Ц.АЛТАНШАГАЙ: 18 настайдаа Монгол Ардын намд элсэж байлаа...

  МАН бүтцийн хувьд өргөн цар хүрээтэй шинэчлэлтийн хаалганы өмнө зогсож байна. Энэ хаалгаар ямар хүмүүс нэвтэрч, шинэчлэл хийх вэ гэдэгт нэлээд цензуртай хандахаа Ардын намын дарга нь илэрхийлээд буй.

  Улс төрийн  амьдралын эргэн тойронд ИТХ-ын төлөөлөгч Ц. Алтаншагайтай цөөн хором ярилцлаа.Тэрээр улс төрд 18 настайгаас  зориг гарган хөл тавьсан тоотой хэдэн залуусын нэг юм.

     -Анх МАН-д элссэн үеийг өнөөгийн түвшинтэй харьцуулахад зааг ялгаа нь ямар харагддаг вэ? Өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлтүүд гарав?

   -МАН-ын 30 дугаар их хурал болоод дууссан.Одоо Нийслэлийн болон орон нутгийн намын байгууллагуудын хурлууд болоод дуусч байна.Одоогоос 10 жилийн өмнө буюу намын 26 дугаар их хурлын дараа МАН, МАХН     гэж 2 хуваагдсан байдаг. Харин 10 жилийн дараа Монгол ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам нэгдэж, нэг бүтэн намын статустай үйл  ажиллагаа явуулж байгаа энэ цаг хугацаанд 30 дугаар их хурал болсноороо   онцлог байлаа.Та бүхэн анзаарсан байх. МАХН гэж салж явсан хүмүүс маань нэг намынхаа туг, үзэл баримлал дор нэгдсэн. Нам өөрийн үзэл баримтлалын хувьд ч тэр социал демократ үзэл баримтлал, Олон Улсын жишиг рүүгээ ойртож байна.Энэ бол улс төрийн намын хувьд нэлээд том өөрчлөлтийн цаг хугацааны эхэнд ирж байна гэсэн үг. Нөгөө талаасаа, МАН сүүлийн жилүүдэд хууль, эрхзүйн боловсролтой залуучууд, хүний эрхийн байгууллагуудтай маш ойр,нягт хамтарч ажиллаж байгаагийн үр дүнд 30 дугаар их хурлаар....

 “МАН хүний эрхийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулна” гэдгээ үзэл баримтлал дээрээ тодотгож оруулж өгсөн тогтоол гаргалаа. Энэ бас их онцлогтой гэж хэлж болохоор байна.

   -Орон нутгийн хурлын онцлогийг та юу гэж хэлэх вэ? Эрх баригч намын тухайд хоёр ч орон нутгийн сонгуульд ялалт байгуулж бодлогоо хэрэгжүүлж байна.

-Орон нутгийн хурлын тухайд МАН-аас хэрэгжүүлсэн бодлого маань ямар амжилтад хүрснийг дүгнэх томоохон ажил. Мөн нийгмийн маш том өөрчлөлт, технологийн дэвшил, нийгмийн шилжилтийг бид намын бодлогодоо хэрхэн авч явах зэрэг олон сэдвийг багтаасан томоохон ач холбогдолтой. Түүнчлэн, энэ хотод өсөж төрсөн залуус эрийн цээнд хүрч, хотынхоо бодлого үйл ажиллагааг нь авч явах хэмжээнд хүрснийг бид бодитоор харлаа.

-Таны хувьд Монгол Ардын намын үзэл баримтлалыг хэдий үеэс дэмжиж, намын гишүүнээр элссэн юм бэ? Дөнгөж 18 настай байхдаа гэж сонссон арай үгүй биздээ...

- Тийн би 19 жилийн өмнө буюу 18 настайдаа МАН-д элссэн. Өнгөрсөн амьдралынхаа тодорхой хугацааг намын бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэрэгжүүлэхэд зориулсан. Энэ утгаараа намын жирийн гишүүний байр сууринаас асуудалд ханддаг, асуудалд оролцдог, байр сууриа илэрхийлдэг бус, намын бодлогыг тодорхойлох бүтцэд оролцох хэмжээнд өөрийгөө 19 жилийн хугацаанд бэлтгэсэн гэж ойлгодог. Энэ удаагийн намын бага хуралд бодлогын бүтцэд орж ажиллах зорилго тавьсан байсан.Харин тухайн цаг үеийн асуудлаас болж энэ шийдвэрээ түр орхисон.

- Сая болж өнгөрсөн хурлаас ямар шинэчлэлтийг хүлээв?

