“Ус, цахилгаан дулааны төлбөр яагаад нэмэгдчихэв ээ”

 “Ус, цахилгааны төлбөр яагаад нэмэгдчихэв ээ” гэсэн асуултын  “Хариулт нь “цаанаасаа” гэсэн тодотголтой.  Энэ үгийг нарийн тайлбар дагалдаж байгаа ч  хэрэглэгч бүрт таниулах нь чирэгдэл, зардал шаардах ажил  Гэхдээ асуудал нь тайлбар тавьж, танилцуулах үйлчилгээндээ бус юм. Гол нь энэ он гараад цахилгаан, цэвэр усны үнэ яагаад нэмэгдсэн бэ гэдэгт байгаа юм. Бүр нарийвчилбал хэдэн төгрөгөөр нэмэх шаардлага хаанаас гарч ирсэн юм бэ?

Цахилгааны үнийг эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Тус байгууллага өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргаж төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгожээ. Мөн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нэг өрхийн цахилгааны дундаж хэрэглээг 220 квт/цаг гэж үздэг бөгөөд 12 төгрөгийн нэмэгдлээр тооцвол нэг өрх жилдээ 31.6 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт нэмж тушаах болж байна. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт 10.5 мянга, суурь үйлчилгээний хөлс хоёр мянга, телевизийн хураамж 1200 төгрөг гээд жилдээ 80.4 мянган төгрөгийг хэрэглэсэн цахилгааны үнээсээ гадна төлөх болжээ

Өрхийн хэрэглээнд ийм хэмжээний зардал нэмэгдсэнийг одоогоор тооцож эсэргүүцсэн хүн алга. Уул уурхай эрхлэгчдээс авах цахилгааны төлбөрийг нэмээгүй атлаа өрхийн хэрэглээний цахилгааны үнийг нэмсэн нь Яагаад гэсэн асуултанд хариулт нэхэх нь зүй юм.

Эрчим хүчний зохицуулах хороо ААН-ээс авах цахилгааны төлбөрийг ч энгийн, өдөр, орой, шөнө ялгалгүй квт/цаг тутамд нь 12 төгрөгөөр нэмсэн.  Энэ нэмэгдэл үйлдвэрлэгчдэд нөлөөлөх нь дамжиггүй. Сарын орлогоосоо хэдэн саяар нь цахилгааны төлбөрт өгдөг компаниудад квт/цаг тутмын 12 төгрөгийн нэмэгдэл гэдэг шууд нөлөөлөхөөс гадна овоо хэмжээний төлбөр гарна гэсэн үг. Мэдээж энэ нэмэгдэл төлбөрийг бүтээгдэхүүний үнэд шингээж, худалдан авагчаас гаргуулж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр эцсийн бүлэгт ААН-ийн цахилгааны үнийн нэмэгдэл таны, миний халааснаас гарч байна гэсэн үг.

Эрчим хүчний зохицуулах хорооноо с цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг тодруулахад нүүрсний үнэ 40 хувиар нэмэгдсэн, валютын ханш, импортын цахилгаан, ашиглалтын хөлс 30 хувиар өссөн учир үнэ нэмэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг өглөө. Тус байгууллагын үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болорэрдэнэ хэлэхдээ “Дээрх олон хүчин зүйлээс гадна Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үнэ нэмэх шалтгаан үүссэн. УИХ-аас 2007 онд тус хуулийг батлахдаа нарнаас гаргаж авч буй нэг квт/ цаг эрчим хүчийг 18, салхиныхыг 9.5 америк центээр тооцож эх үүсвэрээс худалдан авахаар тогтоосон.

Энэ нь одоогийн валютын ханшаар тооцвол 480 төгрөг болж байгаа. Гэтэл нэгж хэрэглэгчид нийлүүлж буй цахилгааны дундаж үнэ квт/цаг тутамд 158 төгрөг байгаа нь алдагдалтай байгаа. Үнийн зөрүүг нөхөх зорилгоор үе шаттайгаар цахилгааны үнэ нэмэх хуультай. Манай байгууллага 2015 оноос хойш цахилгааны үнийг нэмээгүй байсан учир өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан алдагдал үнэ нэмэх шалтгаан болсон” гэж хариуллаа.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл цэвэр, бохир усны үнийг тогтоодог. Эднийх мөн л өнгөрсөн тавдугаар сард усны үнийг огцом нэмсэн. Тухайлбал, айл өрхийн нэг куб цэвэр, бохир усны төлбөр 200, жижиг үйлдвэрлэл, албан байгууллагынх 380, архи, пиво, ундаа үйлдвэрлэл, автомашин угаалга 440, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр 450 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийн нэмэх болсон шалтгааны 20 хувь нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой гэв. Эрдэнэт хотын хэрэглэгчдийн хувьд ундны усны гол ханган нийлүүлэгч  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  тус үйлдвэрийн зүгээс өнгөрсөн 7-р сараас эхлэн усны үнэд өөрчлөлт оруулан цэвэр бохир усны үнийг тус бүрт нь 100-150 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Ингэснээр Эрдэнэтийн ард иргэдийн хувьд усны үнийн нэмэгдэл цахилгаан эрчим хүчний,дулаан халаалтын үнийн зөрүү зэргээс хамааран төлбөр харьцангуй хувиар өсчээ.

Цахилгааны үнийн нэмэгдлээс гадна дулааны үнэ өнгөрөгч 6-р сарын 1 ний өдрөөс 10 хувиар нэмэгдсэн уг үнийн нэмэгдэл 9-р сарын 15 наас эхлэх дулаан халаалтаар хангах явцад мөн давхар тооцогдох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

arail yumaa neg uglu serehed une nemsn

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.