“Хамгийн сайхан бэлэг” хандивын аян өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын залуу гэр бүлд тохиосон хүнд үеийг хамтдаа туулж, сэтгэлийн дэм өгөхөөр олон мянган аав ээжүүд аянд нэгдсэн. Хүүгийнхээ өвчинтэй тэмцэж, түүнийг даван туулахаар сэтгэлийн их хат гаргаж яваа Билигт хүүгийн ээж Э.Болортуяад зорилго, мөрөөдөл их. Тэрээр энэ төрлийн өвчнөөс үүдэн насаараа хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгдэхээр болоод байгаа Монголынхоо мянга мянган бяцхан зүрхийг баярлуулах хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулж байна. Хэрэв хүү нь эрүүл саруул болоод ирвэл тэр олон хүүхдэд боломж байдгийг харуулна гэх. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Хүүгийнхээ өвчний талаар хэзээ мэдсэн бэ?

- Хүүгээ нэг нас 8 сартайгаас нь саажилттай гэдгийг нь мэдсэн. Түүнээс өмнө өөрөө бие даан алхаж чаддаг, хэвийн байсан. Хоёр нас 6 сартайгаасаа хөл дээрээ зогсох чадвараа бүрэн алдсан. Тухайн үед физик эмчилгээнээс өөр гарц байгаагүй. Хүүгээ хоёр нас 5 сартай байх үед ЭМШУИС-ийн хажуугаар явж байгаад “Эрхэс” эмнэлэг дээр Монголд анх удаа солонгосын эмчилгээ орж ирснийг дуулсан. Тухайн үед тарианы үнэ 500-600 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо төсөлд хамрагдан 120 мянган төгрөгөөр тариагаа хийлгэж байна. Тарианы нөлөөгөөр 2 нас 9 сартайгаасаа 1, 2 алхдаг болсон. Түүнээс хойш хоёр жил хагасын хугацаанд нэг ч өдөр алгасалгүйгээр хүүгээ физик эмчилгээнд хамруулж чадсанаар өнөөдөр тодорхой зайнд биеэ даагаад явах чадвартай болгосон. Энэ бол маш том амжилт гэж бодож байна.

- Үеийнхээ хүүхдүүдийн адилаар гишгэж, гүйж чадахгүйг нь анх сонсоход хэцүү байсан байх. Өнөөдрийг хүртэл өөрийгөө ялан дийлэхэд хамгийн их хүч өгсөн зүйл юу вэ?

- Эхний үед хүнд байдаг юм билээ. Дөнгөж сургуулиа төгсөн залуу хүмүүс ажилгүй, хүүхэд нь ийм асуудалтай тулгарахад сэтгэлийн тэвчээр маш их шаардсан. Хүүхдийнхээ эрүүл мэнд, санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж, хагас жилийн турш хүнд байсан. Эмнэлэг хүлээж авсан ч физик эмчилгээг ямар ч нэмэргүй л гэж хэлнэ. Эх нялхасын төвд цаг авахад 7 хоногийн цаг олдоно. Их өвддөг болохоор хүү маань их уйлна. Уйлахаар нь эмч нар эмчилгээг нь дутуу хагас хийгээд явуулчихна. Бид хоёр мөнгө муутай байсан болохоор хувийн эмнэлэгт очиж чаддаггүй байсан. Хүүхдийн төв сувилалд 10 хоног хэвтэнэ, түүнээс цааш хэвтүүлэхгүй. Мөнгөгүй болохоор эмчилгээ тасрах, хугацаа алдах, түүнээс хамаарч биеийн байдал нь муудах гээд олон асуудал тулгардаг байсан.

- Саажилттай хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг. Өмнө нь хандивын аян олонтаа харж, оролцож байсан байх. Яг өөрийн амьдрал дээр ийм зүйл тохиоход нөхцөл байдал ямар байв?

