БИ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ БАЙМААР БАЙНА ДАРГА НАРАА ...

                  Монголчуудын “саалийн үнээ” гэгдэж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” хэмээх их айл эдүгээ 6000 гаруй ажилтантай. Соц нийгмийн үед тухайн үеийн ЗСБНХУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тэр ч утгаараа “орос ах” нар тодорхой жин дарж байсан бол сүүлийн жилүүдэд тэдний тоо тодорхой хэмжээгээр буурсан.            

                Өнгөрсөн жилд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн гээд бодвол тус үйлдвэр анх байгуулагдаж байхад хорин настай хонгор зүстэй, илгээлт өвөртлөн бууж байсан залуус эдүгээ насны цээжинд гарч, гавьяаныхаа амралтыг эдлэж сууна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсадын насны хувьд бас нэгэн цикль эргэж байгаа хэрэг. 2018 оны байдлаар нийт ажилчдын 60 гаруй хувийг идэр нас буюу 20-39 насны залуучууд эзэлж байгаа аж. Үүнээс эмэгтэйчүүд 30 хувийг эзэлж байна.  Уул уурхайн салбарт  ажиллагсадын хөдөлмөрийн нөхцөл бусад салбараас ялгаатай.

Өөрөөр хэлбэл хүнд, хөнгөн, хортой, хэвийн бус гэх мэтээр ангилдаг. Ерөнхийдөө их уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, нөгөө талаасаа унаж босч яваа эх орныхоо эдийн засгийн найдвартай байдлыг хангахын тулд энэ үйлдвэр тасралтгүй ажиллаж байна. Тасралтгүй ажиллуулж байгаа юм гэж хэлэх нь үнэнд бүр илүү ойртоно. Тиймийн тулд энэ үйлдвэрийн ажилтан ажиллагсад хот амарч байх шөнө дөлөөр ч ажиллаж л байдаг.  Үйлдвэрийг ажиллуулж буй ажилтнуудын эрүүл мэндийн байдалд бас ч үгүй анхаарч байна. Эрүүл мэндийн талаасаа тогтмол эрүүл зөв хооллолт дасгал хөдөлгөөн зэргийг шаардаж байдаг. Иймээс үйлдвэрийн ажилчдыг хөдөлгөөны дутагдалаас сэргийлэх чиглэлээр олон талын арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнээс гадна ажиллагсдын дунд нийгэм соёлын арга хэмжээнүүд их зохион байгуулагддаг. Гэвч тэр хэрээр үйлдвэрийн ажилтнуудыг гэр бүлдээ зарцуулах, гэр бүлтэйгаа хамт байх цаг улам бүр бага байдаг. Бодоод үзье. Эцэг эх нь үйлдвэрт хамт ажилладаг айл өрхийн хүүхэд багачуудын хүүхэд, тэдний хүмүүжлийн талаар ярьвал бас л нэг чухал сэдэв хөндөгдөнө.

Хүүхэд гэр бүлдээ хүмүүжиж, амьдралын олон зүйлийг зөвхөн эцэцг эхээсээ, гэр бүлдээ сурч авдаг. Чухам боловсролыг сургууль багш нараасаа авдаг бол “хүн болох” мөн чанараа гэр бүл эцэг эхээсээ сурч авдаг байна.Ингээд бодохоор хүнд, хүний амьдралд, ажил, мөнгө, хамт олноос илүүтэй нарийн нандин холбоо, итгэлцэл ойлголцол, эх үрсийн хайр, эцэг хүүгийн нандин харилцаа хамгаас чухал.  Үйлдвэрийн цех хэсэг бүрт жилийн хугацаанд төлөвлаж, зохион байгуулах уламжлалт тэмцээн, уралдаан, сургалт, семинар гэсэн ажлууд мундахгүй.Тухайн цехийн ажлын нөхцөлөөс шалтгаалан тэмцээн уралдаан бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтууд ч байнга явагддаг бөгөөд эдгээр нь ихэнхдээ амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг байх юм. Давхардсан тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн цех хэсгүүд жилд 300 гаруй арга хэмжээг чиглэл тус бүрээр зохион байгуулдаг байх юм.