-МАН дүрмийн болон бодлогын өөрчлөлтөө 30 их дугаар хурлаар танилцуулсан. Бодлогын шинэчлэлт өөрчлөлтийг бодит амьдрал дээр, орон нуттийн түвшинд хэрэгжүүлэхэд бидэнд ямар боломж бололцоо, нөөц хүчээ дайчлах вэ гэдэг нам өөрийн стратеги төлөвлөгөөг гаргаж, түүндээ нийцсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Бид хүн солих, хүн шинэчлэх гэхээсээ илүү бодлогын хувьд өөрчлөлтийг хэрхэн уян хатнаар хүлээн авч, үүнийгээ өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, технологийн болон нийгэм соёлын өөрчлөлттэй уялдуулан яаж хэрэгжүүлэх, иргэдэд хөрсөн дээр хэрхэн буулгахаа ярих нь чухал.

Үүнийг хийхэд өнөөдөр тодорхой бодлого гаргасан, гаргасан бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэх үүрэг нь дүрмээрээ МАН-ын хороо, тэргүүлэгчдэд шилжиж очдог. Улсын хэмжээнд зарласан бодлогоо орон нутгийнхаа хэмжээнд онцлогийг нь шингээн олон нийтэд хүргэх, түгээх, сурталчилан таниулж, хэрэгжилтийг хангах шаардлага бидэнд бий.

-Намын босгоор алхсан л бол хэн ч байсан “цүнх баригч” болдог мэтээр залуучууд ойлгодог. Та аль замаар өгссөн бэ? Цүнх барьсан уу?

-“Цүнх баригч” гэж нэрлэгддэг энэ асуудал бол бусдад дулдуйдаж гүйдэг нөхдийн асуудал. Нөгөө талаас нь харвал улс төрийн амьдралыг ойлгох, түүнд суралцахад тодорхой нэг ментор байх шаардлага бий. Боловсруулсан бодлого чиглэл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдамж чиглэл өгдөг байхгүй бол намын үйл ажиллагаа явахгүй. Ийм тохиолдолд би буруу зүйл гэж харахгүй.

Тухайлбал, манай намын ажилд олон жил зүтгэсэн Дорждагва гуай, Цэрмаа дарга асан маань байнга залуучууддаа тусалж, дэмждэг байсан. Эдгээр эрхэм хүмүүстэй уулзаж, ярилцаж суухаас би ичдэггүй. Зөвлөгөө авч явдаг намын ахмад гишүүд өнөөдөр ч М.Толя багшаас авахуулаад хэр бий. Тиймээс миний хувьд зөвлөгөө заавар сонсохыг буруутгахгүй. Миний хувьд “цүнх барих” тухай ойлголт байхгүй.Барьж гүйж явсан удаа үгүй.

-Өөрийн зарчимдаа үнэнч байж чаддаг уу? Намд орсон залуус үнэт зүйлээ намынхаа үнэт зүйлээр сольдог гэх юм билээ. 

-Мэдээж үнэнч. Өнөөдрийг хүртэл зарчмаасаа хазайлгүй яваа.Тэгж өрөөсгөл ойлгож болохгүй харин ч үзэл бодолдоо үнэнч нэгэн болж төлөвшдөг. 

-Намын хурал ер нь хайрцаглагддаг уу, энэ тал дээр таны бодол?Шударга гараа өргөөд саналаа илэрхийлдэг зарчим байдаггүй юм шиг санагддаг. 

-Улс төрийн нам гишүүнчлэлтэй. Тэр утгаараа зөвхөн тухайн гишүүдийн хүрээнд бодлогоо ярилцаж, хурлаа зохион байгуулдаг. Энэ талаас нь харвал харьцангуй явцуу харагдаж магадгүй, гэхдээ тодорхой дэг, хөтөлбөрийнхөө хайрцагт багтаж явдаг. Өмнө нь ч одоо ч тийм л байна. Цаашдаа ч тийм байх нь зүйн хэрэг. Нөгөө талаас “хайрцаглах” гэдэг асуудал яригддаг, гэхдээ хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй учраас үүнийг нээлттэй хэлэлцэх ёстой гэж бодож байна.

Аймгийн ИТХ-ын хуралдаанууд ч тодорхой дэгтэй, хайрцагтай. Гэхдээ төлөөлөгч нар бүгд хайрцаглагдаад явдаггүй. Тэнд санал, асуулт, хариулт, маргаан, мэтгэлцээн бүгд л өрнөдөг. Амьдрал баян шүү дээ. Нэг хайрцагт хийгээд болчихлоо гэж харж болохгүй.

-Нам ч тэр улс төр ч тэр  аль аль нь залуучуудад итгэл хүлээлгэж чадаж  байна уу?