- Монголын нөхцөлд хүүхдээ эмчлүүлэхээр тэврээд явж байгаа ээж, аавуудад ямар бэрхшээл тулгарч байна вэ? -Бид хоёр оюутан байхдаа Сайн үйлсийн аянд оролцдог байсан. Гэхдээ өөрийн амьдрал дээр тулаад ирэхийн цагт бид юу ч мэддэггүй байснаа л хамгийн ихээр ойлгосон. Хүн өөр дээрээ ийм зовлон үзээгүй цагт мянгантаа “Эвий дээ” гэж хэлэхээс хэтэрдэггүй, ойлгодоггүй, анзаардаггүй юм байна. Одоо ээж аавуудын зовлонг үнэн голоосоо ойлгодог болсон. Яаж энэ хүүхдэд туслах вэ, би юу хийж чадвал энэ ээжид бага ч болов туслах бол гэж их боддог. 17 настай хүүгээ үүрээд өдөр бүр эмнэлэг дээр ирдэг ээж байна. Хүүхдээ эрүүл болгоно гээд 17 жил үүрч яваа ээжийг хараад надад шантрах эрх байхгүй гэж бодогддог. 4 жилийн турш хүүхдээ эрүүл болгоно гээд явж байгаа миний дэргэд 17 жил явж байгаа ээжийн сэтгэл ямар байгаа нь ойлгомжтой.

- Бид хоёр тусгай хэрэгцээт цэцэрлэг судалж байгаад 9-р сараас нь хүүгээ өгсөн. Тэнд байгаа дийлэнх хүүхдийн ээж ганц бие байсан. Цэцэрлэг 16:30 хүртэл ажиллана. Ээж нар өглөөд нь хүүхдээ тусгай хэрэгцээт цэцэрлэгт өгчихөөд өдрийн цагаар таксинд явдаг. Нэг л тогтсон замтай. Хэрэв тэр ээж мөнгө олохгүй бол хүүхдээ хэрхэн хооллох вэ гэсэн асуудал тулгарна. “Хүүхдээ цэцэрлэг дээр түр ч болов хоолтой, ундтай байлгасан нь дээр” гэж хэлэхийг нь сонсоход хэцүү л санагддаг. 2018 оны 11 дүгээр сард УИХ-аас шинэ хууль баталж, тусгай хэрэгцээт цэцэрлэгийн хүүхдийн насыг 6 болгосон. Энэ шийдвэр нь бидний хувьд үнэхээр харамсалтай шийдвэр байсан. Тухайн үед хүү маань 6 настай байсан үе. 7-8 настай хүүхдээс бүрдсэн бүтэн хоёр анги байсныг дээрх шийдвэрээр хааж, хүүхдүүд хаачих нь тодорхойгүй болсон. Тэднийг ердийн сургуулиуд авахгүй болохоор цоожтой хаалганы цаана үлдэх ганц сонголт л байна. Аав ээж нь ажил хийхийн тулд дагуулаад явахгүй шүү дээ.

- Хүүхдээ үүрч яваа ижил зовлонтой ээж нар олон байдаг. Гэхдээ ханьтайгаа хамтдаа энэ замаар алхаж яваа нь магадгүй бага ч болов урам өгдөг байх гэж бодож байна?

- Хамтдаа зүтгэж байгаа аав, ээжүүдийн хувьд нэгнийх нь ачаалал харьцангуй хөнгөн. Манай нөхрийн хувьд гурван ажил давхар хийдэг. Би хүүгээ харахын хажуугаар тусгай захиалгаар юм оёж, хүмүүст сургалт зөвлөгөө өгөх, хуримын зохион байгуулалт хийх гээд ажлуудаа амжуулдаг. Санхүүгийн хувьд эх үүсвэртэй, ямар нэг байдлаар мөнгөтэй залгаж байгаа болохоор хүүгээ эмчилгээг нь таслахгүй явуулж, зээлээ төлж болоод л байна. Гэтэл ийм боломжгүй эцэг эх ямар хэцүү байгаа бол. Ажил хийж чадахгүй явсаар тэтгэврийн нас нь болчихно. Бага тэтгэвэр тогтоолгочихоор тэр айл асаргааны мөнгөнөөс өөр орлогогүй болж байна. Хүүхдийнх нь эрүүл мэнд орхигдоно, цагтаа буухгүй асаргааны мөнгөнөөс болж өч төчнөөн асуудал үүсч байна.

