​А.Бурмаа: Одоо дэгдэж буй ханиадад антибиотик хэрэглэхгүй, шингэн зүйл сайн ууна

Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа юм. Тэгвэл уг ханиад нь ямар төрлийн вирусээс гаралтай болох, хэрхэн эмчлэх талаар ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний Нэгжийн дарга, АУ-ны доктор А.Бурмаагаас тодрууллаа

-Хүүхдүүдийн дунд ямар өвчний ханиад илүү зонхилж байна вэ?

-Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд манай улсад томуу, томуу төст өвчин дэгддэг. Бид одоо яг энэ үе дээрээ явж байна. Зөвхөн томуугийн вирусээс гадна бусад амьсгалын замын томуутай төстэй ижил шинж тэмдэгтэй вирус нь хүн амын дунд өвчлөлийн шалтгаан болдог. Вирус судлалын лабораторид хийж байгаа шинжилгээгээр томуугаас бусад вирус тодорхойлогдож байна. Зонхилон дэгдэж байгаа нь эриновирус, аденовирус байгаа юм. Эдгээр вирус нь томуутай адилхан шинж тэмдэгтэй бөгөөд амьсгалын дээд халдвар илүү үүсгэдэг. Цаашдаа томуугийн А, В вирус ч дэгдэх хандлага ажиглагдаж байна. Тийм учраас эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангах ажилдаа орсон.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед эмнэлгүүдийн ачаалал хэдэн хувиар нэмэгдсэн байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр томуу, томуу төст өвчний вирусүүд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногоос бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин нэмэгдэж эхэлсэн. Үүнийгээ дагаад дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. Манай байгууллагаас долоо хоног бүр тандалт, мэдээ тайланг гаргадаг. Өмнө долоо хоногийн байдлаар амбулаторид үзүүлж байгаа нийт иргэдийн 7-8 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байгаа. Харин нийт эмнэлэгт хэвтэгсдийн 10.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвартай байна гэсэн тандалт судалгаа гарсан. Энэ нь өмнөх долоо хоногуудтай харьцуулахад бүх насны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 10 мянган хүн амд хэчнээн хүн нь өвдөөд байгааг судалсан тоон мэдээллээс харахад ч өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд хүнд хэлбэрийн ханиад, томуугаар өвчилж байна вэ?

-Ерөнхийдөө 0-15 насны хүүхдүүдийн өвчлөл 90 орчим хувийг эзэлж байна. Үүн дотроо 0-4 настай хүүхдийн өвчлөл 60 орчим хувийг эзэлж байгаа. Ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувь нь амьсгалын замын цочмог хэлбэрийн хүнд халдвартай гэж оношлогдож байгаа нь гадуур ханиад их байгааг харж болно.

-Зонхилон тохиолдож байгаа вирусийн ханиадны энэ үед ямар эмчилгээг хийх ёстой байдаг вэ. Буруу эмчилгээ хийснээс болж ханиадыг хүндрүүлэх эрсдэл бий болдог шүү дээ?

-Томуу, томуу төст өвчнийг эмчлэх эмчилгээний тактик бол ерөнхийдөө шинж тэмдгийн эмчилгээ байдаг. Харин томуугийн А, В вирусүүдийн эмчилгээнд өвөрмөц эмчилгээг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Одоо зонхилон тохиолдож буй вирусийн ханиадны үед антибиотик хэрэглэхийг зөвлөдөггүй. Харин энгийн зөөлөн аргаар эмчлэх нь илүү оновчтой байдаг. Энгийн арга гэдэг нь шингэн бүлээн юм сайн уух, сайн хөлөргөх, цэгэн массаж хийх, шинж тэмдгийн арчилгаа эмчилгээ хийх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх юм. Иргэд маань ковидын жилүүдэд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдээ орхигдуулахгүй ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй байна. Удахгүй томуугийн вакцинжуулалт эхлэх гэж байгаа учир вакциндаа идэвхтэй хамрагдаж учирч болох хүндрэлээс сэргийлээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.