“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн бодлого, чиглэл хариуцан ажилладаг газар, хэлтсүүдийн үйл ажиллагаатай өнөөдөр үдээс өмнө танилцсан юм. Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны хурлын танхимд болсон албан уулзалтад Геологи маркшейдер, Үйлдвэрлэл, Техник, Эрчим хүч, Механик, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээллээ танилцууллаа. 

 Геологи маркшейдерийн хэлтэс нь геологи хайгуулын бодлого болон ордын нөөцийн үнэлгээ, тооцоо, маркшейдер, геодези зураг зүйн цогц хэмжилт, газрын харилцаа, гидротехникийн барилга байгууламжийн ашиглалт болон далангийн тогтвортой байдал, хяналт мониторинг, геотехникийн судалгаа гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Стратегийн ордын хил хязгаарыг 2018 онд ойролцоогоор 300-аад мянган га талбай гэж тус хэлтсийн мэргэжилтнүүд тогтоожээ. Хэтийн төлөвтэй байж болзошгүй талбайнуудын мэдээллийг шат дараатай цуглуулан өрөмдлөг хийхэд бэлтгээд байна. Илрэл, эрдэст цэгүүд дээр өрөмдлөг хийснээр Эрдэнэт үйлдвэр нэмж ашиглаж болохуйц орд бий болгох боломжтой аж. Түүнээс гадна үйлдвэрлэлийн процесс дээр хэмжилт, хяналт хэвийн үргэлжилж байгааг дуулгалаа. Тус хэлтсийн хариуцдаг томоохон ажлын нэг нь газрын харилцааны асуудал байдал. Эрдэнэт үйлдвэр 40 гаруй мянган га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Энд 60 гаруй объект бий. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн нийт газар нутгийн 50 хувьд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд газрын харилцааны тусдаа алба байх боломжтой гэдгийг ч энэ үеэр хөндлөө. 

Ерөнхий захирал Г.Ёндон “Геологич, маркшейдерүүд бол уулын үйлдвэрийн “нүд чих” байх ёстой. Геологиуд нөөцөө зөв заагаад, маркшейдерүүд түүнийг нь зөв чиглүүлээд, “нүд чих” хурц байвал үйл ажиллагаа ямар ч асуудалгүй явна. Тэгэхээр өгч байгаа мэдээллүүд маш оновчтой, нөөц үргэлж батлагдаж байх ёстой” гэж анхааруулав. 

Дараа нь Үйлдвэрлэлийн хэлтсийн үйл ажиллагааны үр дүн сайн байгааг сайшаагаад Техникийн хэлтсийн бодлого үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Тиймээс ажлын уялдаа холбоог тодорхой болгох, бүтцийн давхардал, үйл ажиллагааны давхцалыг арилгахад цаашид анхаарч ажиллахаа илэрхийлсэн. 

Эрчим хүчний хэлтэс үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахын тулд эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс ажилчдын хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, хамгаалах хэрэгслийн ханган нийлүүлэлтийн асуудлыг хөндлөө. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор худалдан авалт, тендертэй холбоотой хүндрэлтэй асуудал үүсэх болсныг учирлалаа.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн газар, хэлтсүүдийн дарга нарт ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй хандахыг үүрэг болгоод, нэгэн зорилгын төлөө эвсэг, бүтээлч ажиллахыг хүссэн юм.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