Д.БҮҮВЭЙБААТАР: Энэ жил Эрдэнэт хотын оршин суугчид дулаан өвөлжих болов уу гэж найдаж байна

Эрдэнэт хотын хэмжээнд өрнөж байгаа үйл амьдралын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зоридог манай сайт хүйтний ам наашилсан эдгээр өдрүүдэд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн дарга Д. Бүүвэйбаатарыг урьж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өнгөрсөн 9 сарын 15-наас хотын хэмжээнд халаалт өгсөн. Энэ онд төсвийн хөрөнгөөр ямар засварууд хийгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Олон жилийн дунджаар 11-р хороолол, Баянцагаан багийн ПДУ, Говилын ус дулааны шугам хүндрэлтэй байна. Энэ онд 5-р микрийн 7А байрыг эрчим хүчний хуулийн дагуу горимд нь оруулж өгсөн. Мөн “Төгөл”-ийн байрны асуудал сүүлийн хэдэн жил яригдсан. Орон сууцны хонгилд ЦТП байдаг тул дуу чимээ ихтэй, холдуулж өгөөч гэсэн хүсэлт иргэдээс их ирсэн. Шугамын хүчин чадал хүрэлцэхгүй байсныг өнгөрсөн жил болон энэ онд өргөтгөж, “Төгөл”-ийн ЦТП-г “Унага” цэцэрлэг рүү шилжүүлсэн. Үүний үр дүнд 11-р хорооллын  айл өрхүүдийн гомдол харьцангуй багассан.

-Иргэд хувиараа ЦТП байгуулж, барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд худалдах тохиолдол гарч байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна  вэ?

-Энэ бол ЦТП хараахан биш, инженерийн шугам сүлжээ татах ажил байгаа юм. 2018, 2019 онд Унага ЦТП-ийн инженерийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 100 сая төгрөг тавиад, шугам сүлжээ нь дутуу үлдчихсэн байгаа. Тухайн орчимд иргэн Хүрлээ нэлээд олон айлын шугам татсан. Төрийн өмчийн мэдлийн шугам байхгүй тул өөрийн татсан шугамаас холболт хийхийг зөвшөөрч, мөнгө өгч авсан тохиолдол бий. Үүнийг зогсооходбас л хүндрэлтэй байна. Бид 11-р хороололтой холбоотой цахилгааны хомсдол болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулахад бэлэн болсон байгаа. Хэрэв шугамыг хийчихвэл асуудал цэгцэрнэ гэж харж байна.

-Хуулиар хэрхэн зохицуулагддаг вэ?

-Энэ асуудлыг одоогоор хуулиар зохицуулах боломжгүй байна. Нэгэнт иргэн хүн хөрөнгөө оруулчихсан учраас мөнгө төлөөд ав гэдэг зарчмаар л явж байна. 

-Улсын комисс хүлээж аваагүй байхад оршин суугчид нь нүүгээд орчихсон барилга цөөнгүй бий. Улсын комисс хүлээж аваагүй байхад танай бйгууллага ус, дулаанаар хангаад байна. Энд хуулийн ямар зохицуулалт байна вэ?

-Улсын комисс ажлаагүй байранд иргэд орж амьдрах ёсгүй ч манай аймагт амьдраад байна. Манай байгууллага үүнд зохицуулалт хийх боломжгүй юм. Улсын комиссыг ажиллуулахгүй байх шалтгаан нь дийлэнхдээ газар эзэмшигч, хөрөнгө оруулагч, иргэдийн маргаанаас үүдэлтэй байдаг. Үүнээс болж оршин суугч иргэд хохирч байгаа нь үнэн. Саяхан л гэхэд Лотусын иргэдтэй уулзаж, гэрээ хэлэлцээрийн асуудлыг шинэчилж, техникийн нөхцөлийг гаргасан. Одоо асуудал харьцангуй гайгүй байна.  

-“Эрдэнэт ус, ДТС” компанитай албан ёсоор гэрээ хийгээгүй байгууллага байна уу? Тухайлбал, Шүүхийн 50 айлын орон сууц бүрэн шийдэгдсэн үү?

 -Шийдэгдээгүй л байна. Техникийн нөхцөлийн дагуу ажлуудаа хийгээгүй байдал мэр сэр гараад байгаа.

-Эрдэнэтийнхэн энэ өвөл дулаан өвөлжих үү?

