ХӨДӨЛГӨӨНТ ШАТАР ХЭМЭЭГДДЭГ ГАЗРЫН ТЕННИС МАНАЙ АЙМАГТ ХӨГЖИЖ БАЙНА

Газрын теннисний “эцэг” гэж нэрлэх боломжтой улсууд эртний Египет, Хятадаас эхлүүлээд XI зууны Франц гээд нэжгээд бий. Гэхдээ одоо мөрдөж буй дүрмийн эхлэлийг тавьж, анхны албан ёсны тэмцээнүүдийг Уэльсд зохиож эхэлсэн хүн нь Английн армийн хошууч Вальтер Клоптон Уингфилд гэгч бөгөөд эртний Грекийн ард түмний наадмаас санаагаа авсан гээд одоо бид бүхний мэддэг болсон газрын теннисийг 1873 онд анх зохиож эхэлжээ. Теннис анх хөгжихдөө Англиас илүү Францад нэр хүндтэй байсан тул ихэнх үг хэллэг нь тэр улсын дуудлагаар нэрлэгдсэн гэх. Теннис буюу францаар tenez (tenir) гэдэг үг нь “бариарай” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бөмбөг давуулах үед нь “бариарай” гэж хашгирдаг байж. Ракетка хэмээх үг нь Францын “raquette” гэсэн үгнээс гаралтай. Харин энэ франц үг өөрөө Арабын “rakhat” буюу “гарын алга” гэсэн үгнээс үүдэлтэй ажээ. Оноо тэнцсэн үед хэлдэг deuce (тэнцүү) гэх дуудлага мөн л Францын «a deux le jeu» буюу “тоглолтын оноо тэнцүү” гэсэн үг гэнэ. Газрын теннист оноог их сонин өгдөг. Бусад тоогоор тооцож тоглодог спортод оноог өгөхдөө нэг юм уу хоёр гэж оноог нэмж, хасч өгдөг бол газрын теннист шууд л 15, 30, 40 гэсэн оноонууд өгч ялалтыг олгодог. Оноог ийм тоогоор өгөх болсон түүх бас л сонирхолтой. Франц, Герман хувилбараар бол эдгээр тоонууд нь зоостой холбоотой, оноо авах болгонд нь задгай зоос тавьдаг байсан гэдэг бол англичууд их буутай холбодог. Тэдний бичдэгээр бол Английн хөлөг онгоцууд ялалтын буудлага хийхдээ эхлээд 15 футын их буугаар дараа нь 30 футын их буугаар эцэст нь 40 футын диаметртэй ам бүхий их буугаар ялалтаа зарладаг байсан тул үүнээс үүдэлтэй гэж бичдэг. Газрын теннисийг 26 ярд (23,78 м)-ийн урттай, есөн ярд (8,23 м)-ийн өргөнтэй тэгш өнцөгт талбайд ганцаарчилсан төрлийнхөн, 12 ярд (10,97 м)-ийн өргөнтэйд нь хос төрлийн теннисчид тоглодог. Теннис анх үүсэхдээ л “зөвхөн баячуудын” гэсэн тодотголтой байсан бөгөөд тоглох, суралцахад хөрөнгө мөнгө шаарддаг спорт. Өнөөдөр Олон улсын газрын теннисний холбооны тугийн дор жилдээ 150 орчим тэмцээн дэлхийн 37 улсад зохиогдож байна. “Хөдөлгөөнт шатар” хэмээгддэг энэ спорт Монголд хөгжөөд 20 гаруй жил болжээ. Талбайн теннис тоглосноор та цагт 450 калори шатаахаас гадна тогтмол хичээллэх юм бол цусны даралт, чихрийн шижин, хэт таргалалтаас сэргийлж чадна. Энэхүү спорт нь таны гол булчингууд болох гар болон нурууны булчинг хөгжүүлнэ. Мөн биеийн уян хатан чанарыг сайжруулдаг байна. Манай аймагт ч мөн энэ спорт хөгжиж байгаа бөгөөд газрын теннис тоглох, сурах сонирхолтой 5-аас дээш насны бүх хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан анхан болон дунд шатны сургалт хичээллэж байна. Хичээлийг Улаанбаатар хотоос спортын мастер itf a level coach зэрэгтэй багш зааж байгаа аж. “Хангарьд” клубын өмнөх зүүн талын талбайн теннисний кортонд хичээллэж байна. Шаардлагатай ракет болон бөмбөгийг цаанаас гарган хичээллүүлж байгаа аж. Хичээллэхийг сонирхсон иргэд биед эвтэйхэн хувцас, пүүзтэйгээ л очиход болох ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.