин, эхнэр хоёр цасан охин, би өөрөө өвлийн өвгөн болж, найзууд, хамаатнуудынхаа хүүхдүүдэд явж бэлэг өгч байсан. Өвгөн болох хөгжилтэй, гоё юм билээ. Хиймэл сахал наачихаар айлд ороод юм идэж чадахгүй, гэтэл өлсөөд байдаг. Ер нь хүүхэд баярлуулах дуртай. Сүүлийн 2 жилийн хугацаанд ийм боломж хараахан гарсангүй.

-Ямар аав байхыг эрхэмлэдэг вэ?

-Хүүхдүүдтэйгээ зарим тоглоомыг булаацалдаад, сэтгэл санаа, байгаа байдлаараа би өөрөө ч хүүхдээрээ хүн ш дээ /инээв/. Хүүхдийг хүүхдээр нь байлгахыг, өсвөр насных бол тэр насанд нь байлагхыг л боддог. “Чи тийм бол, ийм бол” гэж шахаж шаарддаггүй. Зарим хүн хүүхдээ өглөөнөөс орой болтол секц дугуйлан гээд завгүй байлгадаг. Гэтэл тэр хүүхдэд гал цог гэж байдаггүй болсон санагддаг. Тиймээс хүүхдийг хүүхдээр нь байлгасан нь дээр л гэж боддог. Ээж маань ч намайг “Чиний асуудал, чи өөрөө л шийд” гэдэг байсан. Энэ нь дураараа гэхээс илүү хариуцлагыг багаасаа үүрч сурахад ихээхэн тус болсон. Заавал чи онц сурах албагүй, заавал бусдаас онцгой байх албагүй шүү дээ. Хүн бүр давтагдашгүй өөр өөрийн онцлогтой.

-Хүн амьдралдаа олон сонголттой нүүр тулдаг. Таны хувьд ямар сонголтоо хамгийн азтайд тооцдог вэ?

-Би улс төр судлаач мэргэжилтэй. Улс төр гэдэг ойлголт маш энгийн. Шийдвэр гаргах үйл явц бөгөөд шийдвэрийг хэн, хэрхэн яаж гаргаж байгааг л хэлээд байгаа юм. Энэ нь заавал төрийн ордонд байдаг гэсэн үг биш. Хүн бүрийн тархинд улс төр бий. Шийдвэрийг яаж гаргах, үр дүнг хэрхэн тооцоолох гээд хүмүүс алхам тутамдаа шийдвэр гаргаж байгаа нь мөн л улс төрийн нэг хэлбэр. Миний хувьд одоогийн гаргаж байгаа шийдвэрүүдээ дүн нуруугаараа зөв байж гэж боддог. Ялангуяа сургуулиа сонгохоос эхлээд МУБИС-д багшийн мэргэжил эзэмшиж, дараа нь дахин сурсан нь зөв байж. Мөн эхнэрээ олж сонгож, ханилсанаа, хүүхдүүдээ 3 насны зөрүүтэй төлөвлөсөн маань ч зөв сонголт байж гэж боддог. Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө хүн боддог байх, шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой.

-2021 онд сөрөг мэдээллээс хол байхыг хичээсэн ч нийтээрээ сөрөг мэдээлэл дунд байлаа. Ирэх онд эерэг байхын тулд бусдыг юунд уриалах вэ?

-Хэт эерэг юмуу хэт сөрөг байх шаардлагагүй л гэж бодож байна. Нийгэм хангалттай бухимдлаар дүүрэн байна. Тэр бүхнийг өөр дээрээ хүлээн авч стресстэх нь их хэцүү. Аль болох хүнд асуудлаа сэгсэрч амьдарвал аз жаргалтай байх болов уу.

-Шинэ оны хөгжилтэй дурсамж юу байдаг вэ?

-Эхнэртэйгээ тусдаа гарч, гацуур модоо засаад анхны шинэ жилээ тэмдэглэсэн үе дурсамжтай, “Бүх зүйл биднийх” гэж бодох нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан.

-Хүүхэд байхдаа шинэ жилээр амьтан болж байв уу?

-Би 10 дугаар цэцэрлэгийн хүүхэд л дээ. Багш намайг нэг жил чоно болголоо. Миний гарах хэсэг их амархан. Анчинд буудуулаад чирүүлээд ордог хэсэгт тоглосон. Гэтэл тэр тоглолтыг ээж ирж үзэхдээ хүүгээ их мундаг дүрд тоглоно гэж бодтол нүдэн дээр нь буудуулаад, чирүүлээд явчихсан. Орой нь гэртээ ирээд загнуулж билээ.  /инээв/

-Цаг хугацааг эргүүлэх боломж гарвал хэнтэй уулзахыг хүсэж байна вэ?

-5-6 дугаар ангидаа очно. Тэр үед аав минь амьд сэрүүн байсан болохоор аавдаа хэлж ярьж чадаагүй бүхнээ хэлэхийг хүсч байна. Хэдийгээр аав минь богино хугацаанд хамт амьдарсан ч их нандин дурсамж үлдээсэн. Аав мужааны мэргэжилтэй тул Эрдэнэтэд авдар, жааз урлаад зардаг байлаа.

-2021 онд Та хэнийг хамгийн их баярлуулсан бэ? Мөн хэн таныг их баярлуулав?

-Цар тахлын үед Баянцагаан багийнхаа иргэдэд хүнсний тусламж үзүүлсэн. Энэ нь хувиасаа бус бусадтай хамтран хэрэгжүүлсэн ажил байлаа. Тэр үед тусламж авсан олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн. Гэр бүлийн хүрээнд эмээ өвөөгөө баярлуулсан. Ээж өдөр бүр л надаар бахархаж байгааг мэдэрдэг энэ нь надад таатай сайхан санагддаг.

-2021 оноо урмын үгээр үдэж, 2022 оноо угтая

-Танай сайтыг харахад ихээхэн эерэг мэдээлэлтэй харагддаг. Бидэнд зовлон бэрхшээл байдаг ч том хотын маань иргэн бүр хариуцлагатай байж, Эрдэнэтийн соёлыг түгээн, 2022 онтой золгох гэж байна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье, сайхан баярлаарай.

-Ирэх онд эрүүл энх байж, ихийг хийж бүтээхийг танд хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Сайн залуудаа

Сондор

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.