Сэдэв: "Хүүхдийн паркгүй Хүүхдийн баяр"-ыг хэдий болтол тэмдэглэх юм бэ?

Манай улс сүүлийн хоёр жил /2020,2021 он/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Цар тахлын улмаас баяраа тэмдэглэж хөөр баярт автаагүй хүүхдүүд хоног тоолон энэ жилийн Хүүхдийн баярыг хүлээж буй гэтэл улсын хоёр дахь том хотод тооцогддог. Эрдэнэт хот "Хүүхдийн баяраар Хүүхдийн паркгүй" Ингэж хэлэхийн учир хувийн компаний эзэмшилд байдаг актласан, ажилуулахыг хориглосон эвдэрч хэмхэрсэн хэдэн тоглоомтой хүүхдийн парк гэх нэр зүүсэн газраас өөрөөр бяцхан үрс минь очоод тоглочих газар үнэндээ Эрдэнэт хотод байхгүй. Төрсөн өдрийг нь эс тооцвол жилд ганц л удаа албан ёсоор баяраа тэмдэглэдэг бяцхан жаалуудын нүд хайр энхрийлэлд нялхарч, хацар нь идсэн чихэртээ халтардан, аз жаргал, баяр хөөр дүүрэн өнгөрүүлдэг энэ баяр хүн бүхний сэтгэл зүрхэнд үлддэг гэтэл  хүүхэд бүрийн  баяр хүсэн хүлээдэг, хүсэл биелүүлдэг баяраар хүүхдүүдээ бид хаана тоглуулах бэ? Энэ асуултанд дарга нар нэг л хариултыг өгдөг. Хувийн компаний эзэмшилд төр оролцох боломжгүй хуулиараа бол газар эзэмших хугацаа нь дуусаагүй гэх. Төр өөрийн мэдлийн газраа авчих хууль эрх зүйн орчин байхгүй юм бол шахаж шаардах эрх нь эрх биш байгаа биздээ. Төр хэдэн арван үйлдвэр, эмнэлэгүүдээ хувийн гэх эзэмшилүүдээс аваад  болж байхад бид яагаад хүүхдийн паркийн  зориулалттай газраа авч болохгүй гэж. Өнөөх Амарын талбайдаа бид тайз засаад л хуучны хэв маягаараа хүүхдүүдээ баярлуулаад суух юм уу? Одоо чинь 21 дүгээр зуун хөгжил нь хэдэн арван жилээр хувьсан өөрчлөгдсөн байхад бид яагаад хойшоо ухрах ёстой юм бэ?

Одоогоос 14 жилийн өмнө  2008 онд аймгийн удирдлагууд тус газарт хувийн компаний оролцоотойгоор хүүхдийн парк сүндэрлэн босно хэмээн хөөр баяртайгаар тууз хайчлаад алга ташиж байсан ч өнгөрсөн 14 жилийн хугацаанд өнөөх үлгэрийн мэт амилах хүүхдийн парк нь  Улаанбаатар хотын хүүхдийн паркаас ашиглалтын хугацаа дууссан хэдэн тоглоомууд авчирч тавьсанаас өөрөөр шинэчлэлт бүтээн байгуулалтын дорвитой ажил эхлүүлсэнгүй. Зэвэрч муудсан хаалга эвдэрч хаягдсан хэдэн тоглоомтойгоор сүүлийн 10 жилийг үдэв. Уг асуудлаар аймгийн удирдлагуудаас тодруулахад гэрээний хугацаа дуусаагүй эзэмшигч компани газрын төлбөрөө төлөөд явж байна. Бид тоглоомуудыг буулгаж тус газарт шинэчлэлт хийх тухай албан тоотыг компанид удаа дараа явуулсан гэх хариултыг өгсөн юм. Бид Улаанбаатар хотын нэг компанид бүхэл бүтэн 3.2 га газраа өгчихөөд эзэмших гэрээний хугацааг хүлээж суух юм уу?

Анх зураг төсвөө батлуулахдаа хүүхдийн паркийн цогцолбор гэх үлгэрийн орны загвар үзүүлчихээд өнөөдөр балгас болгож орхисон хувийн компанитай Орхон аймаг  хариуцлага ярьж чадахгүй байгаа нь харамсал төрмөөр. Эзэмших эрхийн гэрээнд заасан хугацаа, газрын төлбөр гэх гацаанд амаа таглуулчихсан. Энэ бүхнээс харахад Эрдэнэтийн хүүхэд залуучууд хотынхоо төвд тоглож цэнгэх орчингүй 2027 он хүртэл ахиад бид таван жил хүлээнэ.Засаг даргаа хувийн компаниас хүүхдийн парк газраа авмаар байна. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.