Экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ огцом буурлаа

Монголчуудыг ес хоног өргөн дэлгэр наадамлаж байх зуур экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ “газарт” уналаа. Оны эхэнд тонн нь 12 мянган ам.доллар давж, түүхэн рекорд түвшинд хүрээд байсан зэсийн ханш 30 орчим хувиар суларч, 7000 руу оров. Сүүлийн хоёр долоо хоног зэсийн үнэ эрчимтэй унаж, 2008 оны хямралын үеийн түвшинд хүрээд байгаа нь энэ.

Зах зээлийн шинжээчид зэсийн үнийн уналтыг эрэлт удааширсантай холбон тайлбарлаж буй. Товчхондоо, аж үйлдвэрийн гол бүс болох БНХАУ-д үйлдвэрлэл удааширч, эрэлт багассан. БНХАУ-ын цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй тэг ковид бодлогоос болж зэсийн эрэлт буурсаар байгаа аж. Цаашид зэсийн үнийн уналт хаа хүрэхийг таамаглахад бэрх байгааг шинжээчид онцолжээ.

 

Сүүлийн гурван сарын байдлаарх зэсийн үнэ

Тухайлбал, "Goldman Sachs"-ийн шинжээчид ирэх гурван сард зэсийн үнэ 6700 ам.долларт хүрнэ гэж таамагласан нь өмнөх төлөвөөс 22 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн “Blue Line Futures”-ийн зах зээлийн ахлах стратегич Фил Стрейбл "Харамсалтай нь, яг одоо зэсийн үнийн уналт хаа хүрэхийг олох гэж оролдох нь хэцүү ажил болж байна. Хятадын тэг ковид бодлого, инфляцын өсөлт, ханшийн эрсдэл, эрэлт нийлүүлэлтийн сүлжээний асуудал цаашид хэрхэх нь тодорхойгүй байна" гэжээ.

Дээрхээс харахад, ирэх саруудад зэсийн үнэ төдийлөн сайжрахгүй дүр зураг ажиглагдаж байна. Монгол Улсын хувьд төсвийн орлогын 30 орчим хувь буюу дөрвөн наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төсвөө баталчихсан. Үүний 2.1 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олно гэж тооцсон. Улсын төсөвт нэг тонн зэсийг 8915.6 ам.доллараар зарахаар тооцон орлогоо төсөвлөчихсөн. Тэгэхээр өнөөдрийн 7000 ам.долларын ханш нь төсөвт тооцсон дүнгээс даруй 2000 ам.доллараар бага дүн. Эхний зургаан сард төсөвт тооцсон дүнгээс давсан үнээр зэсийн баяжмалаа гаргасан. Харин зургадугаар сарын 20-ноос хойш зэсийн үнэ төсөвт тооцсон дүнгээс буурчээ.

Манай улсын хувьд хил гаалийн хязгаарлагдмал нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн экспортын биет хэмжээ төдийлөн сайн нэмэгдээгүй. Харин түүхий эдийн үнэ өссөн нь орлого бүрдэхэд таатай нөхцөлийг үүсгэж байсан. Гэтэл зэсийн үнэ, биет хэмжээ хоёр зэрэгцэн унавал улсын орлого тасалдах бодит эрсдэл мөн. Өнөөдөр нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, алтны үнэ мөн төсөвт тооцсон дүнгээс 100 орчим ам.доллараар бага үнэтэй байна.

Тэгэхээр манай улсын түүхий эдийн экспортоос олох орлого буурах магадлал өндөр байгаа учраас 2022 оны төсөвт дахин тодотгол хийх нөхцөл үүсэхээр байна. Төсвийн тухай хуульд ч орлого тасалдах бодит нөхцөл үүсвэл тодотгол хийх ёстойг дурдсан байдаг. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай юм.

Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын зардал үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэгдчихсэн. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн 1000 орчим барилгын өртөг бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг барилгын яамнаас мэдээлсэн. Иймд, төсөвт тодотгол хийх замаар хөрөнгө оруулалтын зардлыг дахин эрэмбэлэх шаардлага үүсчээ. Эх сурвалж: Itoim.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

DR. ADITYA

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.