C°/C°
"ӨМНИЙН ГОВИОР ЗОРЧСОН МИНЬ" эссэ тэмдэглэл
Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын найруулагч, жүжигчин Г.Мишээл
НЭГ. Говийн сайхныг бишрэх аз тохиосон юм. Өмнө нь Өмнөговийг үзэх завшаан над үгүй байлаа. Говийг төсөөлөх нь Дорнод, Дундговь, Дорноговиор цэг байсан төдий. Театрт ажиллаж, даруй арван хоёр жил болсных, тайз намайг Монгол орны дийлэнх аймаг, нэлээдгүй сумдуудаар зорчуулсан даа. Энэ удаад ч бас Өмнөговь аймагт аваачиж нарыг гийгүүллээ. Аймгийн Хөгжимт жүжгийн театрын, шинэхэн байр хийгээд, "Говийн байгаль, түүхийн музей"-гээр орж, дэлхийд данстай Баян Загаар аяллаа. Аялах ч гэж дээ, үнэндээ Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын 2022 оны намар цагийн нээлтээр хөшигөө нээх "АСАЖ БУЙ ТОЛГОД" бүтээлийн судалгаагаар (ажлаар) явсан юм. Говь газрын зэрэглээ гэж юутай гайхам юм бэ? Алсад байх гэрүүд газраас хөөрч, тэнгэрт дүүлэх шиг үзэгдээд, бараа нь энүүхэнд байх нуур мэт цэлэлзээд энэ сайхан орныг сэтгэлдээ шагшин явлаа. Зэрэглээ үзэгдэх бүрийд л зохиолч, яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг андын минь, "Гашуун амт/Амтлаг үнэр" хэмээхүй тууж, өгүүллэгийн номонд нь багтсан "ЗЭРЭГЛЭЭ" өгүүллэгийн "Тэмээ унасан хүн, морь унасан хүн хоёр зэрэглээтсэн халуун талын дундуур цуг явж байв..." гэх мөр өөрийн эрхгүй бодолд зажлагдаж байв. Сонин шүү. Ганц хоёрхон удаа л уншсан андын өгүүллэгийн энэ мөр яахаараа тархинд хадгалагдсан юм бол оо? Зохиолч нь говийн хүн тул үнэнийг мөнөөр нь авьяасаар хучиж буулгасан болохоор л тэр байх даа.
Их говь халахыг, элсээр шуурахыг, айлд дайлуулахыг, хаяа нь харагдахгүй тэнгэрийг, нүүрэн дээр буув уу гэмээр шөнийн оддыг, майхан салхинд сэрчигнэхийг, гүрвэлүүд гүйлдэхийг, заг модод авдрын хээ шиг алаглахыг, хээр хоноглохыг, хээрийн хоол хийгээд цайны амтыг, үзээгүй бүхнээ үзэж мэдрэх яасан сайхан.
Хүүхэд Залуучуудын театрын судалгааны баг Баян загт ирлээ. Энд 80 сая гаруй жил дэлхийг ноёлсон, Цэрдийн галавын үлэг гүрвэлүүд аж төрдөг байв аа. Биширмээр ээ. Дуу алдмаар аа! Хүн төрөлхтөн өнөө, дэлхийн жинхэнэ эзэн нь мэт аашилж сууна. "Нэгэн цагт энэ гайхалтай ертөнц Үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан юм шүү" гэж үе үе бодогдох. Хэзээ хүрэх нь үл мэдэгдэх холын зам гээч нь, өөрийгөө чимээлэх цаг олгодог гэдгийг бүр мартаж орхиж шүү! Аяны машинд суух таван хүн онд ондоон үзэл бодолтой ч нэг зорилгыг бодон зорьсон нь энэ.
Монгол орон нь эртний малтмалын судалгааны чухал газар нутагт тооцогдох бөгөөд чулуужсан, төрөл бүрийн амьтны дардасыг өмнийн говиос ихээхэн хэмжээгээр олсон байдаг. Одоогоор дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг олж тогтоогоод байгаа аж. Түүний 16% нь Монголоос олджээ. Манай оронд үлэг гүрвэлийн анхны судалгааг 1920-1924 онд, АНУ-ын Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн, Рой Чапмен Эндрюсээр ахлуулсан судалгааны багийнхан хийж байв. "Төв Азийн судалгааны баг" гэж нэрлэгдэж байсан тус багийн гол зорилго нь бич, хүн хоёрын тасарсан холбооны талаар олж судлах, түүний зэрэгцээ Төв Азийн ургамал судлал, амьтан судлал, архелоги, геологи, экологийн гэх мэтчилэн өргөн цар хүрээг хамарч байлаа. "Монголын говь бол палеонтологийн асар том музей юм байна" гэдгийг дэлхий дахинаа нээн зарласан энэ хүн дэлхийн газар зүйн тэмдэглэгээнд, "ГОВЬ" гэдэг үгийг тэр чигээр нь, "GOBI" гэж оруулсан гавьяатай юм. Тэдний олсон олон үлэг гүрвэлийн яснууд эдүгээ Монголын болон АНУ-ын Байгалийн түүхийн музейд, Монголоороо овоглон хадгалагдаж байна.
