Бөөр орлуулах эмчилгээнд цагтаа орохгүй бол эрхтэн систем бүхэлдээ доголддог

Хил гаалийн асуудлаас болж гемодиализийн аппаратанд ордог иргэд эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа талаараа цахим хуудастаа мэдээлсэн. Улсын хэмжээнд бөөр орлуулах гемодиализ эмчилгээг 1000 гаруй хүн хийлгэдэг. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд энэ эмчилгээнд шаардагддаг дусал, гуурс зэрэг нь хил гаалийн асуудлаас болж тасраад байгаа аж. Гемодиализийн эмчилгээг бөөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахаа больсон үед хийлгэдэг. Энэ эмчилгээгээр нь цусны шүүлтүүрийн тусламжтайгаар цусанд хуримтлагдсан хорт бодисуудыг ялган цэвэршүүлдэг юм. Ингэснээр бөөрний цочмог дутагдалтай өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд хэвийн болж, амь нас нь аврагддаг байна. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй харин үйл ажиллагааг нь орлуулдаг тул долоо хоногт дөрвөн цагаар гурван удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог аж. Хэрвээ эмчилгээний хуваарьтай өдрөө л аппаратандаа орохгүй бол гүн хордлогод орж цаашлаад нас барах өндөр эрсдэлтэй байдаг.

Хэрвээ орох ёстой цагтаа гемодиализийн аппаратад орж чадахгүй бол өвчтөний биед юу болдог талаар нэгэн иргэнээс тодруулсан юм. Тэрээр 2018 онд уураг алдалт кератинин мочевини хэмжээ буурахгүй өндөр хэвээр байсан тул бөөр орлуулах аппарат буюу гемодиализ эмчилгээ хийлгэх болжээ. Одоо бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. 

Бөөр орлуулах гемодиалез эмчилгээ хийлгэж буй иргэн О: 

Цагаан сарын үеэр эмчилгээ таван хоног тасарч, маш их хүндрэл өглөө. Би бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай байгаа учраас бөөр орлуулах эмчилгээнд долоо хоногт гурван удаа орох ёстой байдаг. Бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсчихоор шээс ялгарахаа больчихдог. Тийм хүмүүс байнга аппаратандаа орохгүй бол идэж уусан зүйлээ ялгаруулж чадахгүй учраас биеэр хаван гүйгээд түүнээсээ болоод амьсгалж, унтаж чадахгүй болдог, амиа алдах ч эрсдэлтэй. Эмчилгээндээ орж чадахгүй болсон саяын хэд хоногт маш хүн хүндрэл өгсөн. Энэ эмчилгээнд ороход судас маш их чухал байдаг. Учир нь долоо хоногт гурван удаа том зүү судсанд хатгаад цусыг шүүдэг процесс явагддаг. Тэр судас маань гэмтчихсэн байгаа. Энэ судас байхгүй бол шүүлгэж чадахгүй. Арай ядан эмчилгээндээ орж байна. Үүний хажуугаар эмчилгээ тасалдах нь маш их хэцүү байдал үүсгэлээ. Яаралтай бөөрөө солиулахгүй бол аппаратандаа орох боломж маань танагдаад байгаа. Өөрөөс болон өөрөөс шалтгаалахгүй гадны хүчин зүйлүүд ч байна. Аппаратандаа орж чадахгүй болохоор шингэнээ гадагшлуулж чадахгүй, ингэхээр нүүр ам хавагнана, амьсгал давчидна, уушги усаар дүүрч живж байгаа юм шиг мэдрэмж төрнө, ингэхээр хэвтэж чадахгүй суугаагаараа хононо. Тэгээд шүүх процесс л хийгдэхгүй бол өөр юу ч байгаад нэмэргүй, аврахгүй, тайвшруулах эмчилгээ байхгүй. Дээрээс нь толгой хүчтэй өвдөнө, даралт ихсэнэ, эмэндээ буухгүй, харвах ч эрсдэлтэй байдаг. Диализийн эмчилгээ хийлгэдэг хүмүүс хоорондын фейсбүүк грүп байдаг. Сая эмчилгээ тасалдах үед хөдөө орон нутагт олон хоног эмчилгээндээ орж чадаагүй хүмүүс хотод ирж байсан. Зарим нь бүр 9, 10 хоног эмчилгээндээ ороогүй. Үүнээсээ болоод нас барсан ч тохиолдол ч байсан. Миний хувьд одоо эмчилгээ маань жигдэрчихлээ. Гэтэл одоо ч хөдөө орон нутагт эмчилгээ нь тасалдсан хэвээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.