Б.ОЮУНБАЯР: Хотын хог хаягдлын асуудал ирэх жилүүдэд шинэ түвшинд очно

Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяртай тус байгууллагад хийгдэж байгаа шинэлэг ажлуудын талаар цөөн хором ярилцлаа.

-Орхон аймаг 2022 онд “Хог хаягдлын менежмент” гэсэн томоохон ажлыг эхлүүлсэн. Ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Тэрбум мод”, “Хог хаягдлын менежмент” багтсан. Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдуулан аймгийн ИТХ-аар “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд ажлын төлөвлөгөө гаргасан. Хог хаягдлын менежментийг сайжруулах ерөнхий зохион байгуулагчаар Хот тохижуулах газар ажиллаж байна.

Бид юун трүүнд иргэдийг соён гэгээрүүлэх, олон нийтийн оролцоотойгоор хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө гарган ажиллалаа. Үүний нэг нь хог хаягдлыг ангилах, ачиж тээвэрлэх ажил байсан учраас НҮБ-ын хөтөлбөртэй хамтран хог хаягдлын тээвэр ложистик дээр анх удаа туршилт судалгаа хийсэн. Туршилтын хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах ажлыг иргэд өөрсдөө ангилах, ангилсан хогийг хоёр тээвэр ложистик дээр салгах ажлыг зохион байгууллаа. НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн уг туршилтын дүнд манай аймагт төсөл амжилттай хэрэгжихээр болсон.

Монгол хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Манай аймгийн тухайд нэг талд нь Хот тохижуулах газар байгаа ч нөгөө талд нь иргэд байгааг мартаж болохгүй. Иргэдийн соёл, хандлагыг өөрчлөх эерэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. Ингэхдээ Гудамжны ахлагч нар болон орон сууцанд Хөршийн холбоодтойгоо хамтран ажиллаж байгаа. Тэднийг чадавхижуулснаар олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа нь юу юм, төр иргэнийг яаж холбох вэ гэдэг дээр чадавхижуулах сургалт явагдана. Мөн 1050 ахлагчаар дамжуулж иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр, “Хог хаягдлын мененжментийг сайжруулах” хөтөлбөрөөр дамжуулан хийсэн.

-Туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дахин боловсруулах боломжтой болон дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг анхан шатанд нь ангилна. Улмаар дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг Хот тохижуулах газар хүлээн авч, хогийн цэгт хүргэх, ладфил аргаар булах юм. харин 82 төрлийн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхан шатан дээрээ ангилаад, тогтсон хугацаандаа дахин боловсруулах дахивар хог хаягдал авдаг иргэдийн бүлэг хүлээн авч, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрт нийлүүлэх гэсэн тээвэр ложистик хэрэглэсэн. Үүнийн дагуу дахин боловсруулах хог хаягдлыг хүлээн авах иргэдийн бүлэг дээр туршилт хийсэн. НҮБ-аас по, пресслэгч авч өгсөн.

Энэ ажлаа цаашид сайжруулах зорилгоор Орхон аймагт Польш улсын Засгийн газраас Хог хаягдлын менежмент-ийг сайжруулах хөтөлбөр хэрэгжиж, үр дүнгээ хүлээж байна. Мөн хогийн цэг дээр өргөтгөл баригдаж байна. Энд хог ангилан ялгах конвейер бүхий үйлдвэр бий. Бид пресслэгчээ тэнд байршуулснаар тээвэр ложистикийг хоёр салгахаар бүтэн менемент орсон.

-Гэр хорооллын айл өрхүүд хог хаягдлын менежментийн үр дүнг хэрхэн үзэх вэ?

-Иргэдээс гомдол их байсан. Тиймээс гэр хорооллын хог ачилтыг гар ажиллагаагүйгээр, гудамжинд ил задгай асгуулахгүйгээр шийдвэрлэхийн тулд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1,4 тэрбум төгрөг тавьж, 4 автомашин, 44 бункер оруулж ирсэн. Туршилтыг Булаг баг дээр хийж байна. Өөрөөр хэлбэл, 21 хоног тутам тухайн айлын гадна хогийн бункер 24 цагийн хугацаатай байрших юм. Энэ хугацаанд айл өрхүүд маань бункерт хогоо хийх ёстой.

