Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ

Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 14-нд байгуулсан. Ажлын хэсгийг Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай ахалж, гишүүдэд яамдын дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар багтсан.   Тус ажлын хэсэг өнөөдөр цахимаар анхны  хуралдаанаа хийж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон  нийслэл, 21 аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Хуралд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга бөгөөд ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд, ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж,  СТСХ-ийн дарга Н.Бямбацэцэг, ХШҮХ-ийн дарга М.Жанболат болон бусад газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогоо баталж, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Эхний 10 жилийн “Шинэ сэргэлтийн бодлого”  зорилтын хүрээнд бидэнд хамгийн ихээр саад, тээг болж байгаа суурь асуудлыг шийдвэрлэнэ. Суурь асуудлуудад  Аж үйлдвэржилтийн сэргэлт, боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил  зэрэг хэд хэдэн асуудал багтана.  

     Бид орон нутгийг дэмжиж  хотын төвлөрлийг бууруулахаар зорьж  байна. Энэ утгаараа орон нутгийг орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, ипотекийн зээлийн хүүг хөдөө орон нутагт гурав болгох, чанартай боловсон хүчин хөдөө орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувиар төсвийн захирагч өөрөө нэмэх боломж  2023 оны төсвөөр бий болно.  Энэ нь цаашаа орон нутагт багш, эмч нар очих, орон нутагт ажилласан боловсон хүчнийг төр бодлогоор шатлан дэвшүүлэх, дэмждэг байх мерит зарчим барих зэрэг асуудал дээр 2023 оны төсөв томоохон соёлын эхлэлийг тавьж байна. 

     Мөн орон нутаг дахь ашигт малтмалын газрыг эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж, ахуйн нэгжүүдээс олгодог хандив тусламжийг  орон нутагт төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг  бүрдүүлнэ.

 Нэг үгээр хэлбэл,  хот руу чиглэвэл үнэтэй, хөдөөг чиглэвэл дэмждэг байх реформ 2023 оны төсөв дээр хийгдэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Энэ утгаараа 2023 оны төсөв томоохон реформын шинэчлэлтэй төсөв юм.  

Өмнө нь УИХ-ын  гишүүд мөнгөө хувааж аваад тойргийн хэмжээнд зарцуулдаг байсан бол одоо Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөж, түүний дагуу Сангийн яам санхүүжүүлнэ. Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцдэг. Гэтэл ийм бага газар дээр нийт хүн амын 48 хувь нь амьдарч, хүн амын хэт төвлөрөл үүссэнээс нийгэм эдийн засаг, хот төлөвлөлт, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд  ачаалал нэмэгдэж байна.

Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь ч энэ хэт төвлөрлөөс хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэсч,  сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн байна. Энэ байдлаараа 2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 сая болж, Монгол Улсын нийт хүн амын 56 хувь нь нийслэл хотод төвлөрнө.

Мөн тэрээр Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгасэн гэлээ. 

Тиймээс төвлөрлийг гал унтраах байдлаар бус суурь шалтгааныг олж орон нутгийг хөгжүүлэх замаар асуудлыг шийднэ.  21 аймгийн удирдлагууд идэвх санаачлагатай байж санал, төлөвлөгөөгөө боловсруулахыг   Ерөнхий сайд сануулж,  энэхүү бодлогын эсрэг явцуу хойрго хандсан албан тушаалтанд хариуцлага тооцохоо мэдэгдсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.