- 130 сая төгрөгөөр АНУ-д хагалгаа хийлгэж хүүгээ хөл дээр нь бүрэн зогсоож, гүйдэг болно гэсэн сайхан мэдээ дуулаад “Хандивын аян” өрнүүлсэн байх. Нийгэмд ямар мэссэж хүргэхийг зорьж байна вэ? Хүмүүс хандив гэдэг үгийг олон сонсоод ирэхээр дөжирдөг бололтой?

- Манай гэр бүл энэ хагалгааг хожуу мэдсэндээ их харамссан. Тухайн хагалгаа нь Европын 10-аад оронд хийгддэг, саажилттай хүүхдийг 100 хувь эрүүл болгох эмчилгээ хийгээд 10-аад жил болж байгаа юм билээ. АНУ, Франц, Канад, Швейцарьт энэ төрлийн хагалгааг хийдэг ч бүгд 250 сая төгрөгийн үнэтэй байгааг судалж мэдсэн. Харин АНУ 2019 онд төсөл хэрэгжүүлж, уг үнийг 130 сая төгрөг болгож хямдруулсан. Бид энэ ондоо амжиж хагалгаа хийлгэхгүй бол бас л дараагийн боломжийг эрэлхийлэх, хайх хэрэгтэй болно. 12-р сард төлбөрөө 100 хувь хийсэн тохиолдолд цаг авах эрх үүсэх юм. Төлбөрөө эрт өгөх тусам бидэнд боломж их гарна л гэсэн үг. Гэхдээ эмнэлэгтэйгээ байнгын холбоотой, харьцаатай байгаа учраас боломж бий. Монголын хөгжлийн бэрхшээлтэй 13 мянган хүүхдийн 19,2 хувь нь хөдөлгөөний саажилттай. Эдгээр хүүхдэд 100 хувь эрүүл болох боломж байна. Хэрэв эмчлүүлж чадахгүй бол насаараа хөгжлийн бэрхшээлтэй явах болно. Насаараа халамж авна. Гэтэл насаараа авах халамжийн мөнгө нь хагалгааны мөнгөнд хүрэхээр байгаа юм. Ядаж тал мөнгийг нь өгчихвөл байгаа бүхнээ зараад тал мөнгөө босгох эцэг эхчүүд ч бий. Тэр хүүхдүүд эрүүл саруул болоод, бусад шиг гүйж харайх боломжтой. Бидний зүгээс нийгэмд хэлэх гээд байгаа нэг гол зүйл нь өөрийн хүүхдийг эмчлүүлэхээс гадна тэр хүмүүст боломж олгооч ээ гэсэн уриалгыг гаргахыг хүсч байна.

- Олон Улсын байгууллагууд тусламжийн гараа хэр сунгадаг бол?

- Дэлхийн зөн, Улаан загалмай, холбогдох төр засгийн олон байгууллагатай уулзсан. Гадны байгууллагууд хандив өгөөч гэсэн хүмүүст тусалдаг юм байна. Гэтэл манай Монголчууд хүүхдээ нь яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог учраас итгэл нь алдарчээ. Тэгээд нэг л зүйлийг хэлдэг. Та нар нэг бодит жишээ үзүүлчих. Үнэхээр тийм хагалгаа байгаад эдгэрээд ирсэн тохиолдол бид хараагүй. Эмч нар ч ийм мэдээлэл өгч байгаагүй. Хүү минь эдгээд ирвэл ар араасаа шийдэгдэх олон асуудал байна. Бид боломжийг нь харлаа, бодлогоор дэмжиж өгөөч гэсэн санал тавих болно. Мянга мянган хүүхдийг насаар нь эрүүл болгож, эцэг эхчүүдийн ачааг хөнгөлье. Танд ийм асуудал тулгараагүй ч ирээдүйд хэн нэгэн нь ийм байдалд орох магадлал бий. Ийм байдал гарлаа гэхэд эдгэдэг шүү гэсэн итгэл найдварыг тэр хүмүүст өгөх болно.

