Д.ДҮГЭРМАА: “Сайн багшид өгчихсөн болохоор болж байгаа” гээд эцэг эхчүүдийн хараа хяналт сулардаг

 Орхон аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, 12 дугаар анги төгсөгчдөд тулгамддаг асуудал, эцэг эхчүүдийн харилцаа хандлагын талаар 5 дугаар сургуулийн Нийгмийн ухааны багш, АБТА, Зөвлөх багш Д.Дүгэрмаатай ярилцлаа.

-Таны хувьд боловсролын салбарт 30-аад жил ажилласан туршлагатай багш нарын нэг. Төрөөс олгож байгаа боловсролын системийн талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Би боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил 12 дугаар анги төгсгөнө. Анги даасан багшаар ажиллаад төгсгөсөн дөрөв дэх шавь нар минь болж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн жил бүр боловсролын системд шинэ зорилт гарч ирдэг. Энэ жилийн хувьд хүүхдийн мэргэжил сонголтын тал дээр эцэг эхчүүдтэйгээ зөвлөлдөж ажиллахыг гол зорилгоо болгосон.

-Ахлах анги төгсөгчдийн хувьд мэргэжил сонголт нь яах аргагүй чухал сэдэв. Ер нь 12 дугаар анги төгсөх хүүхэд, эцэг эх, багш гурав хэрхэн хамтран ажиллавал зохистой вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг ямар хичээлээр өгөх, алсдаа ямар мэргэжил эзэмших вэ гэдэг талаар хүүхдүүдийн мэдлэг мэдээлэл маш дутмаг явдаг. Энэ мэдээлэлгүй байдлаас үүдэн ЭЕШ-ын бэлтгэл нь хангалтгүй, хүссэн сургуульдаа орж чадахгүй байх нь элбэг.

Манай сургууль энэ сард ахлах ангийн эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа. Монголын зах зээл дээр ямар мэргэжил эрэлттэй байна, хүүхдүүд юу сонирхож байна, эцэг эхчүүд хэрхэн дэмжвэл зохистой талаар сургалт мэдээллийг хийсэн. Эцэг эхчүүдэд нийтлэг нэг алдаа ажиглагддаг. Тэр нь хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзалгүйгээр мэргэжил сонголтыг тулгадаг явдал юм. Мэргэжил сонголтод хүүхдийн чадвар, сонирхол чухал шүү дээ.

Хүүхдүүд мэргэжил сонголтын зөвлөгөө авсны дараа төөрөлдөх нь бий. Ингэж явсаар хичээлийн чиглэлээ олж чадалгүй хугацаа их алддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварыг сайн харгалзан үзэж, анхааралтай ярилцаж, ажиглаж байх хэрэгтэй. Хүүхдийн сонирхол янз бүр л дээ. Харилцааны, техникийн, ур чадвар шаардсан гээд тал бүрийн зүйл сонирхоно. Мөн сонирхол нь маш чухал. Хүүхэд өөрийн сонирхсон зүйлд илүү амжилт гаргадаг. Сонирхоогүй зүйлээсээ нэг л өдөр залхаж, үр дүнгүй болдог талтай.

Ахлах ангийн хүүхдүүдэд нэг зүйл ажиглагддаг. Гэр бүлийнхээ эдийн засгийн хэрэгцээг хангах үүднээс эцэг эхчүүд “ажил” гээд анхаарлаа хандуулчихдаг, хүүхдээ сонсдоггүй, мартчихдаг. Гэтэл хүүхдүүд өөрт тулгамдсан асуудлаа ярилцах, насанд хүрэгчдээс зөвлөгөө авах хүлээлт маш ихтэй байдаг. Би анги даасан багшийн хувьд аль болох хүүхүүдээ сонсохыг хичээдэг.

Санаа бодлоо ойлголцдог хүүхэд байхад бичгээр харилцдаг хүүхэд ч бий. Тиймээс өдөр бүр ярьж чаддаггүй юмаа гэхэд амралтын өдрөөр гэр бүлийн цаг гаргаж, тодорхой хугацааг хүүхэдтэйгээ өнгөрүүлбэл сайн байна. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ сонсоод ирвэл хүүхэд нээлттэй ярилцаж эхэлнэ. Ярилцах үедээ ямар чиглэлээр элсэлтийн шалгалт өгөх, бэлтгэл нь хангалттай эсэх талаар үзэл бодлыг нь хүндэтгэн сонсоорой.

-Эцэг эхчүүд боловсролоос гадна төлөвшсөн хүүхдийг эрдмийн өргөөнөөс олж авна гэсэн хүлээлттэй байдаг. Багшид даатгах хандлага ихтэй гэх үү дээ. Таныг 20 гаруй жилийн өмнө багш болоход нийгэм өөр байсан. Одоогийн шилжилтийн цаг үед бид хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хэрхэн хандах ёстой юм бол?

-Их юм мэддэг хүнийг хуучнаар мэдлэгтэй хүн гэж үздэг байсан. Одоо бол боловсролтой хүн гэдэг нэр томъёо түгээмэл болсон. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Мэдлэгтэй байхаас гадна амьдрах арга ухаантай, зөв хандлагатай хүнийг болосвролтой гэж үзээд байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварт суурилж, их мэдлэгтэй хүн болгоно гэхээс илүүтэй аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай, ямар ч нөхцөлд өөрийгөө зөв илэрхийлдэг, хүнд санаа бодлоо ойлгуулчихдаг болгох хэрэгтэй. Ийм хүн нийгэмд хөлөө олоод явчихна.

