О.Батбаяр: Өвөл томуу, томуу төст өвчин, цар тахлын шинэ хувилбартай хавсарсан томоохон дэгдэлтүүд гарна

Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр ковид19 халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Дэлхийн улс орнууд цар тахлын гурав дахь өвлийг угтах гэж байна. Хойд уртрагийн буюу өвөл хүйтэн болдог улс орнуудад ковид19 халдварын томоохон давлагаа үүснэ хэмээн мэдээлж, бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр дэлхий дахинд ковид19 халдварын тохиолдол 9 хувиар, нас баралт 15 хувиар буурсан гэсэн мэдээлэл бий.

Гэвч манай улсын багтдаг Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдлын тоо 8 хувиар, мөн нас баралт өссөн байна. Улс орнуудаар аваад үзвэл Япон, Солонгос зэрэг орнуудад халдварын тохиолдол өссөн дүртэй байна.

Цар тахлын гурав дахь өвөл буюу энэ өвөл ковид19 халдварын тохиолдол улс орнуудад хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглалыг гаргаж байна. АНУ, Их Британийн эрдэмтэд коронавирусийн халдварын тохиолдол 2-3 дахин тухайлбал, АНУ оргил үедээ өдөрт нэг сая тохиолдлыг бүртгэнэ гэсэн таамаглал гаргаад байна.

Улс орнуудын тактикийг харвал 9 дүгээр сарын 1-нээс 60-аас дээш насны эрсдэлт бүлгээ нэмэлт вакцинд хамруулах бодлого барьж байна. Вакцин хийлгэснээр цар тахлыг амжилттай давж байгаа.

АНУ, Их Британи улс есдүгээр сарын 1-нээс омикронд чиглэсэн шинэ вакциныг бүртгэж, худалдан авалт хийн бэлтгэлээ хангаж байна. Омикронд чиглэсэн хувилбарын шинэ вакцинуудыг тарихад бэлдэж байна. Омикроны В.А.5-ын араас шинэ хувилбар гарч ирнэ. Дэлхийн олон орны эрдэмтэд ковид19 халдварыг улирлынхтай адил нутагшмал хэлбэрт орж, хөнгөн өвтгөдөг, гурван жилд нэг удаа давлагаа өгдөг хувилбар руу шилжинэ гэсэн таамаглалтай байсан.

Харамсалтай нь энэ таамаглал эвдэгдэж омикрон дотроос шинэ хувилбар гарч, шинж тэмдгийн хувьд хүндрэл эрсдэлтэй байх нь. Мөн 60-аас дээш насны хүн ам болон вакцингүй байгаа 11-ээс доош насныханд эрсдэл учруулах таамаглалыг дэвшүүлж байна.

Томуу, томуу төст өвчин, цар тахлын шинэ хувилбартай хавсарсан томоохон дэгдэлтүүд гарах учраас бэлтгэл ажлыг хангах үүднээс Эрүүл мэндийн яам, холбогдох газрууд нөөц бүрдүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, төлөвлөгөө гаргах, худалдан авалт хийх бэлтгэл ажлуудыг хийж байна" гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.