Дээрх багийн нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий газар нь "Flaming Cliffs" буюу "Асаж буй толгод" гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон "Баян заг" хэмээх газар юм. Мөн "Улалзах цонж", "Галт хясаа", "Шавар ус", "Тэмээн шавар", "Дүрэлзэх эрэг" ч гэж олон янзаар нэрлэдэг байна. Учир нь жаргаж буй нарны туяанд, дүрэлзэн асах мэт харагдах цонжнуудыг харсан Р.Ч.Эндрюс ийн нэрлэжээ. Харин манай Хүүхэд Залуучуудын театр шинэ уран бүтээлээ "АСАЖ БУЙ ТОЛГОД" нэрээр нь гарчиглаж байгаа юм. Баян заг бол Өмнөговь аймгийн Булган сумаас зүүн хойш 18 орчим км-т, Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших, шаварлаг хурдас бүхий, урдаасаа хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, 5 км өргөн, 8 км урттай эд өлгийн газар билээ. Цонжнуудын өндөр нь 20-50 метр орчим бөгөөд заг мод ихтэй хөндий тул Баян заг хэмээжээ.
Монгол орон дахь анхны экспедицүүд, түүнчлэн дэлхийн II дайны дараах палеонтологийн экспедицүүдийн ажиллагаанаас харвал уйгагүй хөдөлмөр, хөлс хүч, хөрөнгө санхүү, хичээл зүтгэл мэдрэгдэж байлаа. Тэд 1922 оны хавар Баянхонгор, Өмнөговь аймгуудаас хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchiteriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon), 1923 онд Баян загаас Овираптор (Oviraptor), Велосераптор (Veloceraptor), Суорорнифойдес (Saurornitfoides) зэргийг олов.
Тус экспедицийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндгийг тухайн үедээ, "...аварга том шувууны өндөг байна..." гэж таамаглажээ. АНУ-д буцаж очоод шинжилж үзэхэд, үлэг гүрвэлийн яс дотор нь байх нь тэр. Ингэж анх, үлэг гүрвэл "ӨНДӨГ"-лөдөг гэдгийг хүн төрөлхтөн, Монголын говь тэр дундаа "Асаж буй толгод" дахь олдвороос мэдэж авсан түүхтэй билээ. Мөнхүү II дайны дараачаар Нэмэгт уулнаас 30 метр өндөр, өвсөн тэжээлт, дөрвөн хөлт, урт хүзүүт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олсон газрынх нь нэрийг оролцуулан, Нэмэгтозавр (Nemegtosaurus) гэж нэрлэжээ. Түүний дараагаар махан идэшт Тарбозавр (Tarbosaurus), хуягт Таларурус (Talarurus), нугасан хошуут Сауролопус (Saurolophus) гэх мэт олон олон үлэг гүрвэлүүдийг илрүүлжээ.
Үлэг гүрвэлүүд болоод дэлхийд алдартай, гайхамшигт олдворуудын талаар олж судалсан, мэдэж таньсан, нүдээ оройдоо гаргасан, өлгий нутгаар бахархсан, эх орноо улам хайрласан бодол болоод бичвэр яриа их тул, экспедиц хийгээд олдворуудын талаар яриагаа энд хүргэн өндөрлөөд, харин яагаад энэ судалгааны ажил (ХЗТеатрын) бий болох болов талаар товчхон дурдъя:
Соёлын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалаар, Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан "Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх бүсчилсэн уулзалт" Орхон аймаг, Эрдэнэт хотноо болж өнгөрсөн юм. Тус уулзалтаар " Үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх", "Шинэ контент бий болгох", "Брэнд бүтээгдэхүүн бий болгох, түүнийг сурталчлах" гэсэн чиг үүрэг яриагдаж байлаа. Иймд Хүүхэд Залуучуудын театр нь:
- Урын сангийн бодлого
- Шинэ эрэлт, хэрэгцээ
- Жүжигчдийн тоглолтын ур чадвар
- Хөгжим, гэрлийн болон техникийн дэвшил зэрэгт түлхүү анхаарч өөрийн "Брэнд бүтээл" -ээ "Асаж буй толгод" төслөөр эхэлж байгаа юм. ХЗТ нь 1981 оноос хойш өнөөг хүртэл, "Драмын жүжиг", "Хүүхдийн драмын жүжиг", "Хүүхэлдэйн концерт", "Хүүхэлдэйн жүжиг" зэрэг олон төрлөөр уран бүтээлээ, үзэгч түмэндээ хүргэсээр ирсэн билээ. Бид удахгүй нээх энэхүү бүтээлээрээ, өөрийн урын сангийн бодлого хийгээд Монголын театрын түүхэнд нимгэн ч атугай, шинэ хуудас нээх гэж байна.
Монгол өв соёл, зан заншил, үүх түүх үндэсний бахархал хэмээн "морин хуур", "бий биелгээ", "хөөмий", "уртын дуу", "ерөөл, магтаал", "ур хийц", "найр, хуримын дэг ёс" зэрэг олон олон ҮНЭТ ЗҮЙЛС-ээ нэрлэж болно. Тэгвэл "бидэнд өөр бас нэгэн бахархах, дэлхийд түгээн үзүүлэх зүйл бий юм байна, түүнийг тайзны бүтээл болгон таниулах хэрэгтэй юм байна" хэмээн зөвлөлдсөний эцсээр, шинэ уран бүтээлээ дэлгэх дөхлөө. Энэ бол үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлэх, тайз дэлгэц хосолсон, гоо зүйн болоод танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, "АСАЖ БУЙ ТОЛГОД" төсөл юм...
2022.08.25
Өмнөговь - Булган сум - Баян заг - Асаж буй толгодын үүднээ
Зургийг: Т.Эрдэнэчулуун






СЭТГЭГДЛҮҮД /0/