Б.Батсүх : ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны баг манай аймагт ажиллана

          Сүрьеэ өвчний тархалт болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар нийгэм даяараа ярьж, хэлэлцэх болсон. Нийгмийг цочроосон, анхаарах зайлшгүй шаардлагатай болсон энэ өвчлөл Орхон аймгийн хэмжээнд хэр тархалттай байдаг талаар сонирхож, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ерөнхий эмч Б.Батсүхтэй ярилцлаа.

          - Сүрьеэгийн анхан шатны ойлголт юу байдаг вэ? Орхон аймагт өвчлөл ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Сүрьеэ өвчиныг 2 ангилдаг гэж сонссон энэ талаар - Сүрьеэ өвчний дэлхий нийтийн хандлагын тухай товчхон хэлэх нь зөв байх. ДЭМБ-аас Номхон далайн бүсийн 37 оронд явуулсан судалгаанаас харахад, тархалт өндөртэй 7 орны нэг нь Монгол улс. Манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөлийн зэргээр аймгуудаа ангилж үзсэн байдаг. Энэ ангиллаар сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 аймгийн тоонд Эрдэнэт хот багтсан. Ер нь газар нутаг бага, хүн амын төвлөрөл их, түр оршин суугч болон дайран өнгөрөгч олонтой газарт сүрьеэгийн тархалт, өвчлөл их байх магадлал өндөр. Мөн ажилгүйдэл, архидалт, хүн амын амьжиргааны түвшин, орчны нөхцөл байдал, хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маягтай холбогдох нь бий.

        - Сүрьеэгийн үзлэг, тандалтыг хэрхэн хийдэг вэ? Элэгний В, С вирусын үзлэг шинжилгээний нэгэн адил аян хэлбэрээр зохион байгуулах боломжтой юу?

- ДЭМБ-ын зөвлөмжид томоохон үзлэг хийх нь зардал их, үр дүн муутай, илрүүлгийн хувь бага гэж үздэг. Гэхдээ газар нутаг бага, төвлөрөл ихтэй манай аймгийн хувьд олныг хамарсан үзлэг хийх нь илүү үр дүнтэй гэж би хувьдаа харж байна. Улсын хэмжээнд жилдээ 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг 16-45 насны залуучууд эзэлж байх жишээтэй. Сүүлийн үед 16-аас доош насны хүүхдийн өвчлөл бүртгэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор долоон аймгийг хамарсан бүсийн сургалтыг өнгөрсөн гуравдугаар сард манай аймагт зохион байгууллаа. Орхон аймгийн хувьд энэ онд 40 шинэ тохиолдол илэрсэн. Эдгээрийн 25 нь уушигны хэлбэрийн сүрьеэ байснаас халдвартай 23, тээгч буюу халдваргүй 2 тохиолдол бүртгэгдсэн. Үлдсэн 15 нь бусад хэлбэрийн буюу булчирхай, нүдний гэх мэт сүрьеэ илэрсэн байгаа. 2019 оны байдлаар манай аймагт ясны сүрьеэ илрээгүй, өмнө илэрсэн хүмүүс маань эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна. Ер нь сүрьеэг эрт оношлох тусмаа эмчилгээтэй өвчин. Гэхдээ урт хугацаанд эмчлэгддэг тул өвчтөнөөс тэсвэр тэвчээр их шаарддаг. Мөн эмнэлгийн байгууллага, ар гэр, сэтгэл санааны дэмжлэг ихээхэн хэрэгтэй. Дээрх иргэдийн хувьд бүгд эмчийн хяналтанд орж, эмчилгээ хийлгээд эхэлсэн. Хүмүүс цээжний хөндий усжлаа, ус авахууллаа гээд ярьдаг. Энэ нь сүрьеэ байх магадлал өндөр.

          - Сүрьеэгийн шатлал гэж бий юу? Эмнэлэгийн эмч ажилтангуудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхэд ямар хариу гарсан бэ?

- Улсын хэмжээнд сүрьеэгийн салбар 505 эмч, ажилтантай. Гэтэл эдгээр ажилтны 85.3 хувь нь сүрьеэгийн халдвар авчихсан байдаг. Өнгөрсөн жил манай эмнэлэг эмч, ажиллагсдынхаа дунд сүрьеэгийн судалгаа хийхэд 50.3 хувь нь сүрьеэгийн халдвар авсан байгаа нь илэрсэн. Сүрьеэгээр өвчилсөн иргэдийг халдвартай, халдваргүй гэж хоёр ангилж болно. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь яваандаа сүрьеэгээр өвчлөх магадлалтай байдаг. Насан туршдаа өвчлөхгүй явах нь ч бий. Өөрөөр хэлбэл, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш юм. Тиймээс хүмүүс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн сүрьеэгийн хувьд саяхан Улаанбаатар хотын нэг сургууль дээр үзлэг шинжилгээ хийхэд хүүхдүүдийн дийлэнх нь сүрьеэтэй гарсан байна. Энэ нь халдвар авсан гэсэн болохоос өвчилсөн гэж зарлаагүй юм шүү. Хэрэв магадлалтай байвал шинжилгээ өгөх нь илүү найдвартай. Иргэд дор бүрнээ шинж тэмдгийг ажиглах боломжтой тул анхаарч байвал зүгээр. Шалгаангүйгээр 14-өөс дээш хоногоор ханиалгах, халуурах, ядрах, хөлрөх, биеийн жин буурах, цустай цэр гарах зэрэг нь анхан шатны илрүүлэг болдог. Ийм тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

        -  Өвчлөлийг бууруулахад бид ямар алхмууд хийх хэрэгтэй вэ?Нэн шаардлагатай тулгамдсан асуудал мөн боловсон хүчний нөөц хир хангагдсан бэ?

