ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно.

 

2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.

 

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна.

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

 

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна.

 

Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. 

Сошиалд нэр бүхий хүмүүс ургамлын гаралтай мансууруулах бодисыг хориглохыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Ургамлын гаралтай мансууруулах бодисыг манай улсад хориглодог. Тиймээс ийм яриа гаргаж, хүүхэд залуусыг уриалж, турхираад байгаа хүмүүстэй цагдаагийн байгууллага хатуу тэмцэнэ.

Манай улсын 45 иргэн гадны улс орнуудад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Нэг нь Словак улсад, 44 нь БНХАУ-д ял эдэлж байгаа" гэлээ. 

Цагдаагийн байгууллагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээг бууруулах, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд анхаарч, "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг гаргаж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгохыг уриалж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Төрийн байгууллага болон хувийн компаниуд мансууруулах бодисын сорьц тавих шинжилгээг хэвшил болгосноор энэ төрлийн бодис хэрэглэдэг хүн үндэсний томоохон компаниуд болон төрийн байгууллагад ажиллах боломжгүй болох юм.

Хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн байгууллагаас дэвшүүлж буй "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг танилцууллаа.

 

                                                                                                УРИАЛГА

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.

Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

 

                                                 Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