Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд ХЭН хамрагдах вэ?

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу айл, өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг билээ. Тус журам 2017 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ны хооронд үйлчилдэг юм. Түүнчлэн нийслэлийн төдийгүй хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлж ирсэн. Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх хамрагддаг юм.

Агаарын чанарыг сайжруулах, хорт утааг багасгах зорилготой эл ажилд жил бүхэн багагүй мөнгө төсөвлөдөг. Тухайлбал, 

  • 2017 онд 6.3 тэрбум төгрөг
  • 2018 онд 9.8 тэрбум төгрөг
  • 2019 онд 13.0 тэрбум төгрөг
  • 2020 онд 18.1 тэрбум төгрөг
  • 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Ийнхүү өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 100 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг журамд хамрагдсан гэр хорооллын айл өрхүүд эдэлжээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зөвхөн нийслэлд хэрэгжинэ

Харин энэ жил гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэхэд шаардлагатай төсвийг Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй байгаа юм. Тиймээс дээрх журмыг цуцлах тухай асуудал ч яригдаж байв. Тодруулбал, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Мөн үеэр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай "Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолын хүрээнд энэ оныг хүртэлх хугацаанд шөнийн тарифыг хөнгөлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан орлого 14.1 тэрбум төгрөг, 2023 онд шаардагдах тооцооллоор 37.3 тэрбум төгрөг гэж үзэн нийт 52.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгах шаардлагатай. Мөн ААН-ийн цахилгааны тарифыг кВт тооцооллоос хамааруулан 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг Эрчим хүчний сайд мэдээлсэн. Хэрэв цахилгааны үнэ тариф нэмэгдвэл энэ хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 2023 онд төсөвт сууж чадахгүй бол дээрх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Тэгэхээр хэрэв ирэх онд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардлагатай хэмжээний төсөв Эрчим хүчний сайдын багцад суухгүй бол гэр хорооллын айл өрх “гал алдахад” хүрч болзошгүй талаарх асуудал яригдаж байхтай зэрэг МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон байна.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифтай холбоотой асуудал төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр маш олон гишүүд санал тавьсан. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой хөрөнгийг суулгахаар тогтсон. Улсын хэмжээнд гэвэл 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин нийслэлийн хэмжээнд 18 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа" гэсэн юм.  
Тэгэхээр нийслэлийн 125 мянган айл, өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж таарах нь. Харин аймаг, сум сууринд буй 48 мянган айл өрх дээрх журмын “гадна үлдэх” нь. 

Журам хэрэгжсэн зургаан жил ба үр дүн

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тус журам нь агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилготой. Тиймээс нийт хүн амын талаас илүү хувь нь суурьшиж буй нийслэлд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлэх нь оновчтой ч байж болзошгүй юм. Гэхдээ журам хэрэгжсэн зургаан жилийн хугацаанд агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан талаар болоод яндангийн тоо хэр хэмжээгээр буурсан талаарх бодитой судалгаа, мэдээлэл одоогийн байдлаар алга.

Харин 2017 оноос хойш цагийн ялгууртай тоолууртай, хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийн тоо 50 орчим мянгаар нэмэгдсэн байгаа юм. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “Цагийн ялгууртай тоолууртай хэрэглэгчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс энэ жил тус хөнгөлөлтөд 37 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэх тооцооллыг бид хийсэн” гэсэн юм. Яндангийн тоо цөөрч, агаарын чанар сайжирсан эсэх нь тодорхойгүй байгаа нь дээрх ажил зорилгодоо хүрсэн эсэх эргэлзээг төрүүлж байгаа юм. Түүнчлэн утааг багасгах зорилготой гэхээс илүү хавтгайрсан халамжийн нэг төрөл ч гэж харж болохоор байгаа юм. 

Эх сурвалж: Eagle.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

tur zasag ard irgeddee tumur nuuree haruulj bn da MAN namiig ogtsruulay ard tumen min odo bosoh tsag boljee

Энхбилэг Энхбат

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.