Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд "ОРОЛЦЬЕ,ТӨЛӨӨЛЬЕ"

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн баг өнөөдөр Орхон аймагт ажиллалаа.Аялал, амралтын цаг үед төлөвлөсөн сургалтанд ирц ямар байх бол гэсээр Эрдэнэтийг зорин ирсэн төслийн багийхан болзсон газраа ирэхэд Эрдэнэтийн бүсгүйчүүд суудлаа эзлэн суугаад үзэг балаа аль хэдийн бэлдсэн байлаа. Ингээд нэг өдрийн турш олон хэлбэр агуулгаар зохион байгуулсан сургалт сүүлийн жилд хийсэн судалгааны сонирхолтой тайлантай танилцсанаар  бүхэл өдрийн турш үргэлжиллээ. Эрдэнэт хотод хэд хэдэн улс төрийн намуудын салбар хороодууд ажилладаг. Эдгээрээс гурван намын төлөөлөл болсон 60 гаруй бүсгүйчүүд уг сургалтанд хамрагдсан юм.Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт, Ази номхон далайн бүс нутагт 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт байна. Ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллөөр дэлхийн 193 орноос 121 дугаарт эрэмбэлэгджээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 17 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн болон Азийн улс орнуудтай харьцуулахад 4-7 хувиар бага юм. Гэтэл төрийн албаны гүйцэтгэх албан тушаалтны 60 хувь, дунд шатны удирдах албан тушаалтны 30 хувь нь эмэгтэйчүүд байна.Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь яамдын төрийн нарийн бичгийн түвшинд 7.7%, агентлагийн даргын түвшинд 3.3%, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байгаа бол аймаг, нийслэлийн ИТХ-ын даргын түвшинд байхгүй байгааг орон нутгийн эмэгтэйчүүд онцлоо.

Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхэд орон нутгийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй ямар асуудлууд хөндөгдөж байгааг тэд онцлон ярилцлаа.

Эхлээд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо яагаад чухал вэ?

Нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл зэргээс үл хамаарч иргэн бүр улс төрд тэгш эрхтэй оролцож, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эсвэл өөрөө сонгогдох нь ардчиллын мөн чанар билээ. Тиймээс эмэгтэйчүүдийг ялгаварлаж тэдэнд олгогдсон сонгогдох эрхийг шууд болон шууд бус байдлаар хязгаарлаж байгаа нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байна гэж үзэж болно. Хүн хүйсээ сонгож төрдөггүй учраас хүнийг хүйсээр ялгаварлах нь шударга ёсонд огт нийцэхгүй. Иймд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь хүн бүхний хүлээсэн ёс зүйн үүрэг юм.Гагцхүү энэ үүргийг өнөөдрийн улс төр, шийдвэр гаргах түвшинд хүлээн зөвшөөрч чадаж байгаа юу?гэх асуултанд орон нутгийн эмэгтэйчүүд хангалтгүй байна гэж хариуллаа.

Цаашид орон нутагт оролцоог нэмэгдүүлэх тал дээр эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ дэмждэг хэлбэрийг илүү бодитоор үр өгөөжтэй байдлаар нэмэгдүүлэх шаардлага үүссэн.Уг бодлого сэтгэл зүйн хувьд эмэгтэйчүүдэд илүү үр дүн авчирах боломжтой гэдгийг сургалтанд оролцогчид онцлон дурдлаа.

Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоонд ямар бэрхшээлүүд саад болж байна вэ?  

Өдөр тутмын амьдралаас урган гарсан  олон шалтгаанаар эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох ёстой атал яагаад тэдний оролцоо хангалтгүй байна вэ? 

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох хүсэлтэй, боломжтой эмэгтэйчүүд орон нутагт ховор байна. 

Улс төрийг сонирхдог, улс төрийн талаар сайн мэдлэгтэй хүмүүс улс төрд илүү идэвхтэй оролцог. Тэгвэл дэлхий дахинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү улс төрийг сонирхдог, улс төрийн талаар илүү мэдлэгтэй байдаг нь олон судалгаагаар тогтоогджээ.  2020 онд Орон нутагт зарим улс төрийн намуудаас хийсэн сонгуулийн дараах судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 26% нь улс төрийн сонирхдог эсвэл маш их сонирхдог гэж хариулсан байхад эрэгтэйчүүдийн 47% нь ижил хариулт өгсөн байна. 

Улс төрийн сонирхол, мэдлэгээс гадна эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгуульд нэр дэвших хүсэл эрмэлзэл багатай байдаг байна. Учир нь эмэгтэйчүүд өөрийгөө улс төрийн албан тушаалд тэнцэхгүй гэж дутуу үнэлэх асуудлаас үүдэлтэй юм.

Орон нутагт тэр дундаа Эрдэнэт хотоос эхэлсэн уг сургалтын хэлэлцүүлэг хэсэгт эмэгтэйчүүд олон талын сэдвээр хоорондоо мэтгэлцээн өрнүүлж  харилцан ярилцлаа.Тэд тулгамдаж байгаа асуудлаа сөхөж шалтаг тоочиж суухгүйгээр  эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн сайжруулж болох вэ? гэх асуултанд хариулт эрэлхийлэх хэрэгтэйг сануулсан.

 Тухайлбал сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд шууд нөлөөлдөг. Өдгөө дэлхий дахинд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж нь мажоритар тогтолцоотой 74 улсад 17%, холимог тогтолцоотой 30 улсад 25%, пропорционал тогтолцоотой 79 улсад 27% байна. Харин манай улсад ашигладаг олон мандаттай том тойргийн плуралит (block vote) тогтолцоотой есөн улсад эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж 14% буюу хамгийн бага байна. Тиймээс манай улс пропорционал эсвэл холимог тогтолцоо ашиглаж эхэлбэл эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нэмэгдэх боломжтой. Мөн санхүүжилт эмэгтэйчүүд санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадвал улс төрд манлайлах шийдвэр гаргах түвшинд амжилт гаргах боломж байгааг онцоллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.