А.ТҮВШИНЖАРГАЛ: 260 айлын орон сууцны нэг метр квадратын үнийг ирэх сарын 01-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулна

Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын нэг хэсэг болох 260 айлын  орон сууцны асуудлаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай ярилцлаа. 

-Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 260 айлын орон сууцыг ямар журмаар олгох тал дээр ажлын хэсгийн даргын хувьд та тайлбар өгөхгүй юу? Санхүүжилтгүй шалтгаанаар барилгын ажил зогссон байна?

-Нийт 5 барилга байгаа. Ажлын хэсгийн зүгээс нэг барилгыг бүрэн барьж дуусгахад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Мөн Барилгын хөгжлийн төв дээр болон тухайн барилгыг барьж байгаа экспертүүдээр шинжилгээ хийлгээд орон сууцны нэг метр квадратын үнийг тогтоох гэж нэлээд ажиллаж байна.

-Үнийн тал дээр мэдээлэл өгөх боломжтой юу?

-Урьдчилсан үнэлгээгээр тухайн орон сууцны нэг метр квадратын үнийг 2,050,000 төгрөг гэж тооцоолж байсан. Бид орлогод нийцсэн орон сууц, төсвийн хөрөнгөөр барьсан гэдэг утгаараа хөнгөрүүлэх ямар болмож байгааг ярилцсан. Ингээд одоогийн байдлаар нэг метр квадратыг 1,750,000 төгрөгийн үнэлгээтэйгээр иргэдэд олгохоор хуралд оруулна. Орон нутгийн төсөв хүндэрч байгаа тул төсвөөс уг барилгыг цаашид санхүүжүүлэх боломжгүй тул өөрөөр нь өөрийг нь санхүүжүүлнэ гэдэг байр суурьтай байгаа. Нийтдээ 13 тэрбум төгрөгийн орлого орж байж дараагийн байрнууд баригдах ёстой гэсэн зохион байгуулалт хийгээд явж байна.

-Сугалаагаар болон найман зорилтот өрхөд орон сууц олгож байсан журам хүчингүй болсон. Тэгэхээр аймгийн ажлын хэсэг, аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн Иргэдийн хуралд тодорхой асуудал тавьж байна. Орон сууцыг шууд худалдан борлуулах зарчим руу шилжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Нэг блок орон сууцыг ахин төлөвлөлт хийх гэж байгаа тул ахин төлөвлөлтөд орох айлуудыг түр дамжих сууц болгох зориулалтаар авч үлдээхээр ярьж байна.

-Ажлын хэсэгт ямар хүмүүс ажиллаж байна вэ?

-Ажлын хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хуулийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Барилга захиалагчийн алба, Санхүү төрийн сангийн хэлтэс гээд бүх л шийдвэр гаргахад оролцох ёстой байгууллагуудаас төлөөлөл бий.

-Гэр хорооллын багууд дээр 260 айлын орон сууцанд өргөдөл, санал иргэдээс хүлээн авч байгаа гэсэн яриа байна. Энэ тал дээр орон нутгийн удирдах байгууллагаас зохион байгуулалттай ажил хийгдэж байгаа юу?

-Төр захиргааны байгууллага болон аймгийн удирдлагаас ямар нэг өргөдөл гомдол санал хүлээн авах чиглэл өгөөгүй. Барилга ашиглалтад ороод, улсын комисс хүлээн аваад, “Энд хүн амьдарч болно, аюулгүй” гэсэн дүгнэлт гарсны дараа өргөдөл авах ёстой. Харин худалдан борлуулах зарчмаар шийдэгдвэл өргөдөл гомдол хэрэггүй болно. Иргэдэд анхааруулж хэлэхэд, хэн нэгний үгэнд итгэж залиланд өртөхөөс сэрэмжлээрэй. Манай 315 айлын орон сууцанд залилангийн хэрэг үүсч байсан. 40 гаруй иргэдээс нэг тэрбум 500 орчим сая төгрөгийн хохир учруулсан. Нэг ч айл ороогүй, нэг ч хохирлыг өнөөдрийг болтол барагдуулаагүй. Тиймээс 260 айлын орон сууцанд дүрэм журмыг сайтар баримтална гэдгийг ойлгуулах гэж хичээгээд явна. “Аймаг, орон нутгийн удирдлагуудын нэрийг барьж, тэр хзүнтэй, энэ даргатай ярьж өгнө” гээд иргэдээс 5, 10 сая төгрөг авч залилах явдал байдаг. Ийм зүйлд битгий автаарай л гэж хэлмээр байна.

-“Аз” хотхон дээр хөгжлийн банкинд 18 тэрбум төгрөгийн өр, авлагын асуудал байсан. Одоо иргэд амьдраад, эргэн төлөлөлтүүд хийгдэж эхэлсэн үү?

-“Аз” хотхоны тухайд Хөгжлийн банк, Сангийн яамтай байгуулсан гэрээний дагуу төлөлт хийгдэж байгаа. Ямар нэг төлбөр тооцооны хоцрогдол байхгүй. 315 айлаас 215 айл нь түрээслээд өмчлөх хэлбэрээр буюу сар бүр өөрсдөө хуримтлал үүсгээд явж байна. Сард аймагт 40-50 мянган төгрөгийн түрээс төлдөг. Мөн өөрсдийн амьдарч байгаа орон сууцны ус, дулаан, цахилгааны төлбөрийг хувиасаа төлж байна. Орон сууцны төлбөрийг 5-6 айл 100 хувь хийсэн, 97 айл нь 30 хувиа төлсөн байдаг. Төлбөр тооцооны хувьд харьцангуй гайгүй байна. Орон сууцны нэг метр квадрат нь 1,260,000 төгрөгийн ханштай байсан бол 5 жилийн хугацаагаа дуусгах үед 1,550,000 үнэлгээтэй болно. Тэр үед ипотекийн зээлд хамруулах ажлыг аймаг, орон нутгийн удирдлагууд банктай харилцан тохиролцоод өгнө. Ингээд хувь хүний эззэмшлийнх болоод явна.

-260 айлын орон сууцны журам хэзээ боловсруулагдаад, эцсийн байдлаар нийтэд мэдээлэл өгөх вэ?

-Бид 12-р сарын 01-нд болох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн орон сууцны нэг метр квадратын үнийг батлуулна. Тус хурлаар журмыг оруулах төлөвлөгөөтэй байна. Барилга байшин баригдаж дууссаны дараа журам хэрэгжинэ. Тэгэхээр цагаан сараас наана иргэдийг оруулж чадахгүй байх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
1
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
1

СЭТГЭГДЛҮҮД /3/

Оролгод нийцсэн гэчихээд худалдана гэдэг ойлгомжгүй зүйл

Гантөмөр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Irgeddee oirxon vne tarip vnelgee jyram togtoovol sain bna

Tyngalagod

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Баригдаж байгаа ТҮРЭЭСИЙН 315 БАЙР яг хаана баригдаж байгаа юм бэ? Хэдий үед ашиглалтанд орохоор байна вэ? Түрээсийн байрыг сугалаагаар гэдэг чинь буруу шүү. Яг жинхэнэ нөхцөл шалгуур хангасан иргэдэд ар өврийн хаалга авилга заль мэхгүйгээр шударгаар ил тод хуваарилах нь зүйд нийцнэ.

2023-01-10 10:57 | 64.119.26.187

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.