Энд ихэвчлэн спортын арга хэмжээ, сургалт, урлаг соёлын арга хэмжээ багтаж байгаа ч чөлөөт гэсэн тодотголтой арга хэмжээнүүд цөөнгүй хувийг эзлэнэ.  Ажилтан нэг бүрийг хамруулдаггүй ч массаар нь аваад үзвэл нэг ажилтан жилдээ хэд хэдэн арга хэмжээнд заавал оролцох үүрэгтэй. Энэ нь хамт олныг нэгтгэсэн халуун дулаан уур амьсгалын бүрдүүлж, эрүүл мэндэд хэрэгтэй гэсэн зорилгыг агуулж байгаа ч  энэ бүхний ар талд ажиллагсдын гэр бүл ямагт орхигдож байдаг. Өөрөө хэлбэл аав нь эсвэл ээж нь эзгүй амралтын өдрүүдийг хүүхэд гэртээ ганцаардаж, заримдаа цоожтой хаалганы цаана атга жаахан зүрхэндээ ганцаардан өнгөрүүлдэг. Хүүхэд л бол хүүхэд зарим нь гадуур тэнэж, муу хүмүүст уруу татагдаж, нийгмийн харанхуй бараан ангал руу хальтран орсоор байна. Эсхүл хань нь эзгүй ханхай гэрийн хойморт хэзээ ирэхийг нь хүлээн залуухан эзэгтэй нялх үрээ хөхүүлэн үе үе хаалга руу харсаар өнжиж байна. Энэ бүхний тоолонд залуу хосуудын халуун дулаан сэтгэл аяга эмтрэх мэт бага багаар хагарсаар л байгаа ч юм бил үү? Амьдралын утга учир бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, алаг үрсийн хөгжөөнт инээд, халуун ам бүлээрээ шуугиж өнгөрүүлсэн жаргалтай өдрүүдийг л хэлдэг ажгуу.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн  6000 ажилтаны ард Эрдэнэт хотын 6000 айл өрх байна. Амралтын өдрүүдийг гэр бүлдээ зарцуулж чаддаггүйгээс болж ихэнх айлд хэрүүл, маргаан, үл ойлголцол, хардалт сэрдэлт, үл итгэх байдал гарч, яваандаа  хамт олноо сонгох уу эсхүл гэр бүлээ сонгохуу гэх хүнд сонголттой тулдаг тухайгаа зарим залуус ярьдаг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ажилд ороод удаагүй байгаа  нэгэн залуу ийнхүү ярив. -Би үйлдвэрт аавынхаа оронд ажилд ороод 1 жил болох гэж байна. Шинэ орсон хүмүүс ер л бол заавал бүх арга хэмжээнд нь оролцох ёстой. Тийм болохоор зохион байгуулагдаж байгаа бараг л бүх арга хэмжээнд нь хамт олноо төлөөлөн оролцдог. Эхлээд хэцүү байсан. Гэр бүлийн маань хүн үүнийг ойлгохгүй. Дээр нь манайх шинэ хүнтэй болоод удаагүй байв. Сүүлдээ “Өнөөдөр ийм бэлтгэл, тийм тэмцээнтэй, сургалттай” гэж хэлж орохоос халширдаг болсон доо. Гэхдээ л “Заавал оролц. Оролцохгүй бол цалинтай чинь ярина” гэдэг болохоор яалт ч үгүй хэлсэн тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ. сургалт гээд бүх зүйлд нь явдаг. Уурхайчин багт  амьдардаг 6-р ангийн нэгэн сурагч  хүү ингэж ярьж байх юм. Манай аав ээж  хоёулаа “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Ээж өдрөөр ажилд гардаг. Харин Аав маань ээлжийн ажилтай. Ихэнх амралтын өдөрөөр аав ээж хоёр минь элдэв ажилтай тул гэртээ байдаггүй. Дүү бид хоёр л гэртээ үлддэг. Аав, ээжтэйгэ хамт гэр бүлээрээ өнгөрүүлдэг өдөр бүхэн хамгийн сайхан байдаг хэмээн ярив. Ажил яах вэ? Гэр бүлээ тэжээх хэрэгсэл л юм. Харин амьдрал хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол жинхэнэ амьдрал билээ.

Энэ бүхнийг дүгнээд хэлвэл Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчний хувьд ар гэр авааль гэргий аав ээжээ  үр хүүхдээ сонгохуу...  Ажлын газрын арга хэмжээг сонгохуу ...гэдэг хүндхэн даваатай нүүр тулж амьдрах эсэхэд бодлогоо өөрчлөх цаг хэдийн иржээ.

 

Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

ugasa yag unen shde baliar yumnud bainga arga hemje neree arhiddag

eej

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.