- Саажилтын оношийг юу гэж тайлбарладаг вэ?

- Шарлалтаас үүссэн саажилт гэж үздэг. Олон Улсын эмнэлгүүдэд материал явуулж үзсэн. Монгол улсад шарлалтаас үүссэн саажилттай хүүхдүүд сүүлийн жилүүдэд огцом өссөн тиймээс шарлалтыг эмчлэх арга барил өөрчлөгдөж эмч нар анхаарч эмчилгээний арга барил ч өөрчлөгдсөн. Гэтэл шарлалтын улмаас саажилттай болж үлдсэн бяцхан хүүхдүүдийн асуудал өнөөдөр хүнд байна. Надтай адил зовлон туулаад өдөр өдрийн нарыг тусламжийн гар харж өнгөрүүлж байгаа залуухан ээж нар бяцхан үрсүүд зөндөө бий. Тэд охиноо хүүгээ хэрхэн зовж байгааг өдөр бүр хором бүр мэдэрдэг. Эрүүл болох боломжгүй гэсэн хариу сонссон ээж аав нар яг үнэндээ шантарч эхэлдэг.Өр зүсэм амьдрал дунд яваа эмэгтэйчүүд зөндөө байдаг. Энгийн амьдралтай хүмүүсийн хувьд өглөө бүхэн өөрийн гэсэн онцлогтой эхэлдэг байх бидний нэг өдөр эрс тэрс нулимс өвдөлтөөр өнгөрдөг.

- Хамгийн сайхан бэлэг аянаа бусдаас хандив гуйх биш өөрсдийн хөдөлмөр шингэсэн ажлаар үргэлжүүлэх болсон нь олон нийт их баяртай хүлээж авсан. Бал зарах аян амжилттай юу? Хүүгээ асрахын хажуугаар энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?

- Нөхөр маань 2-3 ажил хийдэг маш их ядардаг тэглээ гээд өвдөх ядрах эрх бид 2 т байхгүй Хүнээс зүгээр туслаач гэж гуйх ямар нэгэн зүйл өгч авах 2 өөрөө ялгаатай зүйл тиймээс өөрсдийн хөлс хүч шингэсэн ажлыг хийхээр зорьсон. Нийгэмд нэг ч гэсэн эерэг зүйл хүргэж санаачлая гэсэн залуу хүний бодлоор шантрах эрхгүйгээр зүтгэж байна даа Зөвхөн бид л болж байвал болоо гэсэн өчүүхэн зорилго тээх гэсэнгүй ээ Саажилттай хүүхдээ яаж эрүүл болгох бэ? гэж өдөр бүр шаналал дунд амьдарч яваа гэр бүлүүдэд гэрэлтэй мэдээ хүргэх юмсан гэж дотроо битүүхэн залбирч бас мөрөөдөж явдаг даа Одоо балаа сайн борлуулаад хүүхдүүдэд хүргэчих юмсан гээд хичээж байна.Миний хүү эмчлэгдээд ирвэл би саажилттай хүүхдүүдэд туслах бүх гарцыг судлаж бас араас нь явна гэж боддог.

 

Хамгийн сайхан бэлэг аянд нэгдэж өөдөсхөн хүүд хөл дээрээ өөрийн дураар гүйж насан туршдаа аз жаргалтай инээх “”Эрүүл энхийг хамтдаа бэлэглэе”

                           Ярилцсан: Erdenetlife.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 4

  • Шинэ мэдээ