Зөвхөн Булаг багт л гэхэд өмнө нь 7 хоногийн хугацаанд нэг техник, 5 автомашин, 6 жолооч, 2 ачигч, байцаагчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан бол төсөл хэрэгжсэнээр нэг автомашин, 4 бункертэй, 21 хоног тутам хог хаягдлыг авад хэвшүүлчихсэн, гудамжиндаа хог хаягдалгүй байж болдог дэвшил гарсан. Орон нутгаас 44 бункерээ хүлээлгэж өгөөгүй байгаа тул одоогоор 4 бункерээр ажлаа амжуулж байна. 11-р сард багтаан 44 бункерийг хүлээн авчихвал ондоо багтаад 5 багт хэрэгжих боломжтой болж байгаа юм. Үлдсэн багууддаа ирэх жилээс хэрэгжүүлэхээр төсөв төлөвлөгөө гаргаад явж байна.

-Аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

-Энэ чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудад дахивра аялгах хог хаягдлын сургалт явуулсан.Польшийн хөрөнгө оруулалтаар 6 автомашин ороод ирэхэд явуулын бункертэй болж, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдэх юм.

-Хогийн цэгийн тухайд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт хот байгуулагдсан цагаас бий болсон хогийн цэг 50-иад настай. Тухайн бүсэд байгаль орчны үнэлгээ хийлгэхэд, “Нийт 80,3 га газар байх ёстойгоос 180 га-д тархаж, орчны болон хөрсний бохирдолтой, ургамал, амьтан, байгаль орчны экосистем алдагдсан” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээас Байгаль орчны яам, Орчны бохирдлын үндэсний хороо, Орхон аймгийн Засаг даргын хамтарсан гэрээ байгуулагдаж, цагаан тоосыг бууруулах, доройтсон ой, хөрсийг нөхөн сэргээх зорилгоор хогийн цэгт нэг тэрбум төгрөг төсөвлөж, “Хогийн цэгийг сайжруулах” төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд хог ихээр хуримтлагдсан нийт 32 га газрыг цэвэрлэж, зөөвөрлөснөөс гадна 80,3 га газрыг булж устгасан.

Мөн хамгаалалтын далан босгож, түүнийг дагасан хар шороо дэвссэн. Мөн “Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд манай байгууллага өөрсдийн дотоод нөөц бололцоогоор 4 га газрыг хашсан. Тухайн талбайд Орчны бохирдлын үндэсний хорооны нэг бэрбум төгрөгийн санхүүжилтээр 2500 ширхэг мод тарьсан. Цаашид хогийн цэгийг ойжуулах чиглэлээр 1 га газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлнэ.

-Хот тохижуулах газар өөөдрийн байдлаар хотын автозамтай холбоотой ямар асуудлуудыг шийдвэрлэж байна вэ. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Орхон аймгийн хэмжээнд орон нутгийн чанартай 100 гаруй км автозамыг Хот тохижуулах газар ашиглагч байгууллагаар хариуцан ажилладаг. Эдгээр автозамын арчилт тордолгоо, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг манай байгууллага хийж байна. Зам талбайн үйлчлэгч нар маань автозамын цэвэрлэгээ үйлчилгээг гар ажиллагаатай, шүүрээр шүүрдэж байсан бол энэ оны хөрөнгө оруулалтаар хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж дээшлүүлэх хүрээнд 400 сая төгрөгийн үнэ бүхий автозамын цэвэрлэгээний 3 машин тавьж өгсөн. Хил, гаалийн асуудалтай холбоотойгоор хараахан хүлээж аваагүй байна. Цэвэрлэгээний машиныг ашиглалтад оруулснаар автозамын цэвэрлэгээ үйчилгээ, угаалга стандарт түвшин рүү орох боломж бүрдэж байгаа.

-Цас ороход л халтиргаа гулгааны асуудал хүдэрч, иргэдийг бухимдуулдаг шүү дээ. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэв?

-Хот тохижуулах газарт байдаг камаз автомашин маань халтиргаа гулгаанаас сэргийлдэг бодис, давсыг их хэмжээгээр цацдаг байсан. Манай ажилтнууд энэ онд инженерийн шийдэл гаргаж, бага оврын тоног төхөөрөмж санаачлан зохион бүтээснээр том автомашин болон портер дээрээс бодис, давсыг механик аргаар цацах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр цас орсны дараа автозамын халтиргаа гулгаатай холбоотой манай байгууллага болон иргэдийн санал гомдол хүлээн авдаг утсанд ирж байгаа гомдол санал эрс буурсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
1
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Рашаант багийн хог ачимаар б.а ачаагүй удаж удаж нэг төмөр сав тависан 2 айлын хураагдсан хог хийгээд л дүүрч б.а тэгээд л сураг алдарлаа

2023-01-23 02:55 | 43.242.243.155

2023-01-23 02:56 | 43.242.243.155

2023-01-23 02:56 | 43.242.243.155

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.