-Хуучны орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдын тухайд дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын гаднаас тодорхой ажлууд хийх шаардлагатай байгаа. Манай байгууллагад 7 хоногийн хугацаанд 600 дуудлага ирсэн гэж бодоход 80-90 хувь нь температур бага байгаа талаар гомдол мэдүүлдэг. Ингээд гэрт нь очоод үзэхээр 21-22 хэмийн дулаантай газрууд байна. Шинэ тавьсан паар нь хуучны орос паартай уялдахгүй байгаагаас түгжрэл үүсч, халаалт муу ирээд байгаа тал бий. Ер нь энэ жил дулаан өвөлжих тал дээр гайгүй байна байх. Одоогоор Говил, Тосгоны хэсэг хүндрэлтэй, мөн Нарангийн ЦТП-ийн асуудал бүрэн шийдэгдээгүй тул Нарангаас тэжээгдсэн хэсгүүд гомдол ихтэй байна.

-6-р микрийн зарим байр халаалт муу, дулаан алдагдал ихтэй байдаг. Шинэчлэл хийгдсэн үү?

-Өнгөрсөн онд ЦТП-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 6-р микрийн 20-р байрны асуудлыг шийдвэрлэсэн. Одоо Эко хорооллын асуудал л байна.

-2022 онд “Эрдэнэт ус, ДТС”, Эрдэнэт үйлдвэрийн хооронд өрийн асуудал үүссэн байсан. Өнөөдрийн байдлаар өр, авлага ямар байна вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой өр авлагыг авах боломжгүй байна. Олон жил хуримтлагдсан өр авлага байсан хэдий ч манай инженерийн шугам сүлжээн дээр хөрөнгө оруулалт хийж, хяналтын системтэй болгож өгөөгүй тохиолдолд авлага авах боломжгүй байгаа юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 28-30 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Одоогоор үүссэн 12 тэрбум төгрөгийн өр авлага байгаа. Хуучнаар Эрдэнэт үйлдвэрийн СОВЕТ-ын хурлаар хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэдэг байсан. 2015 онд өрийн асуудлыг нэг удаа тэглэснээс хойш 12 тэрбум төгрөгийн өр үүссэн гэсэн үг. Энэ асуудлыг шийдүүлэхээр ярьж байгаа.

Манай хотын цэвэр усны 80,7 км шугамын 50 хувь нь хугацаа дуусч, дахин ашиглах боломжгүй болж байна. Гэтэл энэ шугамаар хэрэглэгчдийг хангаж байгаагийн хувьд бид ойрын хугацаанд шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс иргэдэд түгээж байгаа усыг эрчим хүчний хуулийн дагуу ЦТП юмуу Ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан тоолууртай болгож, хэрэглэгчдэд хүргэх систем рүү шилжих шаардлагатай.

Ингэхгүй бол алдагдал нь хаана үүсч байгааг одоогоор хэлэх, хянах боломжгүй. Мөн ймгийн хэмжээнд ашиглаж байгаа тоолуур л гэхэд 15-20 жил ашиглагдлаа. Одоогоор бодитой ажил хийгдээгүй л байна. Дарханы нэг компани “Ухаалаг тоолуур” тавьж, туршилт тохируулгыг нь хийгээд ажиллуулж эхэлж байна. Энэ нь мөнгөний ханш унаж байгаа өнөөгийн нөхцөлд зардал өндөр тусах хэдий ч 8 жилийн баталгаатай, хугацаа нь дуусах үед алдагдлаа бүрэн нөхөөд дараагийн тоолуурыг тавиулах хэмжээнд хүрнэ гэж харж байгаа. Бид энэ талаар орон нутгийн удирдлагуудад санал хүсэлт тавьсан.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Юун шүүхийн 50 айл хаана байгаан

Тамгын газар

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ өвөл лав л 5 микрийн байрууд дулаахан сайхан л өвөлжиж байна. Өмнөх жилүүдэд бас халаалт сайнгүй байсан шүү. Энэ жил халаалт маш сайн байна. Чухам юу өөрчлөөд ингэж сайжируулчихав. ЭДЦС..болон ЭРДЭНЭТ Ус дулаан түгээх сүлжээний хамт олонд талархал илэрхийлье..

2023-01-10 10:48 | 64.119.26.187

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.