-Намын залуучуудад, намынхаа бодлогод итгэж байна. Өнөөдөр нийгэм даяар маш өргөн хэлэлцүүлгүүд болж байна. Бид өөрсдийгөө өөрчлөх ёстой гэж үзсэн. Нам энэ удаагийн өөрчлөлтийг хүлээн авч чадахаа хурлаараа тод харууллаа.

Дүрмийн томоохон өөрчлөлтүүд ч энд явсан.

-Намын шинэ гишүүд оролцсон онцлог хурал гэж үү?

-Нэг том гол олон салаа болж урссан ч буцаад нийлдэг. Үүний нэгэн адил үйл явдал 10 жилийн дараа болж байгаа нь 2 намын нэгдсэн асуудал. Энэ хүмүүс МАН гээд явж байсан юм шүү гэхээс илүүтэй жинхэнэ утгаараа итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа нэгдэж чадаж байгааг харж байна. тиймээс хуралд оролцсон бүх гишүүд, намын бүх шатны гишүүд дэмжигчдэдээ талархал илэрхийлье.

Намын бодлого, үйл ажиллагааг цаашид олон нийтэд хүргэхийн тулд шат бүр дээр ажиллана. 

-Намын эрх ашиг нэгд, гишүүдийн итгэл үнэмшил 2, 3-рт зогсдог юм биш үү?

-Хувь хүний ашиг сонирхолын тухай асуудал нь тодорхой эрэмбэтэй. Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлдэг, түүний дагуу хуулиа мөрдөж ажилладаг. Бид үндсэн хуулиар заасан нэгдмэл нэг ойлголтынхоо төлөө захирагдан амьдарч байна.

Харин итгэл үнэмшлийн тухайд бид итгэл үнэмжлээ алдчихвал хувийн мөн чанар үгүй болно. Эрэмбээ хэрхэн зөв тогтоож байгаа нь тухайн хүний өөрийн үйл ажиллагаа, өөрийн хэрэгжүүлж байгаа улс төрийн болон нийгмийн үйлчилгээнээс харж болно гэж боддог. Би хувьдаа, нийтийн эрх ашиг нэгдүгээрт гэсэн итгэл үнэмшлээр явж байгаа.

-Та иргэдээс гарын үсэг цуглуулж, өрнүүлж байсан асуудал их. Одоо яагаад таг болов оо? Мөн МАН өнөөдрийн байдлаар хичнээн фракцтай вэ?

-МАН Орхон аймагт 5000 гаруй гишүүнтэй. Фракц гэвэл бараг 5000 гаруй фракц байгаа байх. Учир нь хүн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Хүмүүсийг хуваах боломжгүй. Бодлого, үзэл санаа ойр гэдгээрээ нэгдэж явдаг хүмүүс олон бий. Эдгээрийг тоочих боломжгүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудал төрийн өмчид очсон учраас төр бодлогоо хэрэгжүүлж байна.

Төр чимээгүй, хөдлөөгүй байхад бол түмний нэрийн өмнөөс дугарч, нэгдэл үүсгэж байсан нь үр дүнгээ өгсөн гэдэгт би өнөөдөр ч итгэл үнэмшил хэвээрээ. Төр өөрийн эрхээ хэрэгжүүлж байгаа яг энэ үед бол цаг нь биш гэж би харж байгаа.

-Нэгэнт улс төрийн яриа өрнүүлснийх МАН, Ардчилсан намын талаар сонирхмоор байна. Хоён намын төлөөллүүд аймгийн хуралд төлөөлөгчөөр сууж байгааг та, бид мэднэ. Ер нь шүүмжлэл байж ажил урагшилдаг гэдэг дээ. Гэтэл миний ажигласнаар сүүлийн 2 жилийн хугацаанд ярайтал гараа өргөдөг уламжлалтай болсон байна. Уг нь сөрөг хүчин байж гэмээнэ ажил чангарах ёстой санагддаг. Таны харж байгаагаар сөрөг хүчин үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-Сайн мууг иргэд л дүгнэх эрхтэй. Сөрөг хүчний төлөөлөгч нар маань дотроо ярьж байгаа байх гэж найддаг. Хүн бүрийн харах өнцөг өөр. Аймгийн Иргэдийн хурал шинэ хуулийн дагуу зөвлөлтэй болсон.

Үүнд Ардчилсан намын 2 гишүүн багтсан. Мөн хурлын төлөөлөгч нар хороодод хуваагддаг. Өнөөдрийн байдлаар 2 хорооны даргаар Арчилсан намын төлөөлөл ажиллаж байгаа. Ард түмэн эцсийн дүнд  бидний ажилд сайн мууг гэх дүн  тавьдаг шүү дээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. UROLOGIST

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.