Сургууль төгсөөд гарч ирж байгаа хүүхдүүд, өөрийн төгсгөсөн ангийн хүүхдүүдтэйгээ ярилцаж байхад амьдрал дээрх хамгийн эхний шалгуур нь ажилд орох ярилцлага байдаг тухай тэд ярьдаг. Ийм төрлийн ярилцлага дээр өөрийгөө зөв, цэгцтэй ойлгуулж чаддаг, ярьдаг, зөв хандлага, хувийн зохион байгуулалт сайтай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг байвал байвал тэр нь хамгийн том шалгуур болоод байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ мэлээлэл өгч байна гээд олон газарт, олон цагаар давтлаганд явуулж, түүнийгээ хөрөнгө оуулалт хийчихлээ гэж ярьдаг.

Өнөөгийн нөхцөл байдал, цаг үед тэд өөр зүйл хүсээд байна. Хүмүүс биднийг ойлгоосой, тулгамдсан асуудалд минь туслаасай, чин сэтгэлээсээ хандаасай гэсэн эрэлт хэрэгцээг тэд хүсч байна. Түүнийг нь эцэг эхчүүд, сургуулийн байгууллага, багш тодорхой хэмжээгээр хангаад өгчихвөл эцсийн үр дүн нь эерэгээр гарна гэж боддог.  

-Төгсөх ангийн хүүхдүүд багштайгаа ямар сэдвээр түлхүү ярилцдаг вэ? Тэд ямар мэргэжилтэй болохыг хүсч, нийгмийн юунд шүүмжлэлтэй хандаж байна  вэ?

-Төгсөх ангийнхны багшаасаа асуудаг гол зүйл нь мэргэжил сонголт болоод байгаа. Өөрөөр хэлбэл тэдний тулгамдсан асуудал болчихсон. Тиймээс ч энэ талаар байнга асууж, ярьж, зөвлөдөг болсон. Манай анги нийгмийн ухааны сонгоны анги. Эдгээр хүүхдүүдийн түлхүү сонгодог чиглэл нь хуульч, өмгөөлөгч, эрхзүйч, социологич, сэтгэл судлаач мэргэжил байдаг. Хүүхдийг чиглүүлэх талаас нь уулзаж ярилцлага хийх, яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гээд ярилцах нь чухал санагддаг.

Манайх мэргэжил сонголтын тал дээр зарим байгууллагаар танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сонгосон мэргэжил сонголтондоо эргэлзэх байдал гарч байна. Оюутнуудтайгаа ихээхэн холбоотой ажилладаг. Их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудаа амралтаар ирсэн үеэр нь уулзаж, тухайн сонгосон мэргэжлийнх нь сайхан муухайг ярилцдаг. Эцэг эхчүүд, багш нар илүү сонсвол бидний тулгамдсан асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ гэж тэд ярьдаг.

-Хичээлийн чанар муудлаа, сайн багшид хүүхдээ өгье гэсэн өрөөсгөл ойлголт эцэг эхчүүдийн дунд түгээмэл байдаг. Та үүнд ямар байр суурьтай явдаг вэ?

-Манай сургуулийн хувьд хүүхдэд ээлтэй. Дотоод сэтгэлээ нээлттэй хэлэх нөхцөл боломжоор хангадаг. Энэ нь элсэлтийн шалгатанд амжилттай оролцох эх үндэс юм. Багш нар мэргэжил, аргазүйн хувьд зөвлөгөө өгөх ёстой. Энэ хичээлийг сонгосон нь зөв үү, буруу юу гэдгийг багш нартай уулзаж асуух хэрэгтэй болдог.

-Эрдэнэт хот ЭЕШ-ын дүнгээр баян ходоодонд ороод байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Орхон аймаг ЭЕШ-нд хангалтгүй дүн үзүүлсэн, өмнөх жилээс үзүүлэлт нь буурсан гэж яриад байна. Энд тайлбарлах шаардлагатай нэг зүйл бий. Хүүхэд 10 дугаар ангид ороод хичээл сонголтоо хийдэг. Тухайн хичээл сонголтоо зөв хийж, хичээлдээ анхаарал хандуулж, эцэг эхчүүд нь хяналт тавьдаг бол шалгалтын дүн тогтвортой гарах боломжтой. Гэтэл ээж аавууд нь хүүхдээ математикийн гүнзгийд оруулна гээд зүтгэчихдэг. Чадвар, түвшин нь бусдаасаа өөр байгааг ер бодолцож үздэггүй. Зарим хүүхэд найзыгаа дагаад математик, байгалийн ухааны чиглэлээс зугтааж, нийгмийн ангид орох тохиолдол байна.

Гэтэл нийгмийн чиглэлийн хуваарь манай аймагт маш цөөн ирдэг нь бас нэг асуудал юм. Эндээс дүгнээд хэлэхэд, мэргэжил сонголтын ойлголт дутуу байгаа нь ЭЕШ-аар тааруухан дүн үзүүлэхэд нөлөөлж байна. Нөгөө талаас “Сайн багшид өгчихсөн болохоор болж байгаа” гээд эцэг эхчүүдийн хараа хяналт сулардаг талтай. Анхнаасаа хичээлээ зөв сонгож, гурван жилийн турш нэг замаар тууштай явсан хүүхэд муу оноо авах ёсгүй.

Ингээд бодохоор ЭЕШ-ын дүнд нөлөөлөх гол зүйл нь мэргэжил сонголт болоод байна гэж боддог. Тиймээс ч энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэх, орон нутагтаа дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай гэдэгт санал нэг байна.  

 

   

Ярилцсан:Erdenetlife.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.