- Сүрьеэ өвчнийг илрүүлэхэд нэн түрүүнд хүн хүчний асуудлаа сайжруулах нь чухал байна. Улсын хэмжээнд сүрьеэгийн салбар нь хүн хүч, орон тооны хомсдолтой. Батлагдсан орон тоондоо ч хангалттай ажиллаж чадахгүй байна. Ийм байдал манай аймагт ч бий. Орон тоо, төсвийн асуудлыг бодлого боловсруулдаг түвшнийхэн буюу Эрүүл мэндийн яам шийдвэрлэнэ. Бид сүүлийн хоёр жил дараалан, “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн” дээр энэ асуудлаа тодорхой саналтай нь тавьж байгаа. Манай улс социализмын үед сүрьеэгийн асуудалд ихээхэн анхаарч байсан. Тэр бүтцийг өнөөдөр бий болгож өгөөч гэсэн саналыг эмч нар тавьж байна. Эрүүл мэндийн яамнаас нааштай хариу өгч, манай аймагт эхний ээлжинд тоног төхөөрөмж олгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн ХӨСҮТ-өөс сүрьеэгийн тандалт судалгааны баг ирж манай аймагт ажиллахаар боллоо. Орон нутгийн удирдах шатны байгууллагууд энэ ажилд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай аймагт сүрьеэгийн дагнасан эмч шаардлагатай тэр ч үүднээсээ бид шинээр эмчийн орон тоог гарган 2 мэргэшсэн эмчтэй болоод байна

            - Хоол үйлдвэрлэлийн салбарт сүрьеэгээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Орон нутагт БОЭТ-тэй хамтран ажилладаг байгууллагуудыг нэрлэвэл?

- Эрүүл мэндийн яамны сайдын тушаалд СӨБ-ын байгууллагын багш, ажилчид болон хоол үйлдвэрлэлийн салбарынхныг хагас жил тутамд сүрьеэ болон бусад дөрвөн төрлийн эмгэгийн үзлэг шинжилгээнд хамруулах тухай заасан. Тухайн ажилтан үзлэгт хамрагдаагүй, хуурамчаар материал бүрдүүлэн өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Сүрьеэтэй тэмцэх асуудал нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш. Иргэд, өрх бүр, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоотой байснаар үр дүн нь илүү гарах юм. Эрүүл мэндийн байгууллага мэргэжил аргазүйн үүднээс дэмжиж, сургууль цэцэрлэгийн эмч, сум, багийн нийгмийн ажилтнууд хамтран идэвхитэй оролцох нь маш чухал. Таны ажилтан эрүүл байж, таны ажил амжилттай байна гэдгийг л хувийн хэвшлийн салбарын удирдлагууд ухамсарлаасай. Сүрьеэгээр өвчилсөн хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралын чанартаа сөрөг байдал бий болгодог. Энэ нь өрх гэр, байгууллагадаа хүндрэлтэй. Эмчилгээний өртөг зардал өндөр. Сүрьеэгийн оношилгоог төлбөргүй хийгээд байгаа харагддаг ч ардаа мөнгөн дүнгээрээ их тоо гардаг. Тиймээс зардал багатай гэж харж болохгүй.

           - Эрсдэлт бүлгийнхэн аль салбарт илүүтэй ажилладаг вэ?

- Ажилгүй, архидалттай, амьдралын нөхцөл муу байх зэрэг нь хамгийн их эрсдэл дагуулдаг. Социализмын үед цэргийн ангиуд болон шоронгийн хоригдлууд эрсдэлтэй бүлэгт хамаардаг байсан. Өнөө үед эрсдэлт бүлэг янз бүр бий. Үйлдвэрийн бүс нь хүнд, хортой нөхцөлд тооцогддог. Хүний дархлааг сулруулах бүх хүчин зүйл тэнд бий. Тиймээс ч ХАБЭА-н тухай хуулийг чанд мөрдөх шаардлага гарсаар байгаа. Харин хувь хүнтэй холбоотойгоор ямар өвчлөлтэй хүмүүс сүрьеэгээр илүүтэй өвчилж болох вэ гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнд ХДХВ-ээр өвчилсөн, чихрийн шижинтэй, орон гэргүй, асрамжийн газар байгаа хүмүүс нь эрсдэлт бүлэгт хамаарах жишээтэй. Уушигны хэлбэрийн сүрьеэ агаар дуслаар хүнд халдварлах магадлалтай ч энэ нь халдвартай, халдваргүй гэж дотроо ялгаа бий. Халдвартай сүрьеэтэй хүнтэй хамт ажиллаад сүрьеэ тусна гэх айдастай хүн олон байдаг. Би нэг л зүйл хэлье. Өвчлөл нь илэрсэн хүнээс бүү сэжиглэ, илрээгүй далд сүрьеэгээс сэргийлж, хамтдаа эрт илрүүлэх арга замыг эрэлхийлцгээе. Сүрьеэ өвчины улмаас нэг өрх айлын санхүүгийн 70 хувийг зөвхөн эм тарианд зарцуулдаг Олон сар жилээр эм уудаг тул хүний биед ялангуяа элэгний үйл ажиллагаанд ихээр нөлөөлдөг

Ярилцсан  Д.Болормаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Heze irj uzleg hiih be

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.